А.Ганбаатар Манай сумочид Монголоо сурталчилсан нь шуугиан дэгдээсэн.
-Японы Айчи мужийн Экспо -2005 үзэсгэлэнд та оролцоод ирсэн. Бусад улс орон уг үзэсгэлэнд их ач холбогдол өгч байгаа. Харин манай улс ямархуу байдалтай оролцож байна вэ?
-Экспо-2005 олон улсын үзэсгэлэн гуравдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн. Манай улсын хувьд энэ үзэсгэлэнд оролцох асуудлыг зохион байгуулах арга хэмжээ ялимгүй будлиантай байлаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, эсвэл Үйлдвэр худалдааны яам энэ эрхийг авах уу гэдэг нь тодорхойгүй байсан хэрэг л дээ. Харин өнөөдөр Ерөнхий сайдын захирамж гарч Экспо-2005 -ийн ерөнхий зохион байгуулах комиссын даргаар ҮХЯ-ны сайд С.Батболд ажиллаж байна. Танхим зөвхөн аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлахад оролцохоор болсон.
Манай комиссын зүгээс энэ сарын 4-нд аялал жуулчлалын өдөрлөгийг уг үзэсгэлэн дотор зохион байгуулсан. Монгол аялал жуулчлалын салбараа сурталчлахад голлон анхаарсан. Бусад орон шиг тухайлбал, Америкийн кино, Хятадын ший хуар шиг хүний нүдийг бүлтийлгэсэн үзвэр шоуг манайх хийж чадахгүй, боломж ч байхгүй. Бид чадлынхаа хэрээр аялал жуулчлалын өдөрлөгийг өндөр түвшинд хүмүүсийн сонирхлыг татахуйц зохион байгуулахыг хичээсэн. Урлагийн Ханлиг групп Монголын үндэсний урлагийн гайхамшгийг Японы ард түмэнд таниулж чадсан шүү. Мөн Алтан говь , Хархорин хувцасны загвар үзүүлбэр байна. Үндэсний хувцсыг орчин үеийнхтэй хослуулан өмсөн гунхах монгол бүсгүйчүүд маань япончуудыг гайхшруулсан байх. Дуучин Эрдэнэцэцэг уртын дуугаа уянгалуулсан. Дээр нь аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид ажил хэргийн яриа өрнүүллээ.
Үзэсгэлэн зургаан сарын туршид япончуудад нээлттэй байх юм. Энэ хугацаанд манай компаниуд түншээ олж, үр дүнтэй ажиллах бүрэн боломжтой. Японы өдөр тутмын болон телевизүүдээр Монгол орны талаар нийтлэл нэвтрүүлэг нэлээд гарсан нь ач холбогдлоо өгнө гэж бодож байна. Тэдний сонинууд монголочууд тал нутгийнхаа үнэрийн өчүүхэн хэсгийг Японд авчирлаа хэмээн бичсэн байсан.
Сүмогийн дээд зиндааны зургаан монгол бөх маань үзэсгэлэнд очиж Монгол орноо сурталчилсан нь шуугиантай үйл явдал болсон. Японы зохион байгуулах хорооноос Макүчи зиндааны бөхчүүдийг ирэх үеэр анхааралтай байхыг бидэнд хэлсэн. Үнэхээр аюултай юм билээ. Асашёорюү тэргүүтэй бөхчүүдийг маань ороод ирэнгүүт япончууд манай талбайд шавчихсан. Сүмочид ирсэн өдөр Монголын павильонд 30 гаруй мянган хүн зочилсон тухай Японы сонин хэвлэлээр мэдээлсэн байсан. Тэр өдөр үзэсгэлэнг сонирхогчдын гуравны нэг нь манай талбайд зочилсон гэсэн үг. Энэ бол бахархмаар рекорд.
Бид өөрийн талбайдаа хярс болон динозаврын араг яс, гэр, үндэсний хувцас, Монголын тал нутгийн зураг, зурагт хуудас тавьсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан гэж хэлж болно.
-Манайд ямар хэмжээтэй талбай ноогдсон бэ?
