АЖ П.Цэрэндагва Урлаг нэг өвчилчихвөл эдгэдэггүй..
Найруулагч зохиолоо анх уншаад л гол дүрд таныг тохирох юм байна гэсэн сэтгэгдэл төрсен гэж ярьж байсан. Нийгмийн сэтгэл зүй рүү өнгийсөн энэ жүжгийн гол дүрийг төгс гаргаж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бол. Таны зиндааны жүжигчинд ямар үед аархал, өөртөө бардамнах сэтгэл төрдөг вэ?
-Шөнө амталсан нулимс жүжгийн зохиол бол цаг үсэ соргогоор мэдэрсэн нийгмийн амьдралыг олон өнцгөөс харж чадсан сайн зохиол. Зохиол сайн байна гэдэг жүжигт ажиллах, зохиолыг жүжиг болгох гэж зүтгэж яваа ансамбелийг түлхэх хүч болгож өгдөг тулгуур хүчин зүйл юм. Миний дүр болох Тэрбишийн хувьд өөрөөр хэлбэл Шөнө амталсан нулимс жүжгийн гол дүрийн хувьд дүрээр дамжин дүр тодорхойлогдоно гэсэн дүрэм үйлчилж байгаа юм. Жүжгийн үйл явц, жүжгийн бусад дүрүүдийн уйл хөдлөл, харилцан яриа болгоноор Тэрбиш гэдэг хүний байр байдал тодорхойлогдож байгаа юм. Ер нь жүжигчин хүн Би болчихлоо, би чадчихлаа л гэж бодож эхлэх юм бол зэвэрч байгаагийн шинж. Би хэзээ ч би үүнийг чадна гэж дүр дээр ажиллалгүй орхиж байгаагүй. Дүр болгон дээр шинэ жүжигчин шиг ажиллаж, бэлддэг. Эргээд бодоход би том жижиг нийлсэн 100 гаруй дүр бүтээсэн байдаг юм билээ. Дүр бүрийг бүтээх гэж хөлсөө гаргаж, зүтгэж ажилласан учраас би бүгдэд нь хайртай. Хийснээ эргээд харахад дутуу ажилласан, муу бүтээсэн, алдаа гаргасан зүйл олон байдаг. Дахин тоглохдоо алдаагаа засах, урьдахаасаа улам сайжруулахын төлөө зүтгэдэг дээ.
-Та өөрийнхөө амьдралыг театргүйгээр төсөөлж үзсэн үү? Энэ үед ер нь юу бодогдож байх юм?
-Би өөрийгөө хэзээ ч театргүйгээр төсөөлж байгаагүй юм байна шүү. Ажил амьдралынхаа гарааг эхэлснээс хойш энэ хөдөлмөрт зүтгэлээ. Жүжигчний мэргэжил бусад мэргэжлээс тэс өөр. Энэ мэргэжлийг эхэлж болдог төгсгөж болдоггүй. Жүжигчний мэргэжил гэдэг бол халдварт өвчин юм. Энэ өвчнөөр өвчилсөн хүн эдгэшгүй. Би өөрийгөө азтай хүнд тооцож явдаг. Уч ир нь надад алтан үеийнхэнтэйгээ ажиллах хэн хүнд олдоод байдаггүй аз завшаан таарснаараа тэр агуу хүмүүсийн мэддэг чаддагаас өөрт байгаа халбаганыхаа хэмжээгээр хутгаж авсан. Дунд үеийнхэнтэйгээ ажиллалаа, одоо залуу үеийнхэнтэйгээ ажиллаж байна. Ахмад үсэсээ суралцах гэж, хөлийнх нь хурдыг гүйцэх гэж би бараг гүйж байсан. Дунд үеийнхэнтэйгээ, өөрийнхөө үеийнхэнтэй гэсэн үг шүү дээ, хийж бүтээхийн их авд театрын алтан тайзан дээр мөр зэрэгцэж өрсөлдлөө. Одоо залуу үеийнхэнтэйгээ хэл нийлж, тэднээс хоцрохгүй гэж, мэддэг чаддагаа тэдэндээ нялзаах гэж цаг наргүй л шогшиж явна. Урлаг надад хөлөө жийх зав зай өгөхгүй л байна. Би хөгшрөхгүи гэж амлаж чадахгүй харин хоцрохгүй гэж амлаж чадна. Хоцрохгүйн тулд ч хичээж зүтгэж явна.
