Монголын залуус НYБ-ийн гишүүн орнуудыг төлөөлөн хуралдана
их бүтээн байгуулалтын зүг урагшлан буй энэ үед шудрага ёс зүйт иргэн болон төлөвших, илтгэх урлаг, харилцааны соёл, англи хэлээр ярих ур чадвараа дээшлүүлэх нь туурга тусгаар Монгол Улсын ирээдүй хойч үе болох нь залуус бидний эрхэм зорилт билээ хэмээн Улаанбаатар Ротаракт клубын залуус ярьж байна. Тус клуб байгуулагдаад 5 жил болж байгаа ба байгуулагдснаасаа хойш нийгэмдээ зориулж хэд хэдэн ажлыг зохион явуулсанаас нэлээд хэд нь уламжлал болон зохиогддог болжээ. Бүх оддын дуулсан I care do you нэртэй уянгалаг сайхан дууг залуус бүхэн мэдэх байх. ДОХ-ын эсрэг хандивын тоглолт зохион байгуулж энэхүү дууг зохиолгосон эзэд бол Улаанбаатар Ротарактууд юм. Мөн тамхины эсрэг өдрийг тэмдэглэж суртал ухуулга явуулан мөн дуу зохиолгосон, Сэлбэ голын эрэг дэх хог хаягдлыг цэвэрлэх, Амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд хувцас хандивлах үйл ажиллагаа, Цусны Донорын өдөрлөг зохион байгуулсан, Хувь хүний хөгжил сэдвээр залуусын дунд лекц зохион байгуулах гээд олон ажлыг цуврал болгон явуулсаар байна. 2004 оны олон улсын Ротаригийн уриа болох Амьдрал Бэлэглэе сэдвийн дор АНУ-ийн Нью Жерси мужийн Ротари клубын санаачлагаар төрөлхийн зүрхний цооролттой 1 настай Оюунгэрэл охиныг эмчлүүлэн амьдрал бэлэглэсэн юм. Тэдний зорилго бол нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах, олон улсын соёлыг таньж мэдэн энх тайвныг сахиулахад хувь нэмрээ оруулах, клубын гишүүдээ хөгжүүлэх гэсэн 3 үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Ротаракт клуб нь Ротари Интернэшнл хэмээх байгууллагын санаачилсан нэгэн төсөл байсан ба 1965 онд энэ төсөл хэрэгжин тус клубын үйл ажиллагааны суурь тавигдсан байна. Ротари хөдөлгөөнийг 1905 онд АНУ-ын иргэн Пол Харрис үүсгэн байгуулсан түүхтэй. Одоогоор дэлхийн 160 гаруй оронд нийт 1,2 сая гишүүнтэйгээр тус хөдөлгөөн нийгмийн сайн сайхны төлөө нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын хэмжээнд Улаанбаатар, Нийслэл, Хүрээ, Зуунмод, Туул, Баянзүрх 100, Говь гэсэн нийт 7 Ротари клуб байдаг. Улаанбаатар, Хүрээ, Нийслэл, Зуунмод гэсэн 4 Ротаракт клуб байнгын үйл ажиллагаагаа явуулж байна. Ротари клуб бүрийн дор Ротаракт клуб байдаг ба өөрийн Ротари клубын дэмжлэг, туслалцаа, зааврыг авдаг. Yүнээс харахад Ротари болон Ротаракт клубууд маш нарийн зохион байгуулалт, бүтэцтэйгээр оршин тогтож байдаг байна. Ротари клуб нь боловсрол болон эрүүл мэндийн салбарт голчлон хөрөнгө оруулалт хийж тэтгэлэгүүдийг явуулдаг. Улаанбаатар Ротаракт клубт 18-30 насны янз бүрийн салбарт ажиллаж сурч байгаа залуучууд нэгдэн эх орныхоо болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Клубын бүтцийн хувьд ардчилсан хэлбэрээр жил бүр удирдлагуудаа сонгох хэлбэрээр явагддаг. Аль ч гишүүн удирдагч болж болдог нь тун сонирхолтой. Олон улсын дүрмийн дагуу дэд ерөнхийлөгч болж ирэх жилийн сонгогдох ерөнхийлөгч болдог. Ингэж байж ерөнхийлөгч болно гэсэн үг юм. Энэ нь нэг талаараа 2 жилийн өмнөөс ерөнхийлөгчийн байр суурьт бэлтгэгдэн, олон шалгуурыг даван туулж, суралцаж жинхэнэ ерөнхийлөгчийн албанд очдог байна. Мөн санхүү, клубын дотоод болон гадаадтай харилцах хороо, олон нийтэд сурталчлах хороо, мөн клубын гишүүдийг сургалтанд хамруулах хороо гээд бүх гишүүд нарийн хуваагдаж үйл ажиллагаанд хамрагддаг. Иймээс гишүүд тус бүр хариуцсан ажилтай, хүлээсэн үүрэгтэйгээр гишүүнчлэгддэг. Гишүүнчлэгдсэн л бол өөрийн идэвх санаачлагаас шалтгаалан олон давуу эрхтэй. Үүнд Ротари сан болон Ротари клубуудын тэтгэлэгээр олон улсын хэмжээнд зохиогддог сургалт, семинар, чуулга уулзалт, их дээд сургуулиудын суралцах эрхүүд байдаг. Хамгийн гол нь тэд клубын гишүүн гэдгээрээ маш их бахархаж хүндэтгэлтэй ханддагт байдаг. 