Ганц шоколад өгснийг авилгал хэмээн туйлширдаг
-УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан бид хоёрын хамтран даргалж байгаа ажлын хэсэг ажиллаж байна. Ерөнхийдөө хуулийн төслийн боловсруулалт жигдэрсэн. Гэхдээ авилгалтай тэмцэх бие даасан байгууллагатай болох, эсвэл аль нэг хүчний байгууллагын бүтцэд хамааруулах гэдэг дээр санал зөрүүтэй байгаа. Ойрын үед нэг шийдэлд хүрэх байх. Дээрх хоёр хувилбарын аль алинд нь эерэг, сөрөг тал бий. Ний нуугүй хэлэхэд ажлын хэсэгт багтаж байгаа 10 гаруй гишүүний олонхи нь авилгалтай тэмцэх бие даасан байгууллага байгуулахаас илүү аль нэг хүчний байгууллагын бүтцэд бие даасан нэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар төрийн бус байгууллагуудын саналыг сонсоно.
-Авилгалын сэдвээр улс төр хийх, нэр хүндээ өсгөх явдал гарч байна. Яг юуг авилгал гэж үздэг юм бэ?
-Олон нийтийн зүгээс төрд авилгалын эсрэг шаардлага, шахалт ирж байгааг сайн зүйл гэж боддог. Үүнээс гадна УИХ, Засгийн газар авилгалтай тэмцэх талаар анхаарал хандлуулна гэдгээ илэрхийлж байгаа нь нааштай хандлага гэж хэлмээр байна. Авилгатай тэмцэхэд улс төрийн хүсэл зориг, нөгөө талаас олон нийтийн хандлага өөрчлөгдөхийг чухалд тооцдог. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байна лээ. Үүнийг УИХ соёрхон баталбал авилгалтай хийж буй тэмцэлд нэг том алхам болно.
Маш энгийнээр хэлбэл албан тушаалаа урвуулан ашиглахыг авилгал гэж байгаа юм. Энэ утгаараа авилгалын хэргийг мөрдөж, илрүүлэхэд орнуудын туршлагаас харахад авилгалаас урьдчилан сэргийлэх нь гарсан хэргийг илрүүлэхээс илүү үр дүнтэй гэж үздэг юм билээ. Одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт авилгалаас урьдчилан сэргийлэх тодорхой асуудлууд тусгагдсанаас түрүүч нь УИХ-аар батлагдаж байна.
-Тухайлбал?
-УИХ-аас саяхан баталсан Улс төрийн намын тухай хуульд намуудыг санхүүжилтээ нээлттэй зарлах, жил бүрийн эцэст мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэх тухай заалт оруулж өгсөн. Дээрээс нь хувь хүн, байгууллагаас авах хандив хязгаартай болж байгаа. Энэ бүхнийг улс төрийн намуудын хүрээн дэх авилгалыг хязгаарлах эхний алхам гэж ойлгож болно. Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа. Сонгуулийн хуульд ч гэсэн сонгуулийн үеэр өгч буй хандивыг нээлттэй болгохоос гадна тодорхой хязгаар тогтоохоор ярилцаж байна. Одоогийн боловсруулсан төсөлд хувь хүнээс нэг сая төгрөг, компаниас гурван сая төгрөгөөс дээш хандив авахыг хориглосон заалт оруулж өгсөн. Түүнчлэн сонгуулийн үеэр нэг тойрогт зарцуулах мөнгөний дээд хэмжээг хуульчлахаар төлөвлөж байна.
-Ингэх шаардлага юу байгаа юм бэ?
-Өнгөрсөн сонгуулиудаас харж байхад нэг тойрогт зарим тохиолдолд 100 саяас дээш төгрөг зарцуулсан тохиолдол гарсан. Үүнийг хязгаарлаж өгөхгүй бол хандиваар авсан мөнгөндөө шууд бусаар барьцаалагдах, тухайн хандив өгсөн хүндээ давуу эрх олгох явдал гардаг. Энэ бүхнээр сонгуулийг тойрсон авилгалыг багасгах арга хэмжээ авч байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгох асуудлыг авилгалын эсрэг хуульд тусгай бүлэг болгон оруулахаар төлөвлөж байна. Яг үнэндээ УИХ-ын гишүүдэд гол анхаарал төвлөрөөд байдаг. Гэтэл УИХ-ын гишүүдээс илүү эрх мэдэлтэн, тэр бүү хэл янз бүрийн лиценз, зөвшөөрөл олгодог дунд төвшний түшмэлүүд олон бий. Тэднийг ч гэсэн цаашид хөрөнгө орлогын мэдүүлгээ нийтэд ил гаргадаг болох шаардлагыг хуулиар тавина. Би энд нэг зүйлийг зориуд хэлье. Хаврын чуулганаар Татварын багц хуулийг хаэлэлцэнэ. Олон компанийн захирал татварын дарамт их, банкны зээлийн хүү өндөр байгааг шүүмжилдэг. Ийм нөхцөлд шударгаар бизнес эрхлэхэд алдагдал хүлээх явдал элбэг тохиолддог. Бизнесээ ашигтай байлгахын тулд тодорхой хэмжээний авилгал өгөх шаардлага гардаг гэж олон бизнесмэн хэлж байсан. Татварын багц хуульд бизнесийг жинхэнэ утгаар нь дэмжих, таатай орчныг бий болговол авилгал шууд бусаар буурна гэж найдаж байгаа.
-Авилгалтай ганц хүн, байгууллага тэмцэх боломж бий юү?
-Мэдээж боломжгүй. Тодорхой том бодлого, олон жилийн стратеги байх ёстой. Уг нь манай улсад Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөр хоёр жилийн өмнө батлагдсан. Уг хөтөлбөрт авилгатай тэмцэх талаар нэлээд олон зүйл тусгасан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй. Төрийн мэдээллийг илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Ингэхийн тулд төрийн болон байгууллагуудын нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Аливаа асуудал нээлттэй байх тусам авилгал буурна.
-Авилгал өгсөн хүнийг бус авсныг нь шийтгэдэг болно гэж үнэн үү?
-Гадаадын цөөнгүй оронд авилгал өгснийг нь бус авсан хүнийг шийтгэх явдал байдаг. Энэ талаар олон маргаан байдаг. Гэхдээ бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх үүднээс гэмт хэрэгт оролцсон л бол хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн зарчим байдаг. Үүнд маш хариуцлагатай хандах ёстой.
-Авилгалтай тухайн улс үндэстний онцлог шууд холбоотой юм биш үү?
-Би гар цайлгах хэмжээнд эмчдээ шоколад, багшдаа бэлэг өгдөг явцуу зүйлд санаа зовохгүй байна. Зарим хүн хэт туйлширч, ганц шоколад өгөх төдийд авилгал мэтээр ярьдаг. Үүнээс илүү олон сая төгрөгийн авилгал аваад түүндээ дасал болчих вий гэдэгт л санаа зовж байна.
Б.Түвшинтөгс
2005.04.23,Зууны мэдээ