-Урлагийнхан янз бүрийн мэргэжлийн хүрээнээс урлагт урвасан байдаг. Жишээ нь АЖ Долгор Хөдөө Аж Ахуйн мэргэжилтэй байсан бол, УГЖ Түвшинтөгс талхчин байсан гэдэг. Харин таны хувьд яагаад урлагийг тэр тусмаа жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?
-Жүжигчний мэргэжил гэдэг бол энэ мэргэжилд дуртай хүн бүхний хийгээд байдаг ажил биш. Анх би жүжигчин болно гэж энэ ариун сүмийн босгыг алхаж орж ирээгүй юм. Алтан үеийнхний авьяас чадварт дурлачихсан тоглосон жүжиг, киног нь үзэх дуртай нэгэн явж байгаад л шалгуулж үзье гэж шийдэж шалгалтанд ороод алтан үеийнхний нүдэнд өртсөн минь миний жүжигчин болох үүдийг нээж өгсөн юм. Би урлагт дуртайгаас гадна сэтгэлтэйдээ театрт үлдсэн. Жүжигчин бол дуртай хүн бүрийн хийгээд байдаг ажил биш. Урлагийн төлөө сэтгэлтэй, цохилох зүрх, буцлах халуун цустай хүмүүсийн хийдэг ажил.
-Та урлагт шунан дурлаж, алтан тайзыг нь эзэгнэснийхээ хариуд юу олсон бэ? Миний мэдэхийн амьдралын тань ханьтай театр учруулж, Ардын жүжигчин цол өгснийг мэдэж байна?
-Хүн амьдралдаа юуг олж авч болдог юм тэр бүгдийг би театраас олж авсан. Театр надад бодрол, тэвчээр, сэтгэлийг надад өгсөн. Эндээс би ханиа олж авсан, тийм учраас театр миний амьдралын нэг хэсэг. Хоёргүй үнэнч сэтгэлээр урлагт зүтгэх сэтгэл, хоёргүй үнэнч сэтгэлээр хайрласан ханийг минь надад өгсөн урлагийн энэ ариун сүмд би төлж дийлшгүй өртэй хүн.
-Хоёул хоёулаа урлагийн хүн байна гэдэг бие биенийхээ зовлон жаргалыг хувцаалцах гэдэг үүднээсээ түшигтэй байдаг уу? Анх Мэндбаяр эгчийг олж харж, сэтгэл алдарсан тэр мартагдашгүй торгон мөчөө бидэнтэй хуваалцаач?
-Хэзээ ч мартэгдашгүй, үргэлж санагдах, өвдөх үед эм, ядрах үед эрч хүч болсон сайхан дурсамж байлгүй яахав. Монголын сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болсон сайхан эмэгтэйг ханиа болгох хувь заяа надад олдсон. Манай хүний сэтгэлийг минь татсан залуу насны сайхан дүр зураг Энэ хүүхнүүд үү киноны толинд хараад гэзгээ сүлжин зогсч байдаг хэсэгт үлдсэн байдаг. Тахимаа шүргэсэн сайхан хар гэзэгтэй тэр дүр зураг сэтгэлд минь тэр чигээрээ зурагдаж үлдэж. Сайн ханьтай эр хүн жаргадаг гэж үнэн юм. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа нь ханийн минь хайр халамжаас эхтэй. Хоёулаа нэг зүг рүү харж, нэг юмны төлөө зүтгэж яваагийн хувьд ижил мэргэжилтэй уран бүтээлч байна гэдэг түшигтэй сайхан. Нөгөө талдаа хувь хүний хувьд амьдрал ахуй авч яваа эхнэр нөхөр гэдэг үүднээс авч үзэхэд хоёул хоёулаа цаг наргүй ажилтай байна гэдэг хэцүү. Буянтай сайхан хөгшчүүл минь байсан учраас хүүхдүүдийг минь бөөцийлж ар талыг минь бат дааж байгаа тулдаа бид хоёр ажилдаа бүхий л чадлаа дайчилж ажилласан байдаг.