2000 оноос хойш нийт 30 гаран гишүүд олон улсын хэмжээний уулзалт, сургалтанд хамрагдсан ба 2005 оны хувьд 4 гишүүн Гонг Конгод болдог RYLA наадамд, 6-р сард АНУ-ийн Чикагод болох Ротари клуб байгуулагдсаны 100 жилийн ойн баярт оролцохоор 3 гишүүн, 8-р сард Тайван улсад болох Ази, Номхон далайн орнуудын Ротаракт клубуудын чуулга уулзалтанд 10 гишүүн, 9-р сард АНУ-д магистрын зэрэглэлээр суралцах 1 гишүүн тус тус явахаар томилогдоод байна. Тэдний бахархал бол Бид Ротарактууд, Бид нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, Бид энхтайвны төлөө нэгдсэн гэж ярьж байлаа.
Тус клуб 7 хоног бүр уулзалт зохион байгуулж гишүүдийнхээ мэдлэгийн цар хүрээг тэлэх үүднээс арвин туршлагатай манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, улс төрчид, бизнесмэнүүд, урлаг болон спортын оддыг урьж сонирхолтой ярилцлага өрнүүлж уулзацгаадаг. Сонирхуулж хэлэхэд Ротари болон Ротаракт клубт хэн ч байсан элсэн орж болох ба уулзалтыг өдрийн болон оройн хоолны үеэр зохион байгуулдаг байна. Ротаракт клубт элсэхийг хүсвэл Сентоза-2 ресторанд 7 хоног бүрийн Лхагва гаригт 18.30 цагаас очиж болно.
Энэ жил тус клубын 5 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан олон улсад болдог НYБ-ийн загвар хуралдааныг үндэсний хэмжээнд зохион явуулах гэж байна. Энэ хуралдаан англи хэл дээр 16-25 насны залуусын дунд Олон Улсын Найрамдал Төвд 2005 оны 07-р сарын 01-аас 05-ны өдрүүдийн хооронд НYБ-ийн гаргасан Мянганы хөгжлийн зорилтоос 4 асуудлаар хэлэлцэх болно. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Дэлхийн энх тайвныг дэмжих, оролцогчдод дэлхий дахинд тулгамдсан асуудлыг талаарх мэдээлэл олгох, НYБ-ын хуралдаан хэрхэн болдог талаар ойлголт өгөх, мэтгэлцэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх явдал юм. НYБ-ийн Загвар Хуралдаан гэдэг нь Нэгдсэн Yндэстнүүдийн Байгууллагын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл гээд бусад олон талт хэсгүүдийн загвар хуралдаан бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээр, дипломатын ертөнцөд оюутнууд нэвтрэн орж, мэтгэлцээний зарчмаар хуралддаг. Хуралдааны туршид залуучууд НYБ-ийн гишүүн орнуудыг төлөөлөн, тулгамдсан асуудлаар хэлэлцдэг. Төлөөлөгчид нь дэлхийн орнуудыг хамарсан асуудлыг шийдэх, олон талт хамтын ажиллагаа явуулах, НYБ-ын дүрэм боловсруулах, тогтоолын төсөл, байр суурь илэрхийлсэн саналыг бэлдэнэ. Төлөөлөгчид нь мөн өөрсдийн төлөөлж буй орнуудын баримталж буй гадаад бодлого, хүсэл сонирхол, хэрэгцээг маш сайн мэдэж байх шаардлагатай. Мөн тухайн орныхоо шинжлэх ухаан, түүх, соёл, газар зүйн нөхцөл байдлын талаар гүнзгий мэдээлэлтэй байвал зохино. Энэ хуралдаанд оролцохыг хүсэгчид Хэрвээ би НYБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол сэдвээр англи хэлээр 300-500 үгтэй эссэ бичиж зохион байгуулах хороо буюу [email protected] хаягаар болон Эрүүл Мэндийн Яамны эсрэг талд байрлах Хэлмэгдэгсдийн музейн байранд биеэр хүргэж өгөх юм байна.
