УГЖ Г.Цогзолмаа гуайн хэнд ч хэлээгүй далд дурсамжууд
хэрэглэдэггүй, бидний үед ер нь тиим л байсан даа, хөмсөг, уруулаа л буддаг байсан юм. 50 нас гарснаас хойш л пудра хэрэглэж эхэлсэн. 1930-аад оны дунд үед эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн ховор байсан болохоор хүүхнүүд сүү саалийнхаа тосыг хэрэглэдэг байсан болов уу. Зарим хүүхнүүд хятадуудын авчирсан пудра, будгийг их хэрэглэдэг байсан, их цагаан царайтай байсан санагддаг.Харин 1937, 1938 он гараад Германаас гоо сайхны бараа зардаг Герман дэлгүүр нээгдэж, хүүхнүүд их хэрэглэх болсон. Оросын бүтээгдэхүүн тиим ч сайн байгаагүй дээ. Оймс, брет малгай гээд герман бараагаар л их гоёдог байсан. Тэр үеийн эмэгтэйчүүд нүүрээ муту цаасаар тусгайлан арчдаг бай. 1940-өөд оноос эхлэн хүүхнүүд нүүрээ их янзалдаг болж, Оросын Снежинка гэж одоо бодоход пудратай тос их түрхдэг, тэр нь их цагаан болгодог байлаа. Ер нь хүүхнүүд одоогийнх шиг их буддаггүй, жүжигчид л их будаг хэрэглэж тайзан дээр гардаг, харин хүүхнүүд үсээ их янзалдаг байсан. Одоо шиг олон үсчид байдаггүй, гэртээ авчирж янзлуулдаг байлаа. Их олон янзаар засуулдаг, 30-аад онд гэзгээ тайраад богино, тэгш болгож, улаан цагаан малгай, сувдан самаар гоёдог байсан. 40-өөд онд өдөн малгай их ганган, 1000 төгрөгөөр авч өмсдөг байсан. Дараа нь нэг үе алчуурыг янз бүрээр толгойгоо;боож гоёдог байсан. 40-өөд онд жүжигчин хүүхнүүд их нэр хүндтэй, 50,60-аад онд эмч хүүхнүүд их моод байсан. Бас 6 сар барьдаг буржгар хими хийлгэж гоёдог байсан.
-Та үсний загвараа их зоригтойгоор өөрчилж чаддаг байсан уу?
-Их зоригтой яаж л бол яаж өөрчилдөг байсан. Хумс засалтын тал дээр яаж анхаардаг байсан? Хумсаа янзлуулдаг байсан. 1940-өөд оноос эхлэн засаж эхэлсэн. Урт ургуулдаггүй харин лак, ацетон байдаг байсан. Харин голдуу улаан лакаар буддаг байсан. Таны залуу үеийн өнгө? Бидний үед их зөөлөн, даруу өнгийг ихэвчлэн хэрэглэдэг байсан. Харин жүжигчид бид улаан, шар, ногоон гээд их тод өнгийг зоригтой сонгож хувцсаа хийж өмсдөг байсан.
-Таны залуу цагийн хувцасны шүүгээнд?
-Их олон янзын хувцас байдаг байлаа шүү дээ.
-Таны үед загварын өөрчлөлтийг хэрхэн яаж, хэн хийдэг байсан бэ?
-Мэдээж тэр үед дизайнер гэж байгаагүй. Бид өөрсдөө л хувцсыг их олон янзаар хийж өмсдөг байлаа шүү дээ, дан дээлний моодыг чинь бид анх гаргасан юм. Жижиг нударга, хантаазыг өмдтэй, юбкатай хослуулсан гээд. Дээлний энгэрийг олон янзаар зоригтойгоор өөрчлөн хийж өмсдөг байсан. Ганган хээнцэр залуусын тухай?
Их олон байсан. Сүхбаатар кинонд тоглосон Рэнцэнноров гэж их сайхан эмэгтэй байсан. Тэр бүр гоёод байхгүй ч, дандаа биеэ сайхан авч байдаг. Мөн Долгорсүрэн байна. Цогт тайжийн Хуланд тоглодог. Хөмсөг шүд сайхантай, их гоё өтгөн үстэй, Цагаан Долгорсүрэн гэгддэг янз бүрийн малгайгаар их гоёдог хүүхэн байсан. Мэнгэт Долгорсүрэн, Тумараа, Нүдний Нямаа гээд их олон эмэгтэйчүүд байсан.