-Сайхны өмнө харц буруугуй гэж ярьдаг. Та Мэндбаяр эгчээс өөр эмэгтэйд сэтгэл татагдсан тохиолдол байдаг уу?
-Хань минь намайг өөр эмэгтэйд хайрлах зай өгөлгүй намайг хайрлаж, халамжилж, бөөцийлсөн учраас хэн нэгэнд тийм боломж олгоогүй. Ханьдаа би өдрөөс өдөрт, цагаас цагт улам татагдаж үгүйлж амьдардаг. Эмэгтэй хүн нас тогтох тусмаа улам сайхан болдог юм шүү дээ.
-Урлагийг үнэлэх тогтолцоо алдагдчихсан үед жужигчний бяцхан цалингаар амьдрах хэцүү. Ажлынхаа хажуугаар хоёр зэрэг багшлаад ч хангалттай амьдрах боломжгүй. Тэгэхээр танай гэр бүлийг амьдралыг зоосны нүхээр биш сэтгэл ханамж, урлагийн төлөө гэсэн уур амьсгалаар үнэлдэг гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Түүнээс гадна асуултанд чинь би маш товч хариулъя. Би бол аавын аягатай өрхийн тэргүүн.
-Мэндбаяр эгч та хоёр залуу үеийг сургах, бэлтгэх ажилд ханцуй шамлан ороод багагүй хугацаа өнгөрч байна. Жүжигчин болохыг хүсэгчдийг олоход амархан, жинхэнэ жүжигчин болох хэцүү гэж ярьдаг. Ясны жүжигчин байхаар заяагдсан хүмүүс олдож байна уу?
-Наад асуудал чинь маш их сэтгэл зовоож байгаа юм. Манай их дээд сургуулиудын тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлэга байна. Урлагт дуртай хүүхдүүд олон байгаа нь нэг талаас баярлууштай боловч жинхэнэ жүжигчин болчихоор, урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэчих хүүхдүүд ховор байгаа нь харамсалтай байна. Бид хоёрын хүүхдүүд сургах гэж зүтгэсний учир нь өөрсдөөрөө дуусчихгүй юмсан, алтан үеийнхнээсээ сурч мэдэж авснаа зөвхөн өөртөө үлдээхгүй юмсан, урлагийн тогооноос өөрийнхөө халбагаар хутгаж авснаа хүмүүст хүртээчихсэн гэж мэрийж явна.
-Эр хүнийхээ хувьд та эртний эдлэл ч юмуу хутга, буу шийдэм цуглуулж, сонирхдог уу?
-Ёстой тийм сонирхол байдаггүй юм. Ялангуяа амьтны амь таслаж, улай үзэх бур дургүй. Ээж минь намайг ийм сонирхлоос ангид хүмүужүулсэн юм.
-Эр хүн байна ядаж хонь гаргачихна биз дээ?
-Хонь ч муулдаггүй.
-Тэгвэл өөрт олдсон өчүүхэн цаг заваа ихэвчлэн юунд зарцуулдаг вэ?
-Манайх гурван хүүхэдтэй айл. Хүүхдүүд минь өсч айл орон болцгоож хөгшин бид хоёрт ач зээ нийлсэн найман дайсны цэрэг бэлэглэчихээд байхад надад хийх ажил юу эс мундахав. Чөлеөт цагаа ихэвчлэн ач зээтэйгээ барилдаж тоглож өнгөрөөдөг дөө. Хүн ер нь нас ахих тусмаа ханиа хайрлаж, үр ачдаа уярч амьдардаг юм байна. Залуудаа бид хоёр хүүхдүүдээ хөгшчүүл дээрээ орхичихоод хөдөөгиин уул талаар соёлын үрийг тарина гэж бригад явж тоглолт хийсээр өнгөрөөж. Хүн чинь үр хүүхдээсээ илуу ач гучдаа хормой дэвсч, хошуу цорвойлгодог юм байна. Ухаандаа хүүхдүүддээ өрөө төлж байгаа нь энэ юмуу даа.
-Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал хүсье!
Ярилцсан Ц.Төмөрхүү
mongolica 2005