Манъяк залууст шүүх эмнэлгийн шинжилгээ хийнэ
МУИС-ийн биологийн ангийн оюутан Т, М, СУИС, ШУТИС-ийн оюутан Г, У, 3 нарыг Усан спорт сургалтын төвийн баруун урд талд хар тамхи татаж байхад нь баривчилсан юм.
Уг хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дуүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд тэдний мэдүүлгээр Т, М нар Сэлэнгэ аймгийн нутагт дадлагын ажил хийж явахдаа каннабис буюу зэрлэг олс хэмээх ургамлыг түүж бэлтгэн хотод авчран татаж байсан гэнэ. Цагдаагийн ажилтнууд тэдний гэрээс түүж бэлтгэсэн их хэмжээний ургамал хураан авчээ. Тэд Өнгөрсөн оны тавдугаар сард үл таних хүнээс каннабис авч цаасанд ороон татаж сурсан. 2004 оны намраас эхэлж Хангай зочид буудалд гөлөг, муурыг төмрөөр цохиж алан таашаал авдаг болсон. Зарим тохиолдолд хана руу савдаг ч хэчнээн амьтан ингэж алснаа санахгүй байна.
Түүж бэлтгэсэн мансууруулах ургамалаа цааш нь худалдсан зүйл байхгүй гэж мэдүүлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 192-ын нэгд заасан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэж хадгалсан гэсэн үндэслэлээр шалгаж байна.
Шүүх эмнэлгийн анхны шинжилгээгээр манъяк залуус хэрэг хүлээх чадвартай гэсэн дүгнэлт гарсан гэнэ. Тэгвэл дахин шинжилгээнд хамруулж хар тамхинд хэр зэрэг донтсоныг нь болон татсан гэх бодисын хэмжээг тогтоох юм.
Уг шинжилгээний хариу удахгүй гарах бөгөөд тэдний гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж торгох, зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах буюу хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх ял хүлээж байна.
Г.РАВЖАА
(өнөөдөр 2005-04-26 098)