Гар утасны ОЛЗТОЙ ирсэн халаасны хулгайчдыг цагдаагийнхан барив
Үнэхээр шуурхай сайн ажилласан цагдаагийнханд талархахаас аргагүй. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Норжин дэлгүүрт бага үдийн алдад үйлчлүүлж явсан бүсгүйн гар утас сэлтийг хулгайлаад улмаар ул мөр үлдээлгүй зугтан одохоор хамтрагчийнхаа машин руу гүйн орж ирсэн хоёр хулгайчийг машин дотор нь цагдаагийн төлөөлөгч залуу хүлээгээд сууж байв. Одоогоос гурван жилийн өмнөөс буюу 2002 оноос эхлэн бусдын гар утас, мөнгө төгрөгийг хулгайлан одогч бүлэг ийн гэнэ сэрэггүйхэн баригдав. Халаас, цүнх ухагч 15-16 насны хоёр хүүгийн ан нь зөвхөн бүсгүйчүүд. Дэлгүүр хоршоогоор орж хоол хүнсээ цуглуулж яваа, эс бөгөөс гудамжинд найз нөхдийнхөө хамт ажиггүйхэн алхах хүүхнүүдийн цүнх, халааснаас гар утас, хэтэвчтэй мөнгийг нь суйлаад шууд л машиндаа суун одно. Хохирогчид гэмт этгээдийг ард урд яваа хэн нэгнээс эрэхээс биш хэдийнэ машинд суугаад сураг алдарсныг тэр бүр мэдэхгүй. Харин халаасны хулгайчдын хамтрагч, жолооч залууг Н.Мөнхбат гэдэг аж. Түүнийг халаасны хулгайчууд өдрийн 15-20 мянгаар хөлсөлдөг бололтой. Үүнийгээ өчигдөр тэрээр баригдсан байх үедээ Би эдэнтэй хамтарч хулгай хийдэггүй. Тэд надад өдөрт 20 мянгыг төлье гээд л хөлсөлдөг байсан юм гэж амандаа гүвтнэн уцаарлаж байлаа. Уг нь Н.Мөнхбат өмнө нь хоёр ч удаа хулгай хийж яваад баригдаж байж. Гэхдээ тухай бүрт хулгайлсан зүйлсээ цагдаагийнхны гарт атгуулаад л. зугатчихаад байсан гэнэ. Түүнчлэн түүний хамтрагч хоёр хүүгийн нэг нь хэрэг бүртгэлтээс оргон зайлж, бүтэн жилийн турш эрэн сурвалжлагдаж байжээ. Хүүхдүүд хэдийгээр элэг бүтэн, аав, ээж, ах дүүсийн хамт амьдардаг байсан ч хулгайн замд орсноосоо хойш траншей зэргээр хоноглон өдөр нь ан-даа гардаг байна. FORD маркийн УБЭ 48-50 дугаартай улаан өнгийн машинаар хотын гудмаар хөндлөн гулд тэнүүчлэн хэргээ үйлддэг байсан тэдний машиныг өчиг дөр журамласныг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Л.Лхагва бидэнд мэдэгдэв. Тэрээр уг машины эзэмшигч, насанд хүрсэн Н.Мөнхбатыг хулгайн хэргээс нь гадна тээврийн хэрэгслийг гэмт үйлдэлдээ ашигласан, насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татсан гэдэг зүйл ангиудаар үргэлжлүүлэн шалгах болно гэлээ. Автомашин хөлөглөсөн халаасны бүлэг хулгайчид хотын гудамжаар хөлхөөд байна гэсэн мэдээллийг авснаасаа хойш барааг нь хараад л алдаад байсан хүчнийхэн өнгөрсөн тав дахь өдөр машины улсын дугаарыг олж, өчигдөр ийн баривчиллаа. Энэ удаагийн бүлэг хулгайчид биш ч ер нь халаасны хулгайч нар үйлдэл дээрээ баригдмагцаа судсаа ханаж цагдаагийнхныг сандаргаж байгаад зугатдаг, эс бөгөөс тэндээсээ эмнэлэг рүү шилжин улмаар суллагддаг ганц аргатай гэнэ. Биднийг өчигдөр тэнд байх үед эүүн гарынхаа гол судсуудыг хэдэнтээ ханасан, мөн л 15-16 орчим насны нэгэн хүү халаасны хулгайн хэргээр баригдаж ирээд байсан юм.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-06-15 145)