-Бусад оронтой харьцуулахад жижиг, АНУ, Солонгос, Хятадын павильон манайхаас 20-30 дахин том хэмжээтэй. Гэхдээ япончуудын аялах сонирхолтой улс орны талаар сонинд мэдээлснээс үзвэл Монголд нэлээд хэдэн том орны дараа ордог юм байна.
Энэ жил арлын орны иргэд цунамид нэрвэгдсэн улсууд руу аялна. Дараа нь Монгол гэсэн сонголттой байгаа нь харагдсан. Ер нь жижиг талбайд цомхон групптэй баг ажиллаж буй ч нэлээд үр дүнд хүрнэ гэсэн бодол тээж ирсэн.
Комиссын зүгээс цаашдаа сар бүр сурталчилгааг идэвхжүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал, тавдугаар сарын 25-нд Айчи мужийн үзэсгэлэнгийн том талбайд нь Монголын өдрүүд арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 80-аад хүний бүрэлдэхүүнтэй баг эндээс явна. Наадмын дараа монгол бөхчүүд маань явахаар төлөвлөсөн. Асашёорюү сангийнхан хамтарч оролцох юм. Есөн сард буюу үзэсгэлэнгийн хаалтын үеэр аялал жуулчлалын томоохон семинар хийхээр бэлтгэж байна. Мөн ирэх жил 1000 морьтны шоуг Монголд хийх асуудлыг ярьж буй Японы компаниуд бий. Тэд бидэнтэй хамтран манай талбайд сурталчилгаа явуулах байх.
-Япончууд Экспо-2005 үзэсгэлэнг хэр зохион байгуулж байна вэ?
-Үнэхээр гайхалтай санагдсан. Зөвхөн энэ үзэсгэлэнд зориулж цахилгаан галт тэрэг бүтээж. Агаарын дүүжин машинууд бий болгожээ. Мөн үзэсгэлэн дотуур жижиг цахилгаан автобусууд явж байна. Үзэсгэлэнгийн зардлын 40 хувийг гаргасан Тоёота корпораци техник технологийн гайхамшгийг тэнд жинхэнэ утгаар нь харуулж байна. Үзэсгэлэн дуусангуут тэр газрынхаа 50 хувийг тус корпораци эзэмших эрхтэй юм билээ.
Байгалиа хамгаалах, байгалиа унаган төрхөөр нь авч явахад Экспо-2005 -ийн гол зорилго чиглэжээ. 150-иад орон оролцож буй олон улсын энэ томоохон үзэсгэлэн яармагийг зургаан сарын туршид 15-16 сая хүн үзнэ гэсэн тооцоо хийсэн байна.
-Бусад орон аливаа олон улсын үзэсгэлэнд маш өргөн хүрээтэй оролцдог. Тэднээс туршлага судлаж, санаа авах зүйл байв уу?
-Санаа авах зүйл байсан шүү. Тухайлбал, Африкийн Бутан улс павильоноо өөрийн орондоо хийгээд түүнийгээ эвхээд Айчид авчирсан байлаа. Зардал хэмнэж байна. Гэхдээ тэр павильоноо шашны сүмийн хэлбэрээр хийсэн нь сонирхол татаж байв. Үзэсгэлэн дуусангуут уг павильоноо Японы буддын сүмд худалдах гэрээ хийчихэж. Ухаантай хөдөлжээ гэсэн үг. Бид дараа дараагийн үзэсгэлэнд ухаантай хандаж болохоор санагдсан. Ер нь том улс орнууд олон улсын үзэсгэлэнд хөрөнгө зарж оролцон өөрийн орны хөгжил, техник технологийн дэвшлээрээ бусдад гайхуулдаг юм билээ.
-Манай улс энэ жил гадаад сурталчилгаанд хэдий хэр мөнгө зарцуулах вэ?
-Бага шүү. 50 сая төгрөг.
-50 сая гэж үү. Өмнөх жилүүдэд улсын төсвөөс 150 сая төгрөг өгөхөд л юунд ч хүрэхгүй байгаа тухай ярьдаг байсан шүү дээ?