-Тухайн үеийн эмэгтэйчүүдийн шалгуур?
-Тухайн үед бол царай, хувцаслалтаар л их хардаг байсан. Одоотой адилгүй байсан. 15 -ны сар шиг жирвиисэн хөмсөгтэи, жимсэн улаан хацартай гээд дуулдаг шүү дээ. Том царай, тод хөмсөг, улаан хацартай хүүхнүүд гоёд тооцогдоно. Эрчүүдийн хувьд? Хар малгай Жамбал гэж их гоё хүн байсан. Ваанчигсүрэн гэж циркчин хүн байсан. Ширэндэв, Дангаасүрэн гээд их сайхан биеэ авч явдаг хүмүүс байсан. Тухайн үед удирдах хүмүүс болон цэргийн хүмүүс маань их сайхан хувцасладаг, үнэхээр үлгэр жишээ ч байж чаддаг, тэднийг бусад залуус их дуурайдаг байсан. Өмдийг цог хийдэг индүүгээр хутганы ир шиг болтол нь индүүдэж, гутлаа толь болтол нь өнгөлж өмсдөг байсан.
-Эрчүүдийн гол шалгуур?
-Хувцаслалт болон биеээ авч явах байдал. Мөн сайхан харьцаа гэдэг их чухал байсан. Тэр үеийн сайхан эрчүүд хүнтэй их сайхан харьцдаг, соёлтой байсан юм шүү.
-Одооны охид, бүсгүйчүүлийг гадаадынхнаас дутахгүй гэж ярьдаг болсон. Анх та монголын урлагииг төлөөлөн олон улсын наадамд оролцож байхад эмэгтэйчүүдийнхээ талаар ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Гологдох, эсвэл бахархах гээд?
-Гадаадад анх очиход европ хувцас өмсөж очиж байсан. Ялгагдах юм байхгүй. Харин ч монголчууд жижиг биетэй байдаг. Харин монгол дээлээ өмсөөд алчуураараа гоёход их өөр болдог. Гадныхнаас ялгараад л ирдэг байсан. Монгол үндэсний хувцас гэдэг чинь бидний онцлогт их тохирсон аргагүй л бидний хувцас шүү дээ.
-Тухайн үед таны үеийн залуучууд хаанаас хувцасны моодыг олж мэддэг байсан бэ?
-Германы моодыг их сонирхдог, сэтгүүл их уншдаг байсан. 40-өөд онд их том тэвхгэр мөр моодонд орж байсан. 50,60-аад онд бол моодны талаар бүр их элбэг болж ирсэн. Гадны моодыг их хардаг байсан. Ер нь л сайхан эмэгтэйчүүд нэг их моодноос хоцордоггүй байсан.
-Моод давтагддаг гэдэг шүү дээ. Та моодны өөрчлөлтүүдээс олж харж чаддаг уу?
-Чадна. Бидний үед бол монгол дээлний загвар ч өөрчлөгддөг байсан шүү дээ. 30-аад онд бол монгол дээл маань урт нарийхан болж ирээд сүүлдээ богиносоод богиносоод 60,70-аад онд мини болж ирж байлаа шүү дээ. Ер нь бол монголчууд моодноос хоцорч байгаагүй гэж боддог. Дагаад л явж байсан. Гэхдээ манайх ер нь ази талыг дууриадаггүй, европ талдаа байдаг байсан.
-Таны амьдралдаа хамгийн их таашаал авч байсан мартагддаггүй нэгэн зүйлийнхээ тухай?
-Энэ бол мэдээж олон улсын наадамд оролцож, Монгол гэдэг нэрээ гаргана гэдэг л хамгийн сайхан байсан. Бидний үед Монголын урлагийг их нэр хүндтэйгээр хүлээн авдаг байсан. Дэлхийн Залуучууд Оюутны Анхдугаар Их Наадамд оролцож байхад Монголчууд урлагийн ийм өндөр соёлтой улс байсан юмуу гэж гайхаж байсан. Манайхан чинь аль хэдийн сонгодог урлаг хөгжчихсөн дээр нь уран нугаралт гээд их олон сонирхолтой тоглолт хийж гайхан бишрүүлж байсан.
