Б.Уранчимэг Хулгайч гэдэг нэрнээс салсандаа их баярлаж байна даа
хулгай хийсэн үйлдлүүдийг нь тоочоод баршгүй эрүүгийн ертөнцөд морин толгойт нэрээр алдаршсан Баяржав болон түүний хамсаатнуудыг шүүх хурал саяхан болж өнгөрсөн.
Гэмт хэрэгтнүүдийн харгайгаар олон хүн, албан байгууллагынхан сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө хохирч үлдэж буй нь гэмт хэрэгтнүүдийг шүүх хурлыг сурвалжлах үеэр харагдаж байсан юм. Ченж Т.Баасансүрэнгийн гэргип Сувдаа хань нөхрөө алдсан төдийгүй олон сая төгрөгөө эргүүлж авч чадалгүй хохирч үлдсэн. Энэ хорвоод хүний аминаас илүү үнэтэй юм гэж юу байх билээ. Хэзээ ч нөхөж баршгүй юм. Гэмт хэрэгтэн Баяржав болон түүний хань хамсаатнуудаас болж ханилсан ханча эмчлүүлж ч чадалгүй хорвоогоос алдсан төдийгүй нэр төрөө сэвтээлгэсэн нэгэн бүсгүй мөн л тэдний золиос болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрээр албан байгууллагаасаа алдсан 17 сая төгрөгийг авсан эзэд нь олдох хүртэл бүтэн гурван жилийн турш хулгайч нэрээрээ дуудуулж явсан аж. Шүүхээс бүр энэ мөнгийг төлөх хүртэл шийдвэр гарсан байжээ. Гэм зэмгүй мөртлөө ийнхүү бие сэтгэлээрээ хохирч явсан Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан (ЛЭОС)-гийн гүйцэтгэх захирал асан Б.Уранчимэгтэй уулзаж ярилцлаа.
-Та болсон явдлын талаар ярихгүй юу?
-Би 1999 оноос эхлэн ЛЭОС-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэтэл манай байгууллагын олон сая төгрөг 2002 оны нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнө хулгайд алдагдсан юм. Би тухайн үед гүйцэтгэх захирлын албыг хашиж явсны хувьд шүүхээс надад энэ мөнгийг олдохгүй бол төлөх шийдвэр гарсан. Ингээд би 17 сая төгрөг авсан болж, хулгайч нэртэй ч болж ажлаасаа гарсан.
-Шүүхээс чухам ямар үндэслэлээр таныг энэ мөнгийг төлөх шийдвэр гаргасан юм бэ?
-Захирал хүн өөр дээрээ бэлэн мөнгө байлгах ёсгүй байдаг юм байна л даа. ЛЭОС бол их ардчилсан. Ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа хүн бүрийнхээ санаа сэтгэгдлийг тусгадаг. Энэ үүднээс нягтлан, нярав зэрэг холбогдох хүмүүс ярилцаад миний өрөөн дэх тамганы сейфэнд энэ мөнгийг байршуулж байсан юм.
-Танай байгууллагын мөнгө яагаад дансанд бус хувь хумүүсийн гар дээр байсан юм бэ?
-Намайг энэ ажилд ирэхээс өмнө тухайн үед нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй хуурамч бичиг баримт бүрдүүлж байгууллагаасаа мөнгө авсан хэрэг гарсан байж л дээ. Энэ хэрэг 2002 онд илэрч шүүх хурал болж нягтлан бодогч буруутай гэдэг нь тогтоогдсон юм. Хулгайд мөнгөө алдахын урьд өдөр би байгууллагын гүйцэтгэх захирлын хувьд энэ шүүх хуралд суусан. Нягтлан мөнгө авсан асуудалд тухайн үед Монгол шуудан банкийг хуурамч бичиг баримтыг нь шалгалгүй 11 мянга ам.доллар олгосон гэж үзэн банкнаас энэ мөнгийг гаргуулсан байсан. Гэтэл нягтлан буруутай гэдэг нь тогтоогдоод ирэхээр Монгол шуудан банк энэ мөнгөө эргүүлж авах ёстой болсон. Ингээд Монгол шуудан банк манай байгууллагаас эргүүлж мөнгөө авч магадгүй асуудал үүссэн. Шүүхийн шийдвэрт Монгол шуудан банк нь манай байгууллагын дансыг хаах хүртэл арга хэмжээ авах эрхтэй гэж тусгагдсан байсан. Хуульч, өмгөөлөгчдөөс зөвлөгөө авсны дагуу манайх дансан дахь мөнгөө татах шаардлагатай гэж үзээд 15.900 ам.долларыг өөр дээрээ байлгасан.
-Байгууллагынхаа бэлэн мөнгийг гар дээрээ авна гэдэг осолтой гэдгийг тооцоолж үзээгуй юм гэж үү?
