Баабар ингэж өгүүлэв
Хойд Солонгос зургаан талт хэлэлцээрээс гарсан төдийгүй Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарснаа зарлаж өөрсдийгөө хэд хэдэн атомын бөмбөгтэй болохоо мэдэгдэж энэ зэвсгээ эх орноо хамгаалах ариун үйлсэд ашиглахаас буцахгүй гэлээ.
Явж явж хэдэн хоногийн өмнөөс зургаан талт хэлэлцээрт дахин орохоор болов. Хэлэлцээрт дахин орооч гэж дэлхий даяараа, түүний дотор АНУ ихэд хичээнгүйлэн гуйсан юм.
Ерөөсөө Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болж чадсан уу? Тиим бол үүнийг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ? Зургаан талт хэлэлцээр цөмийн хөтөлбөрийг зогсоож чадах уу? Чаддаг юм гэхэд хэнд ямар ашиг өгөх вэ? Ерөөсөө Солонгосын хойгийн хурцадсан асуудал хэнд ямар хор хийгээд ашиг өгөөд байгаа хэрэг вэ?
1. АНУ-ын хувьд Хойд Солонгос нь нэг талаас шүдний өвчин, нөгөө талаас дэлхийн улс төрийн тавцанд үзэл суртал явуулах таатай үзүүлэн болчоод буй хэрэг. Хойгийн өмнөд хэсэгт сүүлийн 50 гаруй жил тогтмол цэргийн бааз суурилуулж ирсний хувьд тоглоомын хамгийн гол тоглогчийн нэг. Энэ урт хугацаанд технологийн илүүрхлийг үзүүлж Умартын аюулаас хамгаалах найдвартай тогтцыг буй болгож чадсан. Хойд Солонгос ердийн байтугай цөмийн довтолгоо хийх гэж оролдоод ч АНУ-ын шүхэр дор байгаа Өмнөд Солонгос, Японд бараг ямар ч хохирол учруулж чадахгүй. Магадгүй Кэйсонг хавьд амиа хорлосон бөмбөг дэлбэлж цацраг туяа гэх мэтийн хор үзүүлж болох боловч үнэндээ энэ нь тун магадлал муутай. Мэдээж энэ харгис дэглэм цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй, аягүй бол бэлэн зэвсэгтэй явдал нь огт аюулгүй зүйл биш. Гэвч коммунист систем задарснаас хойшхи сүүлийн 15 жилд АНУ-ын Хойд Солонгост хандах хандлага хэзээ ч тууштай байж чадаагүй. Картер, Олбрайт нарын нөхөрсөг айлчлалыг Бушийн шулмын тэнхлэгийн онолтой зэрэгцүүлэхээ больё гэхэд зургаан талт хэлэлцээр эхэлснээс хойшхи Бушийн засаг захиргааны бараг өдөр бүр ээлжлэн сөөлжлөх занал-хийлэл ба аргадал учирлал нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тууштай бодлого гэхээсээ арга нь барагдсан хүүхдийн элдэвлэл гэж харагдахаар.
Цөмийн зэвсэгтэй болчихоод улангасаж буй зандалчин Хойд Солонгосын дүр зураг бас АНУ-ын үзэл сурталд хэрэг болж буйг үгүйсгэх аргагүй. Yнэндээ Ирак нь хоёрдугаар Вьетнам болн хувирч байна. Иракт урагш ч үгүй хойш ч үгүй гүнзгий шаварт суусан АНУ-ын хувьд энэ бүтэлгүйтлээ тайлбарлах шалтгаан хэрэгтэй. Хаашаа алга болчихсон нь мэдэгдэхгүй, гарт баригдаж нүдэнд өртөж өгдөггүй Аль Кайда бүлэг, Бэн Ладен нараас гадна хүн айлгаж хүүхэд уйлуулж байх тодорхой эзэнтэй, оршин буй хаяг адресстай өөр лүд хэрэгтэй. Тэр нь Хойд Солонгос. Үүн дээр бас Ираныг нэмэх хэрэгтэй.
