Ардчилсан нам хөдөлгөөнд орж, монголын улс төр дахин бужигнах нь
Тэд
-Ардчилсан намын дарга Р.Гончигдорж, дэд дарга Б.Мөнхтуяа, Н.Батбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж нарын бүрэлдэхүүнтэй удирдлагыг зургадугаар сарын 16-ны дотор огцорч, эрх мэдлээ намынхаа буриа сахиж үлдсэн УИХ дахь 6+1 гишүүдэд шилжүүлэх,
-Үндэсний чуулганы товыг долдугаар сарын 1-ний дотор зарлан хуралдуулах
-Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ зургадугаар сарын 24-ний дотор тарах гэсэн шаардлагыг тавьж байна.
Тэдний шаардлагыг одоогоор ҮЗХ-ны П.Улаанхүү нарын 11 гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал намын албан тушаалаасаа татгалзаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зарлагдсанаас хойш Ардчилсан нам дотор дээр дооргүй намын шинэчлэлийн талаар яригдаж буй.
Ардчилсан намаа аврах хөдөлгөөнийхөн удирдлагаа лидер хэмээх лойдерууд гэж нэрлэж, нам доторх Алтан гадас, Ардчилсан холбоо, Мүдняк хэмээх фракцуудын сөргөлдөөн жөтөөрхөл, урвалт шарвалт хэрээс хэтэрч байна гэж мэдэгдэв.
Уг нь тэд өнгөрсөн 3-р сард болж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан үндэсний П чуулганаар бусад хэмээх асуудалд ҮЗХ-нд итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэхээр санал оруулсан ч хууль бус аргаар санал хураалт явуулсан гэж мэдэгдэв. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид үеэр намын дотоод асуудлыг ярих нь зохимжгүй гэж үзсэн бололтой юм. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад нам дотор болсон үйл явц болон, өдгөөгийн удирдлагуудын үйл ажиллагаа нөлөөлснийг бас хэлэхээ мартсангүй.
ҮЗХ-ны гишүүд жилд нэг сая төгрөгийн татвар төлдөг. Энэхүү хуримтлалаас сонгуульд нэр дэвшигчээ дэмжих арга хэмжээнд зарцуулдаг ёстой. Гэтэл харин ч эсрэгээр намынхаа тугийг хүртэл 600 мянган төгрөгөөр үнэлж М.Энхсайханы штабаас гаргуулж авсан. Нэр дэвшигчийн гарааны 50 сая төгрөгийг намаас гаргаагүй, бүр унаа тэргээр туслах нь бүү хэл намынхаа сонины нэг ч дугаарыг зориулаагүй гэх мэтчилэн баримтуудыг тэд дурдсан байна.
62-ийн бүлэг болон Их эвсэл урт наслах уу?
Ардчилсан намын мөхөл сүйрлийн талаар яригдаж байгаа энэ үед аврах хөдөлгөөн-ийнхний энэ мэдэгдэл даарин дээр давс нэмж буй мэт. Гэвч дараалан болж буй үйл явдлуудаас Ардчилсан нам дотор эвлэрэл шинэчлэл, эсвэл мөхлийн үйл явц дуншиж байна уу гэх сэтгэгдэл төрөхөөр байна.
Бараг өөрөө мэдээгүй шахам байхад нь намын дэд дарга болгочихсон Р.Амаржаргалын хувьд хамгийн түрүүнд удирдлагаасаа татгалзсан нь тийм ч гайхаад байхаар зүйл биш байх. Харин өдгөөгийн удирдлагууд болох дарга Р.Гончигдорж, дэд дарга Б.Мөнхтуяа, Н.Батбаяр, Ц.Цолмон нар шаардлагыг хэрхэн хүлээж авч байгаа нь тодорхойгүй.
