Бурхан багшийн 18 метр өндөр босоо дүр сүндэрлэнэ
Энэхүү цогцолборын гол төв нь 18 метр өндөртэй Бурхан багшийн босоо дүр байх бөгөөд орчин тойронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Лусын буулттай өдөр буюу энэ сарын 26-нд Бурхан багшийн босоо дүрийн сууринд Сажидийн бумба залах ёслол болжээ. Ёслолд Гүрдаваа Ренбүчи өөрийн биеэр морилон ирсэн байна. Түүний төвд шавь Соном, Амарбаясгалант хийдийн лам Б.Лувсандаш нар Богд уулын лус савдаг, орчны газрыг аргадаж Дашзэвэг, Найман гэгээн хурсан аж. Бурхан багшийн босоо дүрийн сууринд есөн эрдэнэ, таван тарианы үр, торго, дурдан зэргийг багтаасан зэс бумбыг залсан байна. Энэхүү босоо дүрийг ирэх долдугаар сард цогцлоох юм. Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад түгээмэл байдаг босоо дүрийг Өндөр гэгээн Занабазарын хийцийн монгол төрхөд оруулж, солонгосууд урлаж байгаа юм байна. Дашрамд дурдахад Бурхан багшийн зогсч байгаа байдлыг харуулсан босоо дүр Монголд байдаггүй бөгөөд энэхүү дүр анхдагч болж байгаа юм.
Ц.ГАЛТ
2005.04.28,Зууны мэдээ