Хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх олгоход чирэгдэлгүй болов
Харин Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр 2004 онд байгуулагдсан. Эдгээр хэлэлцээрийн дагуу ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 16 аймгийн 77 сумын иргэдэд хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх олгож байна. Үнэмлэх олгох ажлыг зөвхөн аймаг дээр олгож буй бөгөөд зарим алслагдсан сумдын иргэдэд энэ нь хүндрэл, бэрхшээл учруулж буй юм.
Тиймээс үнэмлэх олгох ажлыг хялбарчлах, иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай болгох нөхцлийг хангах үүднээс Засгийн газрын 1997 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-д өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж тогтоол гаргалаа.
Уг өөрчлөлтөөр журмын гуравдугаар зүйлийн 13 дугаар заалтын 2-т Эдгээр баримт бичиг нийслэлд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга, хэлтсийн дарга, аймагт Иргэний бүртгэл мэдээллийн албаны дарга, түүний эзгүйд тухайн аймгийн Тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сум, нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт сум, дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар нэвтрэх үнэмлэхэд Оросын Холбооны Улс, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан холбогдох хэлэлцээрүүдэд заагдсан хил орчмын сумдын Засаг дарга нар тус тус гарын үсэг зурна гэж заахаар тусгасан байна. Энэ өөрчлөлтийг дагаж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт даалгалаа.
/Оллоо.МН/