2. Солонгосын дайны үед АНУ-ыг сөрөн тулалдсаны хувьд ч, Хойд Солонгос хэмээх энэ бэрдийг бүтээсэн төдийгүй тэжээн босгож эцэст нь Ала Аддины шидэт дэнлүүнээс нь гаргаж ирсний хувьд ч Хятад улс нь Солонгосын хойгийн наадмын гол тоглогчийн нэг мөнөөс мөн. Өдгөө Хойд Солонгос нь Хятадын хувьд ч ялгаагүй нэг талаас занал нөгөө талаас ашигтай тоглоом аж. Умартынхан цөмийн тоглоом тоглож буй нь мэдээж хятадуудын хувьд таатай зүйл биш. Үзэл суртлын өрсөлдөөнт тоглоомоос хэдийнэ гарч, ахуй амьдралаа чухалчилдаг болсон өнөөгийн прагматик Хятадын хувьд мэдээж өөрсөд рүү нь онилоогүй (үнэндээ хаашаа ч онилоогүй) чүчхэ бөмбөг гэхээсээ амиа хорлогч коммунист Солонгос, хяналтаа алдаж замбараагүй болсон пост коммунист Солонгос, магадгүй хэдэн саяараа орж ирэн Олимпын наадмыг тасалдуулж магадгүй дүрвэгч Солонгос илүүтэй аюул учруулна. Иймээс цөмийн зэвсгээр бооцоо тавин наадаж буй казиночин Ким тоглоомдоо хэт шунан өнөөгийн статус квог юу болж хувиргахаа төлөвлөө ч үгүй азаа үзэх маягаар бусниулан эвдээд хаячихвал хамгийн эхний ээлжийн золиос нь шидэт дэнлүү бүтээснээрээ Хятад улс л болж таарна. Иймээс бэрдийг соёлжуулан ухааруулах, эс бөгөөс болохгүй бол дэнлүүн дотор нь хөнөөх ха-риуцлагатай үүрэг хятадуудад ноогдож байгаа юм.
Гэвч нөгөө талаас дэлхийн гегомони руу тэмүүлж яваа Хятадын их санаархалд гол тээг болж байгаа АНУ, Япон хоёрт харуулж, айлгадаггүй юм гэхэд зүрхэнд нь шар ус хуруулах аятай үзүүлэн бол Хойд Солонгос. Зарчмын хувьд эв зүйгээр шийдэх ёстой, гэхдээ тун болохгүй бол зуудаг нохойгоо тавина шүү!
3. Хойд Солонгосыг бүтээсэн уран барилгачдын нэг нь болох Оросын хувьд өнөөдөр энэ дэглэм хортой гэхээсээ илүү ашиг тустай. Мэдээж цөмийн зэвсэг агссан жижиг мөртөө зэрлэг хөрш бол Оросын хувьд хүсмээр зүйл биш. Зургаан талт хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын төлөө Орос улс тууштай байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ их гүрний статусаа хэдийнээ алдсан боловч их гүрэнлэг зангаа сэтгэл зүрхэндээ хадгалсаар яваа Орос улсын АНУ-д мөчөөрхөх, түүнийг сөрөн зогсох, дэлхийн улс төрийн бодлогыг залалцах аугаа ихийн хэнээрхэл мөд дуусахгүй. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах дөрвөн талт хэлэлцээрээс олон жил гадуурхагдаж явсан Орос нь өнөөдөр зургаан талт хэлэлцээрт эв зүйгээр зохицох номлолтой хамгийн амгалан тагтааны үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь үнэн хэрэгтээ Хойд Солонгосыг ялангуяа АНУ-ын мөд эдгэдэггүй толгойны өвчин нь болгох, гэхдээ өөрснөө шууд өдөөн турхирагчаар оролцолгүйгээр алсаас далдуур инээвхийлэн толгой дохиж нууцаар мэнд дэвшүүлэгчийн үүрэг гүйцэтгэх нь Орост стратегийн хувьд илүү ашигтай. Хойгийн асуудал яаж ч муугаар эргээд юутай ч Орос хохирогч нь болох магадлал маш бага.
4.Солонгосын хойгийн хямрал Японы хувьд илүү тээртэй асуудал юм. Технологийн нэн хоцрогдолтой хөрш нь тэдний арлыг давуулаад балластик пуужин шидэж орхисон нь туйлын балмагдуулжээ. Япончууд алсын том юм гэхээсээ ойр зуурын шууд нүдэнд харагдаж гарт баригдаж буй зүйлдээ илүүтэй санаа зовдог улс. Хулгайлагдсан япончууд, хойдчуудын япон эхнэрүүд, буцааж өгсөн шарилын ДНХ-ийн шинжилгээний хариу гэх мэт. Нэг талаас ийм аар саар зүйлдээ хэт баригдсан, нөгөө талаас хойгийн хямралыг шийдэхэд Хятад, АНУ-ыг бодвол хоёрдугаар зэргийн үүрэгтэй нь тэднийг л хий л бухимдуулна. Өмнөд Солонгосыг оролцууд бүх хөршүүдтэйгээ ялангуяа газар нутгийн маргаантай, дээр нь хоёрдугаар дайны намжих байтугай баяжихын хэрээр нь улам сэдэрдэг хөршүүдийн хонзогнуур харанга давчдалыг улам нэмнэ.
