Д.Идэвхтэн учирлаж, Ц.Нямдорж уурсав
Энэ удаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн тухай Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан төслийн талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөсөн тул ирцийн тал дээр онцгойлон ач холбогдол өгөөгүй ч байж болох. Гэхдээ улс орны цаашдын хөгжлийг тодорхойлон бүтцийн хувьд бүхэлд нь өөрчлөн шинэчлэх энэ том ажилд эрхэм гишүүд тэгтлээ анхаарал хандуулахгүй байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байна.
Харин яамны болон ажлын хэсгийнхний зүгээс уг асуудлаар нэлээд ул суурьтай хандсан аж. Барилга хот байгуулалтын яамны Нутагшилт, суурьшлын хэлтсийн дарга Т.Чулууны мэдээлснээс үзвэл ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, байгаль орчны доройтлыг багасгах зорилгоор засаг захиргааны хуваарийг шинэчилсэн бололтой. Ингэснээр төрийн удирдлага, үйлчилгээний чанар нэмэгдэнэ, нийгмийн баялгийг бүтээхэд ороцлох иргэдийн эрх, боломж өргөжнө хэмээн Засгийн газар найдаж байгаа юм байна.
Монголчууд дөрвөн том аймагтай байсан түүхэн уламжлал, мөн эдийн засгийн төдий тооны бүсэд хуваагдсан үзэл баримтлалыг харгалзан Алтай хан, Сайн ноён хан, Түшээт хан, Сэцэн хан гэсэн аймагтай байхаар төсөл боловсруулсныг манай уншигчид мэдэж буй биз ээ. Дөрвөн аймаг нь 68 хошуутай байх аж. 90 орчим хошуутай байсан түүхээ санаж, одоогийн бүлэг суурингийн тогтолцоонд тулгуурлан сумдыг нэгтгэх юм байна. Ингэхдээ сумдын хилийн цэсийг өөрчлөхгүй, хошууны түүхэн нэрийг хадгалах бололтой. Нэг хошуу-нэг бүтээгдэхүүн гэсэн бодлогыг ч явцын дунд хэрэгжүүлнэ гэж доктор Т.Чулуун хэлэв. Өөрөөр хэлбэл, Алтай хан аймгийн Далай ханы хошуу махаараа, Бишрэлт хошууныхан ноолуураараа, Сайн ноён хан аймгийн Хөвсгөлийн хошуу байгалийн жуулчлал, Дайчингийнхан тарваган малгайгаараа зах зээлийг зээлж ч болох гэнэ. Энэ мэтээр лав л 24 хошуу тухайн нутаг орныхоо баялагтаа тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой юм байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваариар хотын статусыг сэргээх тухай бас ярьж байна. 15 мянгаас дээш хүнтэй бол хот гэж үзэх 1993 онд батлагдсан хуулийн заалт ч байдаг аж. Үүгээр бол 26 хоттой болох юм.
Албаны хүний өгсөн энэ мэт мэдээллийн дараа МАХН-ын бүлгийн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэлэв. Дөрвөн аймаг, 68 хошуу нь Манжийн үеийн засаг захиргааны хуваарилалт хэмээн үзэж байгаа гишүүд ч байлаа. Гишүүн А.Цанжид, Манжийн дарлалд орохоос өмнө манай улс гурван аймаг, найман хошуутай байсан, манж нар монголчуудыг хяналтаасаа алдахгүйн тулд олон жижиг хошуу бологон хувааж байсан. Захирахын тулд хуваана гэсэн зарчмыг тэд баримталдаг байсан, түүнчлэн Манжийн төрд гавъяа байгуулсан хүнд шагнал болгон газар тасалж хошуу хуваан өгдөг байсан түүхийг ярилаа. Харин Засгийн газар үүнтэй санал нийлэхгүй байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Автай сайн ханы үед гаргасан засаг захиргааны хуваарилалт дээр тулгуурласан гэж хэлэв. Засаг захиргааны бүтцийн тухай яриа одоо ч өрнөж байгаа юм биш аж. Бүр социализмын үед Улс төрийн товчооны гишүүд монгол Улсыг 4-5 аймагтай болгочихвол тус бүртээ холбооны улс болоод зүтгэчихэж мэднэ хэмээн ярилцаж байжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Нямдорж сайдын хэлсэн үг хуралдааныг улам сонирхолтой болгож орхисон юм. Хөндлөнгийн элдэв тайлбаргүйгээр Ц.Нямдорж сайд, хурал даргалагч Д.Идэвхтэн нарын харилцан яриаг энд толилуулъя.
