Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ХБНГУ-д албан ёсны айлчлал хийлээ
Германы Бундестагийн дэд Ерөнхийлөгч хатагтай А.Фольмер, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд хатагтай Х.М.Вийчорек-Цойл, Эдийн засаг, хөдөлмөрийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Г.Андрес, Боловсрол, судалгааны яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга ноён У.Каспарик нартай уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.
Германы Бундестагийн дэд Ерөнхийлөгч, хатагтай А.Фольмер Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар сонирхон асууж, энэ оны 9 дүгээр сард Бундестагийн ээлжит бус сонгууль зарлаж буйтай холбоотой Германы дотоод улс төрийн байдлын тухай товч мэдээлэв. Тэрээр Бундестагийн дэд Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсад хоёр удаа зочилж байснаа дурсан ярьж Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
ХБНГУ-ын Засгийн газар 1991-2005 онд Монгол Улсад 230 гаруй сая еврогийн зээл тусламж үзүүлснийг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд хатагтай Х.М.Вийчорек-В.Цойл тэмдэглээд, Германы хөгжлийн зээл тусламжийн үр дүн, ашиглалт сайн байгаа нь цаашид ч нэмэгдүүлэх ундэслэл болж байгааг мэдэгдлээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Ногоон хэрэм, 40 мянган айлын орон сууц зэрэг томоохон хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн инженер, технологийн чиглэлийн сургалтууд, мэргэжлийн боловсрол олгодог дуаль системийг Монголд нэвтрүүлэхэд туршлагаа хуваалцаж хамтран ажиллах саналыг Германы талд тавив.
Монгол-Германы худалдааны эргэлт 2004 онд 45 сая еврод хүрч, өмнөх жилээс 6 хувиар нэмэгдсэн ч худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр талын хүссэнээс ихээхэн доогуур байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, нэмэгдүүлэх талаар ярилцав.
Германд боловсрол эзэмшсэн 30 гаруй мянган хүн хоёр орны харилцааны нэгэн гол илэрхийлэл болж байдгийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тус улсын Боловсрол, судалгааны яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга У.Каспариктай уулзахдаа онцлон тэмдэглэв. Монгол судлалыг дэмжих, эртний нийслэл Хархорин хотод хийж буй археологийн хамтарсан малтлагыг үргэлжлүүлэн дэмжих, Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт байгаа түүх, дурсгалын зүйлийг бүртгэх төслийг хэрэгжүүлэх, түүнчлэн Дархан хотын усан хангамжийн тухайд судалгаа хийх зэрэг эрдэм шинжилгээний төслүүдийн явц, санхүүжилтийн талаар ярилцав. Түүнчлэн эрдмийн цол зэрэг, их, дээд сургуулиудын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх замаар Германд оюутан сургах нөхцөлийг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцсан байна. 2005 оны эхнээс эхлэн их, дээд сургуулиуд төлбөртэй болсон нь Германы боловсролын салбарт хийгдэж буй томоохон өөрчлөлтийн эхний алхам болохыг ноён У.Каспарик тэмдэглэв.
УЛС ТӨРИЙН ЯРИА ӨРНӨСӨН ОРОЙН ЗООГ
Германы гол сөрөг хүчин Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо намуудын Бундестаг дахь бүлгийн дарга, ноён М.Глос мөн өдрийн орой Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Бавари муж улсын төлөөлөгчийн газарт албан ёсны зоог барив. Зоогийн үеэр эдгээр намуудтай ойр дотно ажилладаг Конрад Аденауэрийн сан, Ханнс Зайделийн сангуудын Монголд явуулж буй үйл ажиллагаа, Монгол Улсаас Бавари муж улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны явцын талаар санал солилцож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлогын гол гол чиглэлүүд болон 9 дүгээр сард болох Германы Бундестагийн ээлжит бус сонгуулийн өмнөх германы улс төрийн дотоод байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.
ЭХ ОРОН НЭГТНЇЇДТЭЙГЭЭ УУЛЗАВ
Ерөнхий сайд мөн өдөр Герман Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд, оюутнуудтай уулзаж ярилцлаа. Тэрээр элэг нэгтнүүддээ Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, техник, технологийн өндөр хөгжилтэй Герман Улсад суралцаж буй монгол иргэд эх орныхоо цаашдын хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, тэдний сонирхсон асуултад хариулж харилцан ярилцав.
БАРИМТ БИЧГЇЇДЭД ГАРЫН ЇСЭГ ЗУРЛАА
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Германы Холбооны эдийн засаг, хөдөлмөрийн яамны хооронд Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн харилцаа болон ажлын байран дахь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Монголын талаас Гадаад хэргийн дэд сайд А.Баттөр, Германы талаас Холбооны ЭЗХЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Г.Андрес нар гарын үсэг зурав. Мөн Геологи хайгуул, уул уурхайн салбарт хамтран ажиллах протоколуудад АМГТХЭГ-ын дарга Л.Болд, Германы Холбооны газар шинжлэл, эрдэс баялагийн албаны дарга, Германы уул уурхайн холбооны тэргүүн нар тус тус гарын үсэг зурсан байна.