5. Солонгосын хойгийн хямралын үнэнхүү жинхэнэ хямрагч нь Өмнөд Солонгос. Тэдний хувьд умартын ах дүү нар нь Библийн Кайн юм. Мэдээж Кайны ах дүү болж төрөх нь бахархал биш л дээ.
б. Хямралын гол буруутан, эсвэл гол баатар нь мэдээж Умартын дэглэм. Хугацааны хувьд ч, чанга хатуугийн хувьд ч Сталин, Мао, Пол Пот зэрэг ах нарыгаа нийлүүлснээс ч илүү амжилт гаргасан тэд жижиг биетэй нь харьцуулахад өөр хэн ч ингэж чадаагүй аюулыг хүн төрөлхтөнд тулгаж чадаж байгаа юм. Хэдийгээр бүх нийтээр өлегөлөнд автаж, үүнээс болж хэдэн зуун мянгаараа өлбөрч үхэж байгаа ч гэсэн дэглэм нурах байтугай улам хүчирхэгжин цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, өнөө маргаашгүй үүнээ турших гэж байгаагаа тунхаглаж байна.
Гэхдээ Умардын дэглэм тэнэг биш, харин ч хамгийн овжин, нөхцөл байдлын өөрчлөлтийг хамгийн гярхай ажиг-лан анализ хийж хөдөлгөөн бүрийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг увьдастай төржээ. Тэдэнд хандах бүх хөршүүдийнх нь хандлага заримдаа жилээр, заримдаа сараар, тэрбайтугай өдрөөр өөрчлөгдөж ирсэн. Чухам энэ байдал нь тэднийг наймаацлын атомтай болгох бололцоог бүрдүүлжээ. Одоо энэ бөмбөгөө дэлхийн хамгийн хүчирхэг хэдэн гүрний дунд үнэ хаялцуулан дуудаж чадаж байна. Дэглэм өөртөө аюулгүй байдлын баталгаа нэхэж байна.
Гэвч дэглэмийн аюулгүй байдалд хамгийн хортой зүйл нь Америкийн империализм ч биш, Японы милитаризм ч биш аж. Үүнийгээ ч тэд өөрсдөө сайн мэднэ. Ардчилал биш юмаа гэхэд ердийн хятад, вьетнам маягийн зах зээлийн систем дэглэмийг дор нь будаа болгож орхих юм байна гэдгийг 2000-2003 онд хийсэн өчүүхэн жижиг хязгаарлагдмал туршилт тов тодорхой харууллаа. Иргэдийн (хэрвээ тэнд иргэн гэсэн ойлголт байдаг бол) амьдралын төвшин мини туршилтын буянаар мини өсөөд ирэхэд л Их Ах юу ч харж чадахаа больж байна. Хяналт тогтоож чаддаггүй Их Ахыг ямар юмнынх нь эзэн гэх вэ дээ. Ийм учраас наймаацлын атом хоёр үзүүртэй тоглоом юм. Үзүүрийн аль хурц урт хэсэг нь дотооддоо хандана. Хяналтаас гарч буй ард түмнийг гадны аюул занал, түүнийг сөрөн зогсож чадах чүчхэ бөмбөг гэсэн үлгэрээр эргүүлж нэгтгэж авч болно. Харин нөгөө үзүүрээр нь гадагшаа сайн наймаацаж чадвал эргээд хяналтад ороод ирсэн ард түмний нормын будааг нэмж баярлуулж болно. Тэд өнөөдөр Америкийн империализмыг сөрж ядартлаа зүтгэн хийсэн цэргийн бэлтгэлийнхээ хүчинд санаархлыг тас цохиж чадсаны дараа эх орныхоо хүчинд тулгуурлах энхийн хөдөлмөрөө үргэлжүүлж нормын будаагаа нэмүүлэх ба үүний ач буянтны мэргэн жолоодлогод гүнээ талархан уйлалдацгаах болно.
БААБАР
(өдрийн сонин 2005-06-17 147)