Шинэ Элчин сайдуудын нэрс тодорч байна
Энэхүү томилгооны талаар албан тушаалтнууд ихээхэн нууцалж байгаа юм. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаас үзвэл ОХУ, БНХАУ, АНУ, Англид суугаа Элчин сайдууд солигдох бололтой. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон С.Баярын бүрэн эрхийн хугацаа дуусч буй юм байна. Түүний оронд нам дотроо жигүүр өдлүүлж амжсан Ө.Энхтүвшинг томилох талаар эхлээд яригджээ. Гэвч явцын дунд өөрчлөгдөж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Л.Хангайн нэр орж ирсэн аж. Яамны зүгээс түүнийг дэмжиж буй, харин цаагуур нь хэд хэдэн хүн Орос дахь Элчин сайд болохоор идэвхийлэн хөөцөлдөж байгаа сурагтай. Ерөнхий аудитор болгоно хэмээн Ө.Энхтүвшингийн амыг энэ удаад хаажээ. Төрийн хянан шалгах хороо гэж байхад л ажиллаж эхэлсэн Л.Жавзмаа гуай сүүлийн үед эрх баригчдын эгдүүцлийг төрүүлээд байгаа гэх. Гэлээ ч одоогийн ерөнхий аудиторын УИХ-аас зургаан жилээр томилогддог бүрэн эрхийн хугацаа нь дуусах хараахан болоогүй юм байна.
АНУ-д ажиллаж байгаа Элчин сайд Р.Болдын оронд Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун очих бололтой. Баабарыг ажлаасаа халагдсаны дараа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Л.Эрдэнэчулууныг зөвлөхөөрөө авъя гэжээ. Гэвч архаг дипломатч татгалзсан хариу өгсөн гэнэ. БНХАУ-д суугаа Элчин сайд Л.Амарсанааг ёс зүйн алдаа гаргасан гэдэг шалтгаанаар эгүүлэн татаж байгаа юм байх. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг тэнд очих ажээ. Энэ томилгоонд Ерөнхийлөгч Н.Багабанди биечлэн оролцож байгаа гэх бөгөөд Б.Батхишигийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд бусдыг нь Элчин сайдаар батламжилна гэдгээ мэдэгдсэн сурагтай. Энэ мэтээр Болгарт суугаа Б.Даш-Ёндонг эгүүлэн татахын зэрэгцээ дахин өөр улсад томилох, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатарыг Англид Элчин сайдаар батламжлах гээд томилгоо ар араасаа үргэлжлэх юм байна. Хуучин, шинэ Элчин сайдуудын халаа, сэлгээний асуудлыг уржигдар болох байсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой байжээ.
Я.ЖАРГАЛ
2005.04.29, Ардын эрх