-Мэдээж их хэмжээний мөнгийг гар дээрээ авна гэдэг ноцтой асуудал. Үүнийг бид мэдэж байсан. Бид хамтран ажилладаг гадны нэг хүний дансанд мөнгөө түр байршуулъя гэж байтал тэдний данс нь зөвхөн төгрөг, евро авна гэсэн. Манай мөнгө ам.доллар учраас ханшийн зөрөө гарах гээд байсан юм. Миний сейфэнд энэ мөнгийг нэг өдөр хонуулчихаад маргааш өдөр нь валютын ханшийн зөрөөнөөс болоод дансанд хийж чадалгүй эргээгээд хийтэл тэр орой нь алдчихсан.
-Нягтлан, няравынхаа сейфэнд хийлгүй яагаад таны өрөөнд байлгаж байсан юм бэ?
-Би өрөөндөө хэдхэн хоногийн өмнө шинэ сейф авсан байсан юм. Тухайн үед өөр найдвартай өрөө алга гэж үзсэн байх. Хамгийн гол нь манай ажлынхан бүгд ярилцаж байгаад миний өрөөн дэх сейфэнд хийхээр болсон. Тэр үед манайхны нэг нь энэ мөнгө алга болчихвол яана аа гэж байсан. Арай ч тиим юм болохгүй байлгүй дээ гэж байтал алдчихсан даа.
-Нэгэнт шүүхээс таныг энэ мөнгийг төлөх шийдвэр гарсан юм байна. Та тэгээд яасан бэ. Төлсөн үү?
-2002 оны арваннэгдүгээр сарын 22-нд намайг энэ мөнгийг төл гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ үед манай нөхөр элэгний хорт хавдраар өвдсөн байсан юм. Би өвчтэй нөхрөө зовоохгүй юмсан гэдэг үүднээс бэлнээр төлөх ямар ч боломжгүй гэдгээ учирлаж байгууллагынхаа удирдлагын зөвлөлд төсөл энэ тэр бичиж өгье хэмээн гуйсан байсан. Хөөрхий, манай нөхөр энэ явдал болсны сарын дараа нас барсан. Миний хувьд ханиа алдчихаад хулгайч нэртэй явсан тэр үе үнэхээр хэцүү байсан. Одоо ч энэ бүгдийг ярьж суухад хүнд байна.
-Гэм зэмгүй атлаа хэлмэгдэж явсан он жилүүд таны хувьд хүнд хэцүү байх нь мэдээж. Хулгайч олдлоо гэсэн мэдээг хамгиин анх хэзээ дуулав. Үүнийг сонсоод яаж хулээж авсан бэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Багануурт ажлаар явж байтал манайд нягтлангаар ажиллаж байсан бүсгүй над руу утасдаад хулгайч олдлоо гэсэн мэдээг дуулгасан. Ганцхан би ч гэлтгүй тэр үед ажиллаж байсан олон хүн энэ мөнгийг авсан хэрэгт сэжиглэгдэж явсан. Ямар ч гэсэн үнэн мөн нь олдох нь хэмээн бид бүгд маш баяртай энэ мэдээг хүлээн авсан. Гэсэн хэдий ч шүүхийн эцсийн тогтоол га-ран гартал итгэдэггүй юм билээ. Бараг өөрийгөө хулгайч мэтээр ойлгоход хүрсэн байсан. Хүн бүр л Урнаа өөрөө мөнгө авчихсан гэж ярьж байсан үе.
-Баяржав хэдүүлээ энэ хэргийг үйлдсэн юм бэ. Танай байгууллагыг бэлэн мөнгө өрөөндөө байлгаж байгаа гэдгийг яаж мэдсэн юм бол?
-Баяржав, Баасанжав, Төгс-Эрдэнэ гэсэн гурван хүн манай мөнгийг авсан гэдгийг шүүх хуралд сууж байгаад мэдсэн. Тэд урьд өдөр нь хаалга нь яаж онгойх вэ гэдгийг судалсан бололтой юм билээ. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй. Цагдаагийнхан энэ талаар сайн мэдэж байгаа. Эцэст нь үнэнийг олж тогтоосон хуулийн байгууллагынханд талархсанаа илэрхийлье. Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч ахмад С.Буянжаргал, ахлах дэслэгч Ө.Энхтайван, ахмад Б.Отгонжаргал нар ажил үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тэдэнд талархах олон хүн бий. Эдгээр гэмт хэрэгтнээс болж ганцхан би ч гэлтгүй олон хүн асар их хохирол амссан.
-Нэр төрөөрөө хохирсон хүний хувьд өөр танд хэлэх юм юу байна?
-Нэр төр минь цэвэршиж байна. Энэ бол миний хувьд боллоо. Бусад нь буянаараа болог.
Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-06-20 149)