-Аялал жуулчлалын сан гэж бий. Нисэхийн татвараас орж ирэх 90 гаруй сая төгрөг энэ санд байгаа. Өөрөөр хэлбэл, 150-иад сая төгрөгийг л гадаад сурталчилгаанд зарцуулж байна. Юунд ч хүрэлцэхгүй мөнгө нь ойлгомжтой.
-Тэгээд энэ мөнгөөр юу хийв дээ?
-Экспо-2005 үзэсгэлэнд оролцож байна. Бид Асашёорюү Дагвадоржтой урьдчилан ярьж тохиролцсон. Мөн Японы сонин хэвлэлийнхэнтэй ярьж байж үзэсгэлэнд оролцох зардлыг 10 гаруй сая төгрөгт багтаасан. Түүнээс бус, сүмочид болон сонин хэвлэл, урлагийнхны зардлыг нь ном журмаар нь тооцвол 300 гаруй сая төгрөгийг бэлэн зарах юм билээ.
-Удахгүй хөтөч-орчуулагч нараас мэргэжлийн шалгалт авна гэсэн. Ер нь манайд аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн сайн хөтчүүд бий болов уу? Хөтөч-орчуулагчид тухайн орны аялал жуулчлалын салбарын хөгжлийн түвшинг харуулдаг гэдэг?
-Сонгодог утгаар нь авч үзвэл манай хөтчүүд инээдэмтэй ш дээ. Хэлний ойр мэдлэгтэй хүмүүс манайд хөтөч хийгээд явж байна. Жинхэнэ хөтөч бол эх орныхоо болон тухайн газрын үүх түүх, үлгэр домгийг сайн мэддэг байх ёстой. Мэргэжлийн хөтөч манайд байхгүй. Тэднээс болж олон гомдол гардаг. Энэ нь эргээд жуулчдад сөргөөр тусна. Иймээс мэргэжлийн хөтчийг бэлтгэх зорилготой шалгалт авахаар зорьж буй хэрэг. Шалгалтад тэнцсэн хөтчүүдэд сертификат олгоно. Гэрчилгээгүй хүмүүсийг ажиллулахгүй байх, тухайн компанийг торгон зэрэг хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Мөн зочид буудлуудыг зэрэглэлээ. Зарим буудал өнөөдөр хаагдах дээрээ хүрээд буй. Ер нь аялал жуулчлалын стандартын асуудлыг чангатгах бодолтой байна.
-Хөдөө орон нутагт ОО барих тухай олон жил ярьж байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Бидний шүдний өвчин ОО болоод байна. Төсөл хэрэгжүүлэх гэж үзлээ. Эцэстээ гадаадын олон суултуурыг судалсан. Зарим суултуур 20 сая төгрөг гэж байна. Үнэ багатай, авсаархан суултуур л манайд хэрэгтэй.
Аялал жуулчлалын компаниуд зарим чиглэлд өөрсдийн зардлаар ОО барих санаачилга гаргасан. Бид дэмжиж байна.
-Ирэх жил тохиох тулгар төр байгуулагдсаны 840 жилийн ойгоор гадаадын жуулчдад зориулан арга хэмжээ зохиохоор төлөвлөж буй. Тухайлбал 1000 морьтны шоу хийх тухай ярьж байгаа. Энэхүү шоуны талаар тодруулна уу?
-Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар Ерөнхий сайд ажиллаж буй. Сая 840 жилийн ойн хүрээнд жилийн туршид ямар арга хэмжээ явуулах төлөвлөгөөг баталсан. Манай яамны хариуцсан ажлын хүрээнд 1000 морьт-ны баярыг зохион байгуулах төсөл явж байгаа. Японы Дэнцү, Эйр Чай Эс компаниудтай хамтран уг шоуг хийхээр бэлтгэж байна. Энэ нь Японы Эдийн засгийн сайд асан Сакаясаны удирдаж буй төсөл л дөө. Ажлын багийнхан ирэх сарын эхээр Монголд ирнэ. Төлөвлөгөөгөөр энэ баярыг 2006 оны зургадугаар сард Хүй долоон худагт хийх юм. Хятадын цагаан хэрмийг дууриалган хийсэн хэрэм угсрах, мөн цэрэг дайны хэрэгслийг байгуулах зэрэг олон ажилд манайхаас ажиллах хүч авахаар ярьсан. Ерөнхийдөө их том шоу болох юм.