Тухайн үеийн Монголын урлаг их нэр хүндтэй байсан. Азид ялангуяа их нэр хүндтэй. Биднийг тоглолтоор очиход маш өндөр хэмжээнд хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг байсан. 1953 онд Хятадад тоглолтоор очиход вокзалаас Тянь-Миний талбай хүртэл хүндэтгэл үзүүлж жагсаал хийсэн байсан. Бидний тоглолтыг Мао Зэдунь үзэж хүлээн авалт хийхэд гадны хүн гарч үзээгүй Тянь-Миний асарт Майн нэгний баяраар Циркийн Дамдинсүрэн бид хоёр гарч Мао Зэдуньд цэцэг барьж байлаа. Нэг хашаан дотор байдаг яг бидний замд хөндөлдөөд байсан нэг их сайхан том модыг гадаад хэргийн хэлтсийн дарга нь тайруулж байсан. Хайран мод болохгүй гэхэд Хятад Монголын найрамдалд саад болж байна гэж тайлбарлаж байж билээ. Тэгээд бид Хятадын 12 том хотуудаар явж тоглолт хийж 2 сар болоод ирж байсан. Мөн бид тоглолтоор Энэтхэгт очиж Ганди Неру нар хүлээн авч, биднийг бүр гэртээ хүлээн авч байсан. Ингээд бодохоор тэр үеийн урлагийн төлөөлөгчид үнэхээр нэр хүндтэй байжээ.
-Урлагаас гадна сонирхдог зүйлсийнхээ тухай?
-Социалазмийн үед албан журмаар биднийг мөсөн гулгуурын талбайд аваачиж тэшүүрээр гулгуулдаг байлаа. Залуудаа цэнгээнт бүжиг их хийдэг байсан. Яг өөр их сонирхдог зүйл байдаггүй.
-Эмэгтэй хүний гоо сайхныг та юу юугаар нь олж хардаг байсан?
-Гол нь дотоод гоо сайхан, тэгээд дээр нь ямар ч хүн моод дагахдаа биш өөртөө тохирсноор хувцаслана гэдэг маш чухал. Нэг үе Софи Лорений доогуураа үстэй нэхий дээл их моод болж байлаа. Тэр дээлийг намхан нуруутай хүн өмсөхөд их зохимжгүй харагддаг. Харин нуруулаг хүүхнүүд өмсөхөд их гоё харагдана шүү дээ.
-Таны үеийн эмэгтэйчүүд одоо үеийнхнээс мэдээж олон ялгаа байгаа. Гэхдээ тэд одоогийнхноос тиим юмаараа илүү байсан гэж бардам хэлэх магтаал байна уу?
-Эмэгтэй хүний намба төрх гэдэг чанараараа илүү байж чаддаг байсан. Эмэгтэй хүний намбад олон чанарууд багтана. Жишээ нь даруу гээд ичимхий бүрэг байх биш.
-Та магтаалд дуртай юу, хэрхэн хүлээж авдаг?
-Үнэндээ их магтах зовлонтой, худлаа ч юм шиг хэтрүүлсэн ч юм шиг санагддаг. Олон түмнийхээ хайрыг авах мэдээж сайхан, их баярладаг. Миний үнэнийг олж харж, онож хэлсэн магтаалд дуртай.
-Ихэнх эмэгтэйчүүд бүр турах гэдэг том уриатай байдаг. Таньд болон тухайн үеийн эмэгтэйчүүдэд ийм уриа байсан уу?
-Би нэг хэсэг их таргалж 80 кг болж байсан. Турах гэж их л санаа зовж гэртээ биеийн тамир хийж байгаад тэгээд л аяндаа турчихсан. Миний үеийн эмэгтэйчүүдэд турах гэдэг зүйл байсан. Биеийн тамирыг албан журмаар их хийлгэдэг байсан нь их зөв байжээ. Бидний үед хэтэрхий тарган хүн байгаагүй юм байна шүү.
-Эмэгтэй хүний гоо сайханд нөлөөлөх эерэг сөрөг зүйлсүүдийг нэрлэвэл?
-Эерэг талаасаа, натурал юмыг хэрэглэвэл зүгээр гэж бодож байна. Сэтгэл санаа амгалан, баяр баясгалантай байх чухал. Энэ нь уужуу сэтгэлтэй байна гэсэн үг. Сөрөг талаасаа, их идэх нь сайн биш, бас нүүр будгийг их хэрэглэх муу гэдэг нь хөгшрөөд ирэхэд илт мэдэгддэг. Бас хэт туранхай байх дэмий.
-Нойрны хувьд?