ГЕРМАНЫ СЭТГЇЇЛЧИДТЭЙ ДУГУЙ ШИРЭЭНЭЭ ЯРИЛЦАВ
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж дэлхийн 140 гаруй оронд цацагддаг, мэдээллийн хүчирхэг хэрэгсэл Дойче Велле телевизэд ярилцлага өгч, Монгол Улсын гадаад бодлого, түүний гол гол чиглэлүүд, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлого зорилтууд, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр төслүүд, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх таатай орчинг хэрхэн бүрдүүлж буй талаар Герман, Европын төдийгүй дэлхийн олон нийтэд цэгцтэй мэдээлэл өглөө. Түүнчлэн Германы төвийн томоохон сонин хэвлэлийн сурвалжлагч нартай дугуй ширээний ярилцлага хийсэн нь Монгол Улсын талаарх үнэн бодитой эерэг ойлголтыг өгсөн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
КЁЛЬН ЗОЧИЛЛОО
Айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-нд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж ажилтан ажиллагсадтай нь ярилцлаа. Дараа нь тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Кёльн хотод зочлов.
Ерөнхий сайд тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид аж үйлдвэр, соёлын томоохон төв Кёльн хотын захиргааны түүхт харшид зочилж, Хүндэт зочны Алтан дэвтэрт дурсамж бичиж үлдээлээ. Мөн, Кёльн хотын аж үйлдвэр, худалдааны танхимд болсон Монголын эдийн засгийн өдөр арга хэмжээний нээлтэд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчдэд Монголын хөрөнгө оруулалтын орчин, хамтран ажиллахын ач холбогдлын талаар илтгэл тавьж, бизнес эрхлэгчидтэй илэн далангүй ярилцлаа.
ХОЛБООНЫ КАНЦЛЕРИЙН ХАМТ МОНГОЛЫН ТУХАЙ ЇЗЭСГЭЛЭНГ НЭЭВ
Нийслэл Улаанбаатартай дотно харилцаатай хот Бонны Засаг Захиргааны байранд Ерөнхий сайд зочилж, Хүндэт зочны Алтан дэвтэрт дурсамж бичиж үлдээн, Засаг Даргатай нь хотуудын найрсаг хамтын ажиллагааны талаар ярилцав.
Холбооны канцлер Г.Шрөдер Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг Шаумбург ордонд угтан авахад цэргийн хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Холбооны канцлер, Ерөнхий сайд нар хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгааг цохон тэмдэглээд цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар хүчин чармайлт гаргахаа харилцан илэрхийлсэн байна.
Монгол Улсын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг Герман Улс эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Їүний нэг тод илэрхийлэл бол Герман Улсын тусламж, дэмжлэг төсөл хөтөлбөрүүд юм хэмээн тэрбээр цохон тэмдэглэлээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Холбооны Канцлерыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Ноён Шрөдөр урилгыг талархан хүлээн авлаа.
Засгийн газрын тэргүүнүүд хоер орны худалдаа, эдийн засаг, түүний дотор аялал жуулчлал, боловсон хүчин сургах зэрэг харилцаа хамтын ажиллаагааны олон асуудлуудыг хөндөн ярилцжээ.
Уулзалтын дараа Холбооны канцлер Г.Шрөдер Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг хүндэтгэн оройн зоог барилаа. Зоогт Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд П.Цагаан, УИХ-ын гишүүн, МХХТБХ-ийн Байнгын хорооны дарга С.Отгонбаяр, Гадаад хэргийн сайд дэд А.Баттөр, Їйлдвэр худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин нар байлцав.
Мөн хоёр орны Засгийн газрын тэргүүн хэвлэлийн бага хурал хийлгэж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаарх байр сууриа илэрхийллээ.
Бонн хотод орших Холбооны Урлаг, үзэсгэлэнгийн цогцолборт олон нийтийн хүртээл болох Чингис хаан ба түний өв үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхий сайд Ц. Элбэгдорж, Холбооны канцлер Г.Шрөдер нар албан ёсоор нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүх соёл, Чингис хааны үйл хэргийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газрын тэргүүн нар нээлтийн ёслолын үеэр хэлсэн юм.
Чингис хаан ба түний өв үзэсгэлэн 16 орноос ирүүлсэн үзмэр бүтээлүүд, Германы дэмжлэг санхүү, менежментын дэмжлэг, хоёр орны эрдэмтэн мэргэжилтнүүдийн хүчин зүтгэлээр энэхүү үзэсгэлэн бүтсэн юм. Нээлтэд олон зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон байна.
БОННЫН ИХ СУРГУУЛЬД ЗОЧИЛЖ, МОНГОЛЫН ТУХАЙ ИЛТГЭЛ ТАВЬЛАА
Айлчлалын гурав дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бонн хотын шинжлэх ухааны төвд хоёр орны харилцааны асуудлаар хамтарсан чуулганы дөрөвдүгээр бага хуралд оролцлоо.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Фрийдрих Вильгельмийн нэрэмжит Бонн хотын их сургуульд зочилж Монголын шинэчлэл, хөгжлийн талаарх эрдэм шинжилгээний бага хуралд оролцож илтгэл тавилаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.
Ерөнхий сайд маргааш өглөө/2005.06.17/ эх орондоо хүрэлцэн ирнэ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаам манайд мэдээллээ
2005.06.16