Улаан лоолийн амьдрал…
Харин Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний шар зангиатнууд, төр засгийн эрхэм түшээд, хамгаалалтын болон хүчний байгууллагынхан хууль гууль болон зэвэнд идэгдсээр байгааг мэдэж байсан. Хамгийн сонирхолтой нь өнөөг хүртэл хууль зөрчсөөр байгаа энэхүү эрүүл бус үйлдлүүдийг зогсоохыг улс төрийн намууд, төрийн өндөр албан тушаалтнууд ер оролдсонгүй. Учрыг ухвал Ерөнхийлөгчийн сонгуулийн үед олон нийтийн хандлагад сөргөөр нөлөөлөхгүй байх гэсэн ганц шалтгаантай аж. Энэ зуур удаа дараа Төрийн ордон, бунхант индэрт халдан төрдөө сүсэлдэг ард түмний дургүйцлииг төрүүлэх болсон Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн түлхүүр болгон таардаг авдар аятай болж орхив.
Энэ хөдөлгөөний ард М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат нарыг байгаа мэт хардлага улс төрийн хүрээнийхний дунд амь бөхтэй түгсэн. Дараахан нь УИХ-ын дарга Н.Энхбаяр тус хөдөлгөөнийхний амыг барихын тулд худалдаж авсан гэсэн мэдээлэл хуурай өвсөнд тавьсан гал мэт тархсаныг бид мэдэж байгаа. Эцэст нь Эрүүл нийгэм-Иргэний хөдөл-гөөнийг хэн дуртай нь түлхүүрдэж болдог, цоож цуурга муутай айл мэтээр үзэх болов. Аль нь ч байсан хамаа алга. Хамгийн гол нь аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий. Ардчилсан нийгэмд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үүнийхээ төлөө үгээ хэлэх эрх нээлттэй. Гэхдээ Төрийн ёс журам гэж бас бий. Төрөө эрхэмлэн хүндэлж тэнгэр мэт дээдлэн шүтдэг монголчуудын заншил хэдэн зууны түүхтэй. Улаан лооль, түүхий өндгөөр зуурсан орчин цагийн энэхүү хэнээрхэл бидэнд төр нь төр шиг байж чадаж байна уу гэсэн асуултыг тулгаж байгаа нь нууц биш.
УИХ-ын эзэнгүй танхим, ирц бүрдэхийг хүлээн өдрийг бардаг байнгын хороодын хурал, авлига, хээл хахууль, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргүүдтэй нэр холбогдон шаварт ойчеон улстөрчид, тэдэнд итгэхийг хүсэж буй ард түмний чимээгүйхэн айдас, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт…
Энэ бүх хямрал эцсийн бүлэгт улаан лоолийг саарал ордны гадна хүргэж үхэлд дуудсан хэрэг. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний бөөндсөн цуглаан жагсаалууд хямдарч, олон нийт сонирхохоо больсоор буй агаад үүнд тэдний төрдөө эрээ цээргүй халдаж буй байдал нөлөөлж байгаа нь үнэн юм. Ялалтын талбайд даруухан жагсаал хийхэд нь хошууран дагаж, уухайлан дэмжиж байсан олон түмэн одоо алга. Учир нь төрдөө зүй бусаар халдсан тэдний увайгүй алхам нийтийн дургүйцлийг тодорхой хэмжээгээр хүргэжээ. Ард түмэн Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийхний онилсон Н.Энхбаярт хайртайдаа, УИХ-ын гишүүдийг хүндэт-гэдэгтээ, хүнд суртал, авлигад дуртайдаа улаан лооль, өндөгний бослогыг дэмжихгүй байгаа хэрэг биш. Төрөө дээдлэх түмний сэтгэл цалгиж эхэлсэн нь энэ.
Улаан лоолийн амьдралд бас нэг асуулт хариултгүй үлдсээр ирэв. Тэр нь эрхэм төрийн түшээд, шийдвэр гаргагчид яагаад Төрийн хамгаалалтын хуулийг хэрэгжүүлэхгүй назгайрч, хэт даврагсдын зөөлөн зууш болсоор байгааг мэдэх гэсэн хүслэн. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж үг бий. Тэднийг зогсоохгүй байгаагийн бас нэг шалтгаан нь энэ байж болох юм. Зүй нь хөдөлгөөнийхний тавьсан шаардлагад албан ёсоор хариу өгч, хүлээж авах боломжтой асуудлуудыг нь нэн даруй шийдэж, хуулиа дагаж мөрдөхийг сануулах ёстой баймаар. Гэтэл УИХ- ын дарга ч, Ерөнхий сайд ч ийм алхам хийсэнгүй. Нэг нь хүлээн авч уулзсаныгаа асуудал шийдэгдсэндтооцон, нөгөөх нь бултаж зугтав. Нэр дэвшигчдээ даган хөдөөх аймгуудыг зорьсон эрхэм түшээд Эрүүл нийгэм- Иргэний хөдөлгөөний тухай сонсоогүи мэт цараилан нүүр буруулав. Ингээд байх юм бол хэн нь төрөө хамгаалж, хуулиа дээдлэхийг хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл төр эзгүйрчээ. Эзэнгүй хаягдсан төрийг хүндлэх тухай ойлголт энд алга. Овсгоотой хэдэн залуу эзэнгүйдлийг далимдуулан улаан лоолийн амьдралыг ордны хаяанд шийдэв.
Түшээд авлига, хээл хахууль, хүнд сурталтай нөхөрлөснии төлөө төр хямдарчээ. Үнэ хямдарч, өртег өндөрссөн төрийг дээдлэх тухай ойлголт бас л үгүй. Сүйхээтэй хэдэн залуу тэдний энэ алдаан дээр аятайхан тоглож, тахианы үр садын хувь заяаг саарал ордны өмнөх талбайд төгсгөж амжив. Улаан лооль, өндөг хоёртой хамт төрд итгэх түмний итгэл хагарав. Хагарахдаа төрийг гоморх-лоор будаж, цөхөрлөөр шүув. Улаан лоолийн хувь тавиланг Төрийн өмнөөс шийдсэнийх нь төлөө Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийхнийг үзэн ядалтаар үдлэв. Төрийн үнэтэй улаан лооль гэж байдаг аж.
Хаврын хавсаргатай урт шар өдрүүдэд нэг ч болсон хүүхдийн горьдлого тээсэн нүдийг цатгасан бол аштай юу… Хайран улаан лооль!
Р.ЭМҮЖИН
(өнөөдөр 2005-04-29 101)