МАХН-ын бүлэгт нэгдээгүй зургаа буюу УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Л.Гүндалай, Ж.Батхуяг, О.Энхсайхан , Ж.Батхуяг , О.Энхсайхан нар бичил фракц үүсгэн байн байн хуралдаж, Ардчилсан намын бүлэг байгуулах гарц хайж байгаа. Хүний хашаанд хургаа махлуулж байгаа гишүүд ч сэтгэл хоёрдон нааш цааш гүйлдэх болсон. Р.Бадамдамдин, Батж.Батбаяр нарын зарим гишүүн МАХН-ын бүлгээс гарах санаа өвөрлөснөө ч цухалзуулж байгаа аж.
Р.Гончигдорж намынхаа нөхдийн шаардлагыг хүлээж авснаа илэрхийлж МАХН-ын дэд даргаасаа салах гэсэн боловч МАХН-ынхан түүнийг тавьж явуулсангүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуулиар намын зүгээс хангалттай ажиллаагүй гэсэн шүүмжлэл түүн рүү чиглэж буй. Тиймээс ямар ч гэсэн үндэсний чуулганаа хуралдуулж нэг тийш харахаас өөр аргагүй гэсэн тулгалт бий болоод байгаа аж.
Үндэсний зөвлөлдөх хорооны хувьд нийт гишүүдийн төлөөллийг бүрдүүлж чаддаггүй гэсэн хардлага байгаа. ҮЗХ-нд Алтан гадас фракцын 60, мүднякуудын 60 орчим гишүүд байгаа. Дээрээс нь М.Энхсайханы фракцын гэгдэх 30 орчим гишүүн, үүн дээр сүүлийн үед урваач шарваач гэгдээд байгаа МоАХ-ын 30 орчим гишүүн аль тийш хандрах-аас шалтгаалан асуудал шийдэгддэг болж. Тиймээс ч Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг шинэчлэх ёстой гэсэн шаардлага гарч ирж байгаа бололтой.
Болж буй үйл явдлын талаар зарим гишүүнээс байр сурийг нь сонирхсон юм. Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал тус хөдөлгөөнийхний тавьж буй шаардлагатай танилцаад дараа нь хариулт өгнө гэсэн юм.
УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Мөнхтуяа Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийдэх ёстой.
-Намаа аврах хөдөлгөөнийхөн өнөөгийн удирдлагаа огцрохыг шаардсаныг та юу гэж үзэж байна вэ?
-Намаа аврах хөдөлгөөнийхөн гэсэн хэдэн хүн тийм зүйл яриад байгаа. Хэн ч хөдөлгөөн байгуулж, ярьж болно. Намын удирдлага огцрох эсэхийг бид шийддэг юм биш. Дүрэм журмынхаа дагуу намын удирдах дээд байгууллага шийдэх ёстой юм.
-Тэгэхээр удахгүй танай намын удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах байх гэсэн байр суурьтай байна уу?
-Ер нь миний хувьд Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийдэх ёстой гэж үзэж байна. Одогоор яг хэзээ хуралдах талаар товлсон зүйл алга.
-Үндэсний чуулганыг яаралтай хуралдуулах талаар та юу гэж бодож байна?
-Сонинд тийм зүйл гарсан байна билээ. Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар хэлэлцээд сонгосон нөхдийнхөө итгэлийг хүндэтгэж, намынхаа сайн сайхны төлөө зүтгэж яваа гэж ойлгож байгаа. Хэн дуртай нь хэсэг хугацааны дараа, ямар нэгэн зүйл таалагдахүй бол би больё оо гээд байж болохгүй биз дээ. Үнэхээр болих бол ганц хоёрхон сарын өмнө болсон хурал дээрээ хэлж болох л байсан шүү дээ. Өнөөгийн удирдлага сонгогдоод тав, зургаан сар болж байна. Энэ богино хугацаанд яагаад өөрчлөх хэрэгтэй гэсэн юм бол? Миний хувьд намын даргын төлөө маргалдаад байх зүйл байхгүй. Ардчилсан нам үйл ажиллагаа явуулж байгаа. Цаг хугацаа нь болоод шаардлагатай гэж үзвэл шийдэх дээд байгууллагын хуралдаан дээрээ нэрээ татах хэрэгтэй л дээ.
А. Туяа
005.06.13,Ардын эрх