Ц.Н -Ерөнхийлөгч энэ асуудлыг санаачилсан учраас тэр субъектын төлөөлөл энд суух ёстой. Асуудлаа танилцуулах учиртай. Ийм чухал асуудлыг нэг бичиг шидчихээд шийдэж болохгүй. Төрийн ажилд иймэрхүү байдлаар хариуцлагагүй хандаж байна. Ерөнхийлөгч өөрөө л гадаадад айлчилдаг юм байгаа биз. Тэр зөвлөхүүд нь, Тамгын газрын ажилтнууд нь яасан юм бэ. Асуудал санаачлагчийг хуралд оруулж ир. Би 30-аад жил энэ төрд зүтгэсэн. Ийм хариуцлагагүй юм үзээгүй. Ерөнхийлөгч ер нь ямар учиртай субъект вэ. Бүх хүмүүсээ гадагш нь дагуулаад явчихдаг. Санаачлагчдыг хуралд оролцуул. Тэдний эзгүйд бид юу ярих юм. Яагаад ийм нөхцөл бүрдүүлсэн юм бэ.
Д.И -Энэ удаагийн хурлаар ямар нэг шийдвэр гаргахгүй. Зөвхөн мэдээлэл сонсох гэсэн юм. Ерөнхийлөгчийн тамгын газраас хуралд урьж оролцуулах хүн Улаанбаатарт алга байна.
Ц.Н Би Ерөнхийлөгчийн өөрийнх нь үгийг өөрт нь зориулж хэлж байна. Ийм хариуцлагагүй явдал Монголын төрд чөтгөр шулам шиг шүглэсэн байна. Энэ төрд эзэн байна уу.
Д.И -Надад хариулт өгөх боломж арга
Ц.Н -Тайлбарыг нь авмаар байна. Яасан их айлчилдаг юм. Юу хийгээд яваад байгаа юм бэ. Саяхан л хэний зардлаар нь мэдэхгүй энд тэнд амарч яваад ирсэн. Бид ер нь яах гэж энд сууж байгаа юм бэ. Төрийн ажил цалгардуулж байгаа хариуцлагыг энд сууж байгаа гишүүдээс бодож байгаа хүн байна уу. Монголын төрөөр тоглоод дууслаа ш дээ. Арай хэтэрч байна. Ийм чухал асуудал ярьж байхад айлчлалаа хойш тавих хэрэгтэй байсан.
Д.И -Таны саналыг ойлголоо
Ц.Н -Би хатуу шаардлага тавьж байна. Ерөнхийлөгч байсан, байгаа хүмүүс ингэж хариуцлага алдвал юу болох вэ. Хамгийн их зардлаар айлчилдаг хүн бол Ерөнхийлөгч шүү дээ. Баастай бурхан шиг. Хурал чуулган дээр том том илтгэл тавьж, том том ярьчихаад яваад өгдөг. Гадаадад айлчлаад тэнээд явдаг. Ямар хэрэг бүтээх гэж ингэж явдаг юм. УИХ-ын гишүүд яагаад энэ асуудлыг гаргаж тавихгүй байна. гаргаж тавих хэрэгтэй ш дээ. Миний хугацаа дууслаа, одоо боллоо гэсэн шиг ингэж хариуцлагагүй хандаж болохгүй.
Д.И -Нямдорж сайд аа, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ярина уу?
Ц.Н. -Би холбогдуулж ярьж байна. Ийм янзаараа байх юм бол Тамгын газрыг нь татан буулгаад Ерөнхийлөгчийн төсвийг хувааж авах хэрэгтэй.
Ийм яриа болсон юм. Төсөл санаачлагчдын төлөөлөл эзгүй байгаа нь Ц.Нямдорж сайдыг ихэд цухалдуулсан бололтой. Гэхдээ цаанаа бол Ерөнхийлөгч Н.Багабанди Цагаан шонхор-ын Ч.Энхтайваныг өршөөлөөр сулласанд Хууль зүй, дотоод хэргийн сайд маш их дургүйцэж байгаа хэмээн саарал ордны эх сурвалж тайлбарлаж байна.
Т.Тунамал
2005.04.26, Ардын эрх