Монголын НYБ-ийн загвар хуралдааны үеэр оролцогчид өөрсдийн сонгогдсон орнуудаа төлөөлөн оролцохоос өмнө тухайн улс орны энх тайван аюулгүй байдал, хүний эрх, байгаль орчин, хоол хүнс, эдийн засгийн хөгжил, глобалчлалын болон бусад олон улсын түвшинд баримталдаг бодлого, нэгдэн орсон гэрээ хэлцэл, конвенц, холбоодын талаар мэдээлэл цуглуулсан байх шаардлагыг тавьсан байна.
Энэхүү үйл ажиллагааг дэмжихээр Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэн зохион байгуулалтанд оролцож эхлээд байна. Мөн НYБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар НYБ-ийн 60 жилийн ойд зориулан хамтран зохион байгуулж бүх талын заавар зөвлөгөөг өгч эхлээд байна. Хуралдаанд нийт 25 орныг төлөөлөн оролцох тул Монголд суугаа Элчин Сайдын Яамдууд, Консулын газрууд өөрийн орныг төлөөлөн оролцогчийг хариуцан авч дээрх шаардсан мэдээлэл, өөрийн орны байр суурь, бусад тусламжийг үзүүлэхээ амлан хамтран зохион байгуулах хороонд элсээд байна. Зарим бизнесийн байгууллагууд ч мөн ивээн тэтгэхээр саналаа өгөөд байгаа юм. Сонирхуулан хэлэхэд гадаад орнуудад суугаа элчин сайдууд бага залуу насандаа Загвар хуралдаанд оролцож байсан тухайгаа ярьж оролцогч залуусыг маш их дэмжиж буйгаа илэрхийлээд Загвар Хуралдаанд орж байсан нь нэр төрийн хэрэг мөн гэж ярьж байсан гэлээ. Тиймээс энэхүү хуралдаанд англи хэлтэй залуусыг идэвхитэй оролцохыг уриалж байна. Монголд сурч байгаа болон гадаад орнуудад суралцдаг залуус ч хамрагдаж болох ба иргэншил харгалзахгүй тул Монголд ажиллаж, амьдарч, сурч байгаа гадаадын иргэд ч хамрагдах бүрэн боломжтой юм байна. 2003 онд монгол хэл дээр Улаанбаатар хотын хэмжээнд Орифлейм Монгол ХХК-ийн ивээн тэтгэлэгээр зохион байгуулсан ба энэ жил бүх аймаг хотуудаас оролцуулах тул орон нутгийн залуусаа ч идэвхитэй оролцохыг уриалж байна.
Арга хэмжээний үеэрх хөтөлбөр тун сонирхолтой байх юм байна. 5 өдөр, 4 шөнө үргэлжлэх ба байнгын хороод болон ерөнхий Ассамблейн хуралдаанаас гадна олон газраас залуус цуглан танилцаж, Урлаг, Спорт, Бизнесс сэдвүүдээр аялал зохион байгуулж, галын наадам, оддын тоглолт, олон үндэстнүүдийн үдэшлэг гээд сонирхолтой өрнөлтэй үйл явдлууд дүүрэн болох юм байна. Хамгийн сонирхолтой хэсэг болох хаалтын ажиллагаа, Ротаракт клубын 5 жилийн ойн баярын тэмдэглэх үдэшлэг дээр хуралдаанаас 2 оролцогчийг шалгаруулан 2005 оны 8-р сард Хонг Конгод болдог Олон Улсын НYБ-ийн Загвар Хуралдаанд оролцох эрхээр шагнуулах юм байна.
Цаашдаа ч мөн тус клуб олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа ба ирэх жил буюу 2005-2006 оны төлөвлөгөөнд гадаад орны клубуудтэй хамтран төсөл хэрэгжүүлэх ажил руу гол анхаарлаа хандуулна гэж 2004-2005 оны ерөнхийлөгч Ц.Ганзориг ярьж байлаа.
Бидний Монгол түмэн зөвхөн өөрсдийн төлөө, ашгийн төлөө амьдардаггүй гэдгийг монголын Ротари, Ротаракт клубт оюутан залуус, нийгэм улс төр, төр засаг, бизнес, урлаг, спортын төлөөлөгчид нэгдэн орсноор тод томруун харуулж байгаа юм. Нийгмийн, бусдын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг, монголын лидрүүдээс бүрдсэн сайн дурын өөр олон клубууд байдаг ба амьдралын утга учир, амттай бүхнээс мэдэрч, хуваалцаж, сайн сайхныг бэлэглэхээр зорин нэгдсэн та бүхэндээ цаашдын зорилго, эрмэлзлэл, хийх бүтээх их үйлсэд тань амжилт хүсье.