Эх орны баялаг эздэдээ хөгжил авч ирэх учиртай
Эргүүлж хурааж авах хууль санаачилна гэсэн нөхөр ч гараад ирлээ. Саяхан Хөрөнгийн биржийн захирал гэсэн албан тушаал аваад ажилтайгаа хараахан танилцаж амжаагүй байгаа нөхрийн үгээр бол Монголын бирж Лондон, Торонтогийнхоос дутахгүй учир Оюу толгой, Таван толгойн мөнгийг нүд ирмэх зуур босгох гэнэ. Уул нь энэ бирж нэртэй байшин дампуурч хойтохоо уншсанаас хойш хоёр жил болчихоод байгаа юм л даа. Саяхан Интернэйшнэл Форкастер сэтгүүлд гарч улмаар интернэтээр цацагдаад байгаа нэгэн өгүүлэлд Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэгэн хэрэв сонгогдвол ашигт малтмалын хууль болон түүнтэй холбоотой татварын хуулийг шинэчлэн, гадаадынханд 50 хувь нэмж татвар тогтооно гэж амлаж байна гээд хуучин ЗХУ болоод Хятад, Монгол зэрэг коммунист оронд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь аюултай учир нэгэнт ийм ажил эхэлсэн хүмүүс гарлагын бага дээр эргүүлж татаж авахыг уриалсан байна.
Нэг талын сүржигнэл, үүнийг дагасан нөгөө талын буруу ойлголцол нэгэнт буй болоод улс орны эдийн засагт том цохилт өгч болох аюул нүүрлэжээ. Дээрх мэдээнд АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы тухай өгүүлсэн бололтой. Гэтэл М.Энхсайхан ийм зүйл хэлэх нь байтугай бодоо ч үгүй болов уу. Улс орны эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Үүнийг урин дуудахын тулд ялангуяа ядуу орон ядаад л ярзайтлаа инээх хэрэгтэй гэдгийг тэрээр мэдэхийн цаагуур мэднэ. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын хууль ч түунийг Ерөнхий сайд байх үест чухам түүний идэвхтэй санаачилгаар буй болсон билээ. Маш сайн хууль. Чухам энэ хуулийн буянаар өнөөдөр Монголын уул уурхай, бусад ашигт малтмалын салбарт бага гэхээргүй хөрөнгө оруулалт орж ирээд байна.
Соко компани газрын тосны салбарт 120 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Айванхоу Майнз лав 100 саяд хүрч байгаа байх. Бороо гоулд хэдийнэ 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Чухам энэхүү зуутуудын араас тэрбумтын алхаа эхэлнэ. Таван толгойд тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийх компаниуд гараад ирлээ. Ашигт малтмалын лейбераль хууль чухам ингэхийн тулд л зохиогдож, батлагдаж, хүчин төгөлдөр болж, амьдралд хэрэгжиж эхэлсэн билээ.
Хууль батлагдаж байх тэртээ арваад жилийн өмнө монгол хүн 5-10 сая ам.долларын хөрөнгө оруулж болох тухай төсөөлөхөд ч бэрх байв. Өдгөө энэ зэргийн хөрөнгийг гайгүйхэн компани гүйцэтгэж чадна. Өдий хэрийн хөрөнгийг зах зээлээс босгоод ирэх чадалтай олон аавын хүү гарч ирсэн. Харин зуу зуун саяар нь босгох монгол бизнес хараахан төрөөгүй л байна. Гэтэл бидэнд дараагийн алхам болсон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах эзэн бүр яг одоо хэрэгтэй болчихоод байна. Чухам ингэж байж улс орон огцом өснө, зах зээлд тэрбумыг босгоод эх орныхоо баялгийг эзэмшиж гарах тиим иргэнээ бид олон жил хүлээх шаардлагатай. Аягүй бол хоёр үе өнгөрөхийг харзнахаас өөр аргагүй.
Шулуулахгүй гэвэл хөгж, хөгжье гэвэл шулуул гэсэн алдартай парадокс байдаг. Хэдхэн тоо хэлье. Бороо гоулд хэмээх Канадын компани 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж өнгөрсөн жилээс уурхайгаа нээжээ. Одоо тэнд 500 орчим монгол хүн ажиллэж байгаагийн дундаж цалин 400 мянган төгрөг. Энэ хооронд Нөөцийн төлбөрт дөрвөн тэрбум төгрөг, үүнээс гадна гааль, НӨТ, нийгмийн даатгал болон бусад татварт гэж нийлеээр Монгол Улсын сан руу 12 тэрбум төгрөг хураалгажээ. Энэ орд газрын судалгаа олон жилийн турш улсын хөрөнгөөр хийгдсэн бүх үнэ хоёр сая хагас долларыг ч тэд төлсөн байна. Бараа үйлчилгээ худалдаж авсан гээд тооцоод байвал Монголын эдийн засагт 35 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Цаашид энэ тоо улам өснө. Хэрэв мөнөөх сайн хууль, дээр нь тогтвортой байдлын гэрээ байгуулах нөхцөл байгаагүйсэн бол канадууд байтугай хэн ч орж ирэхгүй байсан. Улсын санд орж буй мөнгө, хэдэн зуун хүний ажлын байр, шууд бус замаар эдийн засагт орж ирж буй хөрөнгө бол бидний хөгжих гэж мурчийж буйн нэг тал. Гадаадын хөрөнгө оруулагч эхний хэдэн жил ашгийн татвар төлдөггүй учир олон тонн алт гараад явчиж буй нь хөгжихийн тулд шулуулж буй нөгөө тал нь. Бид цаашид шулуулахгүй гэж байгаа бол хөгжих хэрэгтэй. Хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт үндсэн механизм нь. Энэ парадоксоос илүү дээр юм бодоод олчихсон газар одоохондоо үгүй л байна.
Мөнөөх шуугиан тариад байгаа эдийн засагч гэгчийн үгэнд ороод нэгэнт хууль дүрмийн дагуу нь эхэлж тогтеон хэлэлцээрээс няцан 50 хувийг нь дээрэмдэж аваад, мөнөөх шинэхэн биржчингийн угэнд орж хуучин Элдэв-Очир кино театрын зааланд тэрбумаар нь мөнгө босгоно гээд тоос босгоод эхлэх юм бол энэ орон эргэлтгүй шувтарсан цагаан мах болно. Ийм орныг хаядаг хуультай. Хэн ч итгэхгүй, үргэлж тойрч давхина. Ингэсэн орон гуйланчлалын мөнхийн нөхөр байдагжамтай. Харин дашрамд хэлэхэд Энхсайхан гэдэг бол Монголд тун ч элбэг нэр, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс гадна хууль тогтоогч ийм нэртэн ч бий. Цаана нь олон олон Энхсайхан бий, ийм нэртэй хүмүүс биенийхээ өмнөөс хариуцлага хүлээдэггүй гэдгийг соёлжиж иргэншсэн хаанахын ч хүн хялбархан ойлгох болов уу.
2005.04.26 БААБАР
(өдрийн сонин 2005-04-26 102)