Биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрөх бололтой
бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвдөгсдийн 21.9 хувь нь эм ууж өөрийгөө эмчлэн өвчнөө архагшуулдаг аж. Манай хүмүүст халдвараас өөрийгөө хамгаалах зан үйл төлөвшиж өгөхгүй байна гэж Ж.Алтантуяа дүгнэв. Бэлгэвчний хэрэглээг харуулсан тоо ч ийм дүгнэлтийг лавшруулах вий. Бэлгэвч хэрэглэхийг зөвлөсөн сурталчилгаагаар үргэлж нүдүүлж байдаг ч хүн амын 23-30 хувь нь л аюулгүй сексддэг аж. Дээр нь бас өвөр султай. Тандалт судалгаанд хамрагдагчдын 52 хувь нь нэгээс гурван амрагтай байжээ. Жилдээ 20 хүнтэй энгэр зөрүүлж, дээд амжилт тогтоОгсод ч бий. Халдвараас өөрийгөө хамгаалах зан үйл төлөвшиж өгөхгүй байгаа хүн амын дунд ДОХ-ын есөн тохиолдол илэрсэн нь Ерөнхий сайдыг түргэн авахуулжээ. Өчигдөр Засгийн газрын тэргүүн ДОХ-ын шинжилгээ авч, өгөх явцыг нүдээрээ харж, ДОХ-ын вирус илрүүлэх лабораторитой танилцав.
-Өчигдөр 64 хүн үзүүлсэн, сүүлийн үед ачаалал нэмэгдэж байгаа гэж Улаан тууз эмнэлгийн эмч Ерөнхий сайдад илтгэнэ лээ. Монголчууд ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар гэх мэт хаягтай өрөөний үүдэнд суухаас яс нь хавталздаг тул үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бий болгож, Улаан тууз гэх мэтийн гэм хоргүй нэрүүд бодож олжээ. Шинжилгээ өгөхийг хүссэн ч ДОХ-ын төвд очиж байгаагаа бусдад харуулахыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулж дуудлагаар шинжилгээ авах болжээ. 458787 гэсэн утсаар дуудлага өгөөрэй. Зарим хүн буудалд буугаад биднийг дууддаг гэж ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүү ярьсан. Эндхийн ДОХ-ын вирус илрүүлэх лабораторид япон, солонгос оношлуураар цагийн дотор шинжилгээ хийж, зургаан цагт багтаан түүнийгээ баталгаажуулдаг гэв. Ерөнхий сайдын тэргүүлдэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн хуралдааны сэдэв нь ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тархалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал.
-Бусад орны туршлагаас харахад ДОХ-ын тохиолдол тодорхой түвшинд хүрээд гэнэт олноор илрэх нь ажиглагдаж байна. Есөн тохиолдол гэдэг Монголд хангалттай олон тоо гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэллээ. ДОХ-ыг хазаарлах хамгийн энгийн бөгөөд өртөг багатай арга гэж мэргэжилтнүүдийн танилцуулсан 100 хувийн бэлгэвч хөтөлбөр-ийн тухай тэр сонсоод, бисэ үнэлэхийг хориглосон хуулийн заалтыг өөрчлөх замаар тэднийг бүртгэдэг, хяналт тавьдаг аргад шилжье гэсэн санаа хэлж байв. Монголд илэрсэн ДОХ-ын есөн тохиолдол бүгд бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогджээ. Бэлгийн замын халдварыг голчлон бисэ үнэлэгчдээс авдаг гэсэн тайландчуудын судалгааны дүнг үндэслэн мэргэжилтнүүд дүгнэж байлаа. Бисэ үнэлэгчдэд толгой дараалуулан бэлгэвч хэрэглүүлэх замаар таван сая хүнийг ДОХ-ын халдвар авахаас сэргийлж чадсан гэж Таиландын Ерөнхий сайд өгүүлсэн аж. 100 хувийн бэлгэвч хөтөлбөр Дархан, Улаанбаатар, Сэлэнгэ, Хөвсгөлд хэрэгжиж байна. Уг зөвлөлийн хуралдааны дүнд зөвлөмж гаргаж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид Садар самуунтай тэмцэх хууль-д өөрчлөлт оруулахыг даалгах болов. ЭМЯ, ДОХ-той тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудтай хамтран ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн Ерөнхий сайд үзжээ. Бисэ үнэлэхийг хуулиар хориглосон учраас цагдаа, бисэ үнэлэгчид муур, нохой болж хөөцөлддөг үе байсан билээ. Цүнхнээс нь бэлгэвч гарсан тохиолдолд цагдаа нар бисэ үнэлэгч гэж саатуулдаг байсан нь ДОХ, бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэхэд сөргөөр нөлөөлж байна гэж ДОХ-ын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд дүгнэлт хийж, цагдаа нарын тархийг угааж эхэлснээр тэд асуудалд арай уян хатан хандах болсон юм билээ. Ж.Алтантуяа Бид ДОХ-той тэмцэх хуультай, стратегитай, хөтөлбөртэй гэж хэлсэн. ДОХ-ын эмчилгээ, оношлогооны стратеги байнга өөрчлөгдөж байдаг учир 96 удаагийн сургалтад 5000 эмч, мэргэжилтнүүдийг хамруулжээ. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, ДОХ-ын шинжилгээний лабораторитой болж, хүнээ сургасан гэж тэр тайлбарлав. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Энхбат ДОХ-оос сэргийлэх А, В, С-гийн зарчмыг танилцуулсан. А нь англиар бэлгийн харьцаанд орохгүй бол халдвар авахгүй гэсэн утгатай үг. В- нь бэлгийн нэг хавьтагчдаа үнэнч байхыг, С- нь кондом хэрэглэж халдвар авахаас сэргийлнэ гэсэн санааг илтгэжээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ. ДОХ ханиад шиг дамжихгүй. Хувь хүнээс өөрөөс нь хамаарна гэж Ц.Элбэгдорж бас сануулж байлаа.
Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-04-22 098)