Тэд ийм шоу хийснээр эхний жил 30, 2007 онд 70, түүний дараа жил 100 мянган жуулчин татна гэсэн тооцоо гаргасан байна лээ. Япончууд ор үндэсгүй юм төлөвлөж цаг гарздаж суудаг хүмүүс биш шүү дээ. Эндээс харвал манайд жилдээ 300 гаруй мянган жуулчин ирдэг гэвэл энэ тоо ирэх жилүүдэд 500 мянгад ойртох нь. Гэтэл жилдээ 500 мянган жуулчин авах хүчин чадал манайд бий бил үү? Одоо л зочид буудал, гэр бааз, тээврийн хэрэгсэл нь жуулчдаа багтааж, тээвэрлэж хүчрэхгүй байгаа шүү дээ. Ингэхээр Монголыг жуулчид сонирхож байна. Гагцхүү тэдэнд сайхан инээгээд угтан үйлчилж сайхан сэтгэгдэл төргүүлээд явуулах асуудал хамгийн чухал.
Үүний тулд аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг сайжруулах, хөтөч-орчуулагийг бэлтгэх, төмөр зам, нисэхийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж ажиллах хэрэгтэй байна. Энэ чиглэлүүдээр аж ахуйн нэгжүүдийн хооронд төслийн уралдаан зарласан. Эхний төслүүд манай яаманд ирж байна.
-Мөн манай аялал жуулчлалын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд дээр их өндөр үнэтэйд тооцогддог гэсэн?
-Тэр үнэн. Японы Токио хотоос Хавай, Токиогоос Улаанбаатар нисэх нислэгийн тасалбарын үнэ адилхан. Хавай нисэх нь ч хямд байгаа. Энэ тохиолдолд жуулчид Хавайг сонгох нь мэдээж
Саяхан аялал жуулчлалын чуулган зохион байгуулсан. Үнийн асуудлыг ярьсан байгаа. МИАТ-ийн хувьд энэ жил үнээ бууруулахгүй, харин өөрийн бүрэн хүчин чадлаар ажиллана гэсэн. Аэро Монголиа МИАТ хоёр дотоодын нислэгт хуваариа гарган нисэхээр тохиролцсон.
Хятадын холбогдох байгууллагатай ярьж нэмэлт галт тэрэг гаргахаар болсон. Зарим орны жуулчдад визний хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцсэн. Тухайлбал энэ зун Японы жуулчид хил дээр ирээд визээ авах боломжтой. Япон жуулчдад визгүй орох эрх олгох асуудал энэ удаад шийдэгдээгүй. Олон шалтгаан байдаг юм билээ. Бусад орны туршлагаас харвал жуулчин олноор зочилдог орны иргэдийн визийг чөлөөлсөн байдаг. Тухайлбал, Германчууд Хятадыг, БНСУ Тайваньчуудыг визгүй зочлуулдаг.
-Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Ямар өөрчлөлт оруулахаар ярьж байгаа вэ?
-Зарим хүмүүс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг ярьж байна. Өнөөдөр тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа шүү дээ. Бид харин ийм зөвшөөрөл байх албагүй гэж үздэг. Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй тусгай зөвшөөрлийг хүчихгүй болгох тухай төрөөс яриад байхад бид нэгийг нэмж яахав дээ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгох асуудлыг сэргээх нь гэсэн буруу ойлголттой яваа хүмүүс айлтгүй.
Мөн аялал жуулчлалын стандартыг сайжруулах, хатуу мөрддөг болгох чиглэлээр хуульд нэмэлт оруулахаар төлөвлөж байна. Компаниуд болон бусад байгууллагаас хуулийн төслийн талаар санал авсан. Одоо Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд Засгийн газарт оруулна. Дараа нь УИХ-д өргөн барих байх.
Д.Бэхээ
2005.04.23,Өнөөдөр