Төвийн хагас хамгаалагч Дунгагийн байрлал
Хөлбөмбөгийн хаан Пелегийн эх орон, ард түмэнд хөлбөмбөгчид нь ямарваа тэмцээнд түрүүлээгүй л бол амжилт гаргаагүй гэсэн үг. ДАШТ-д үзүүрлэж, шилдэг тоглогчийн шагналыг нь хүртчихээд эх нутагтаа очиход ялзарсан өндөг гэх мэт муу муухай бүхнээр шидэн угтах хөгжөөн дэмжигч тэднээс өөр лав үгүй байх. Тиймээс 1984 оны Лос-Анжелесийн олимпод хөлбөмбөгийн шидтэнүүд мөнгөн медаль авсан ч тэр амжилт нь Бразилийн ард түмний талархлыг хүлээлгүй, анхаарлын гадна үлдсэн. Тэрхүү олимпийн шигшээ багт тоглож байсан залуусын дунд тэр үеэс арван жилийн дараа ДАШТ-д түрүүлчихээд, Алтан цомыг дээр гэгч нь өргөн, аз жаргалдаа хэрхэн бялхаж зогсохоо төсөөлөө ч үгүй нэгэн байсан нь Дунга юм. Дунга бол Бразилийн төдийгүй дэлхийн хөлбөмбөгт гарч ирсэн маш хурц тод од билээ. Тэрбээр гоц гойд техник эзэмшээгүй, уран гоё тоглолт үзүүлдэггүй ч, талбай дээр нарийн нягт, хий зайгүй, хатуу ширүүн тоглолтоороо онцгойрдог байсан. Тийм ч учраас 90-ээд оны дунд үеэс Бразилд түүний тоглодог төвийн хагас хамгаалагчийн байрлалыг Дунгагийн байрлал гэдэг хэвшсэн хэллэг гарчээ. Тухайлбал 2002 оны ДАШТ эхлэхийн өмнөхөн Эмерсон гэмтэж, тоглох боломжгүй болоход Дунгагийн байрлалд тоглох гол тоглогчоо алдсан нь бидэнд маш хүнд цохилт, асар том гарз боллоо гэж пента- кампеонууд мэгдэж байлаа. Дунга өөрийн хөлбөмбөгчний амьдралын урт удаан замналдаа гурван удаа ДАШТ-д оролцож, хоёронтаа шигшээ тоглолтод шалгарснаас, нэг удаа аварга цолыг хүртсэн билээ. Тэрхүү аваргын алдрыг хүртсэн 1994 оны АНУ-д болсон ДАШТ-д түүнийг Ромарио, Бебето нарын хөлбөмбөгийн түүхэнд тод мөрөө үлдээсэн агуу тоглогчид тойрон хүрээлж байсан юм. Дунга Бразил болон Европт хөлбөмбөг тоглож байгаад тухайн үед харьж яваа, хөгшин оддын цугладаг байсан Японы J лигт хүч сорихоор арлын улсыг зорив. 1998 онд Жүбило Ивата багийн бүрэлдэхүүнд J лигийн аварга боллоо. Энэ үеэс тэр зодог тайлах талаар бодох болж, өөрийн хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн төрөлх баг Интернационал-д сүүлчийн улирлаа үдэхийг хүсчээ. Дунга цагаа олж төрхөмдөө буцсан байна. Хэрэв тэр Интернационал- д очоогүй бол Бразилийн өмнөд хэсэгт оршдог Порту-Алегри хотын баг гарцаагүй хоёрдугаар лигт унах болсон байлаа. Багийнхаа уруудах эсэхийг шийдвэрлэх чухал тоглолтод Дунга гоол хийснээр баг нь дээд лигт үлдэж чадсан юм. Тухайн үед Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч байсан, өдгөө оддын чуулган болоод байгаа Реал.М-ыг удирдаж буй Вандерлей Люшембурго Дунга шигшээд тоглох боломж бүрэн бий. Хэрэв тэр хүсвэл түүнийг шигшээд тоглуулна гэж үнэлж байлаа. Харин Дунга үүний хариуд Би өдий дөчин насны босгон дээр шигшээ багтаа нэмэр болох нь юу л бол. Люшембурго миний урьд өмнө байгуулсан гавьяаны төлөө л ийм чихэнд чимэгтэй үгийг хэлсэн байх гэж даруухан загнаж байв. Ийнхүү Дунга хөлбөмбөгөөс даруухнаар чимээ аниргүй явж одсон юм. Өдгөө дэлхийн таван удаагийн аварга багийн бүрэлдэхүүнд Дунгагийн байрлал-д хэд хэдэн хөлбөмбөгч өрсөлдөж, түүний орыг амжилттай залгамжилж байна. Хэдий тэр зодог тайлсан ч амьдралынх нь салшгүй хэсэг болсон хөлбөмбөгийг бүр мөсөн орхиж түвдсэнгүй. Аливаа нөхөрсөг болоод хандивын, ёслолын гэх мэт тоглолтын урилгыг хүлээн авч, хөгжөөн дэмжигчдэдээ үе үе үзэгдэж байлаа. Тухайлбал тэр нэгэн үед хамтран тоглож байсан Болгарын Красимир Балаковын зодог тайлах, үдэлтийн тоглолтод Штутгарт багийн бүрэлдэхүүнд тоглосон. Дунга Хэрэв би өнгөрөгч зуунд түүнтэй хамт энэ багийн төлөө илүү их тоглосон бол найзынхаа энэ урилгад татгалзсан хариу өгч болох байсан. Балаковтой хамтарч тоглосон үе маань надад хангалтгүй санагддаг учир дахин мөр зэрэгцэн тоглох боломжийг алдахыг хүсээгүй юм хэмээн тэр тоглолтод оролцохоор Германыг зорьж байх үедээ мэдэгдэж байжээ. Дунга одоо бөмбөг өшиглөхөө больж, шаахайгаа хананд өлгөсөн ч шигшээгийнхээ тоглолтыг үзэж, сэтгэлээрээ хамт тоглодог. Тэр шигшээд тоглож буй залууст итгэж, тэдний амжилтад эргэлздэггүй гэнэ лээ.
(таванцагираг 2005-04-27 17)