-Нойр бол нэг их чухал бишээ. Хүн их унтах тусмаа улам унтаад байдаг. Хэмжээндээ л байх ёстой.
-Та одоо ч гоо сайхандаа анхаарсаар байна уу? Эсвэл тиим ч их шаардлагагүй гэж боддог уу?
-Настай хүн муухай явж болохгүй. Ер нь нэг их шаардлагагүй, янз бүрийн химийн бүтээгдэхүүн бараг хэрэглэдэггүй. Залуу байхад NIҮEA, Снежинка мэдэгдэхүйц их зохидог байсан. Одоо бол дотоодын чацарганы тос илүү зохидог.
-Өөрийн гоо сайхан байх тал дээр ямар нэгэн зүйлийг орхигдуулан би тэгдэг байсан бол гэж харамсах үе гарч байсан уу? Бүсгүйчүүдэд маань сургам болж магадгүй юм?
-Үнэн л дээ, биеийн тамир хийдэггүй байсандаа харамсах үе гардаг байсан. Мөн өдийг хүртэл гоо сайханд орж үзээгүйдээ их харамсдаг. Эмэгтэй хүн бол өөртөө маш арчаатай байх ёстой. Уйгагүй арчилж байж сая гоо сайхан байна. Гоо сайхны иллэг, тос гээд бүхин л үйлчилгээг тохируулан хэрэглэж, өөртөө анхаарал тавьж хэвших хэрэгтэй гэж бодож байна.
-Та одоо өөрийн хувцаслалтанд шинэ загвар стилийг хэр сонирхож сонголт хийдэг вэ?
-Насандаа тохирсныг л сонгоно доо. Сүүлийн үед шинэлэг гэхээр сонголт хийгээгүй юм байна.
-Цагаан сарын баяраар хэрхэн тэмдэглэдэг, бэлддэг байсан тухай?
-Маш дэгтэй ёс журамтай тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Хамгийн гол нь золголт. Бэлгийг хүүхдүүд л өгч, боов, чихрээр баярлуулдаг байсан, тэд л хамгийн их баярладаг байсан байх. Хамгийн чухал хүндэтгэлтэй хүндээ л жижиг дурдан алчуур бэлдэж бэлэглэдэг байлаа. Архийг бага хэрэглэнэ. Ах захаа дээд зэргээр хүндэлдэг байсан тул ахмадуудын дэргэд архийг амсдаггүй байж дээ. Мөн бууз биш ихэвчлэн банш хийдэг байсан. Хувцаслалтын хувьд ихэвчлэн хүн бүр л шинэ дээлээр гоёдог байсан. Одоо их хүндрэлтэй тэмдэглэдэг болжээ. Мэдээж үндэсний уламжлалаа хадгалах ёстой боловч хүндрэл багатайгаар ах дүү, хамаатан саднаараа цуглаад, сайхан хоол ундтай золголт хийж тэмдэглэвэл зүгээр болов уу. Ууцыг их өндөр настай хүмүүс ирэх ондоо элбэг дэлбэг байхыг бэлэгдэж ёс болгон тавьдаг ёстой байсан, одоо үед дал дөрвөн өндөр гээд хөнгөн маягаар бэлдэж байвал зүгээр гэж бодож байна. Айл бүр ууц тавиад байвал мал сүрэг маань ч цөөрөх биш үү
-Таны гоёл чимэглэлийн талаар?
– Надад үнэт эд тогтдоггүй. Эд тогтдоггүй, савгүй гэж ярьдаг шүү дээ. Амьдралдаа их олон ээмэг, бөгж, бугуйвч, цаг гээж байсан. Одоо ч их үнэтэй эд цөөн. Залуу байх үед сувд, алт хамгийн гоёд тооцогддог байсан. Урт санжгар, сүүжин, саран хэлбэрийн сувдан зүү, сувдан даруулга, сам гээд чамин эдлэл хэрэглэлээр гоёдог байлаа. Эрчүүд голдуу мөнгөөр гоёдог байсан.
-Нийт монголын охид бүсгүйчүүдэдээ захиж?
-Үндэснийхээ хувцсыг хэрэглэж байгаасай. Стиль хэв маяг оруулсан хувцас ямар ч байсан их сайхан зохино гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд маш сайхан хувцасласан олон монгол эмэгтэй хотоо чимэн алхалж яваасай гэж бодож байна.
(гялбаа 2004 3)