Дэлхийн гал тогоо
Шинэ он гармагц бурхандаа хоол цайны дээжээ хамгийн түрүүнд өргөдөг Хятадын ард түмэн хоол хүнсний маш нарийн мэдрэмжтэй улс. Хятад хоол нь чанарын хувьд Франц хоолтой адил гэж бусад улс үздэг байна.
Энэ улсад хоол хийхийг урлагийн бүтээл хийхийн дайтай үнэлдэг бөгөөд яруу найрагчид, гүн ухаантнууд хоолны талаар олон зохиол бичиж бүр хоолны цэс ч зохиодог байжээ. Тиймээс бид мянган жилийн тэртээд хийсэн цэсийг ч энэ улсад олж үзэж болох гэнэ.
Хятад улс аль эртнээс хүн ам нь шигүү суурьшсан орон. Өрх гэрүүд нь олон хүүхэдтэй, ядуу байсан учир хоол хүнс, түлээ түлш дээр үрэлгэн хандах боломжгүй байсан үе түүхэнд бий. Тиймээс тэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байхын тулд түүхий бүтээгдэхүүнийг сайтар жижиглэж бага түлшээр болгодог байсан уламжлал нь одоо ч үлджээ. Тэд хурдан халж болгох зориулалтаар хумбагар тогоо, нэг дор олон хоол хийх зориулалтаар сүрлэн жигнүүр ахуйдаа нэвтрүүлсэн нь одоо ч хэрэглэгдсээр байна. Хятад хоол хэдхэн хормын дотор болдог бөгөөд тэгсэнээр бүтээгдэхүүний амин дэм эрдэс бодис нь тэр хэвээрээ үлдэж чаддаг байна. Маш олон төрлийн жимс, ногоо, амтлагчтай байдаг тул 30-40 нэрийн бүтээгдэхүүнээр 1000-аад хоол хийдэг жишээтэй.
Зоогон дээр хоол өгөх дараалал нь европынхноос арай-өөр. Шөл буюу нэгдүгээр хоолыг зоогийн дундуур эсвэл төгсгөлд нь өгдөг байна. Хуурга, салат зэрэг нь европын дундад зууны үе шиг нэгэн зэрэг ширээнд тавигддагаараа онцлогтой. Цай ундааны хувьд яг төдийд гэсэн дүрэм байхгүй ч зоог эхлээд дуустал хүмүүс цайгаа уусаар байдаг гэнэ.
Хятад орны хоол нь тухайн муж аймгаасаа шалтгаалж өөр байх жишээтэй.
Нутгийн хойд зүгийн хүн ам Хятадын хааны ордон, төрийн өндөр түшээдийн зиндаанд бэлтгэдэг байсан тиим хоол зооглодог. Тэгвэл баруун зүгийн нутгуудаар жишээ нь Сычуань мужид хүмүүс хурц хоолонд дуртай байхад, Гуандунд далайн амьтдаар хооллох сонирхолтой гэнэ. Зарчмын ийм ялгаанууд дээр тулгуурлаад Хятад орны хоол дэндүү баялаг дэндүү амттай гэгддэг байна.
(гялбаа 2005-11)