Өнөөгийн залуусын буруу юу
Энэ чинь бас буруу, барууныг дууриалаа гэж
Элэг доог хийж, хурал цуглаан болсон юм.
Томоотой бай, дуугуй бай… гэж
Томцуул биднийг сургаад
Өөрсдөө бол архиа ууж, тамхиа татаж,
Өө яахав, та нар удахгуй том болно гэсэн юм.
Больцгоо хэрэггүй! гэдэг хоёрхон үгээр
Болгоож биднийгээ чөдөрлөсөн юм.
Ханан дээрээс Чингүнжав, Мандухай, Цогт тайж биш
Харийн жүжигчний хөргүүд дуугай ширтэнэ.
Монгол хувцас өмсөхөөс ичдэг монгол хүүхдүүдийг
Морьтон ардын үрс гэх үү, та минь ээ? гэж гайхна
Зөв ч бай, буруу ч бай, Та нарт хүсэл бодлоо тулгана
Зөрж маргавал хар дансанд бүртгэж эсэргүү гэгдэнэ.
Ингээд л бид санаа бодлоо нууж сурсан юм
Инээмсэглэж, толгой дохиж, хуурах эрдэм эзэмшсэн юм.
Үнэнийг хэлбэл уурладаг, худлаа магтвал баярладаг
Үнэхээр хачин үеийнхэн биднийг хүмүүжүүлсэн юм.
Монголоо мартлаа гэж өнөө биднийг зэмлэж байна
Морин хуураа дээдлэх сэтгэлийг минь өгсөн үү, та нар
Хувиа бодлоо гэж биднийг одоо загнаж байна
Хуучин судар, дээдсийн сургаалыг минь уншуулсан уу!
Эцэг дээдсээ мартсан хүмүүс сайн үйлс бүтээх үү!
Эрхэм соёлоо сүйтгэсэн хүмүүс сайхан амьдарч чадах уу!
Үндэс угсаагаа гэснийг нь үгүй хийж орхисон бус уу?
Үнэн үг хэлснийг нь шоронд суулгаж зовоосон биш үү?
Сүсэг бишрэлийг нуга дарж, бид юуг ч хайрлахаа больсон.
Сүрэг хүмүүс болж, чулуужсан мод шиг зүрхтэй болсон.
Олон үеийнхэн бүтээсэн өнөөгөө бид үгүйсгэхгүй ч
Одоогийн залуус гэлцдэг тэр л хүмүүсийг гайхнам.
Бид чинь та нарын хүүхдүүд биш гэж үү?
Бие сэтгэлийн чинь тасархай бус уу?
Шилдэг дээдийг үйлдсэн бол, тэр нь ч Та нарынх!
Ширвэдэг мууг хийсэн бол тэр ч бас Та нарынх!
Чингис гэж хэлэхээс айдаг байлаа бид
Чин зоригт дээдсээ нэрлэх эрхгүй явлаа.
Харь холынхон түүний нэрийг бардам хэлж
Хаан эцгээ болгох гэж булаалдаж байлаа.
Эцэг дээдсээ дурсах хувьгүй хүүхдүүдэд
Эрх чөлөө бүрэн гүйцэд олдох уу?
Атаа жөтөө, хов живээр буузны мах шиг хооллож
Аль сайн бялдуучилсан нь үнэд орж байлаа.
Газар нутгаа хайргүй сэндийлж, хөрсийг нь сүйтгэсний
Гай нүглийг хариуцах хүн өнөө хэн ч алга!
Таацын цагаан нуурыг хэн ширгээсэн юм бэ?
Тааж барамгүй оньсого юм гэж уу?
Эцэг дээдсээ бүдүүлэг, эх орноо хоцрогдсон гэж
Элэг зүрхэнд шингээж, эгэл үрсээ хүмүүжүүлээд
Эцэс хойчид нь болохоор энэрэнгүй хайр нэхдэг
Этгээд хачин ёсыг энэ үеийнхэн хэнээс сурав?!…
1989.7.24
О.Дашбалбар /Шидэт ертенц I боть, 2003 он. 382-р тал/