УИХ-ын гишүүд ТББ-уудыг дэмжиж байна
Энэ талын ТББ-уудын албан бус эвсэл байгуулагдаад ажиллаж байна. ТББ-уудын дээрх санаачилгыг УИХ-ын хэсэг гишүүн дэмжиж парламентын дэргэд лобби бүлэг байгуулаад байна. Энэ бүхний зорилго юу вэ?
Анх Унгар улсын иргэд татварынхаа нэг хувийг юунд зарцуулахаа өөрсдөө мэдэх эрх эдлэхээр 1996 онд Хүн амын орлогын албан татвар (ХОАТ)-ын хуулиндаа нэгэн өвөрмөц өөрчлөлтийг хийжээ. Тэр нь татварынхаа нэг хувийг өөрсдийн дэмждэг олон нийтийн аль нэг байгууллагад өгөх санаачилга байв, Үүний зорилго нь өөрсдийн төлөө үйлчилдэг Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах гэсэн нэг ёсны хөшүүрэг байв.
Унгар улсын туршлага жишээгээр манай ТББ-ууд дээрх Нэг хувийн татварын хууль-ийг нэвтрүүлэхээр ТББ-уудын албан бус эвслийг Ардчиллын боловеролын төв-ийн дэргэд байгуулан ажиллаж эхэллээ. Тэд удахгүй УИХ-аас төрөх гэж буй Ашгийн бус хуулийн эт-гээдийн тухай хуулийн төсөлд ТББ-уудын санхүүжилтэд нэмэр болох хөнгөлөлт, чөлөөлөлт болон нэг хувийн татварын тухай нэмэлт заалтыг суулгаж өгөх санал тавиад байна. Улмаар татварын багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мөн нэг хувийн татварын заалтыг нэмж тусгуулахаар хөөцөлджээ. Тэд-ний энэ чармайлтыг Сангийн сайд Н.Алтанхуяг судалж үзэхээ илэрхийлеэн бол УИХ-ын дэргэд ТББ-уудын дээрх санаачилгыг дэмжих лобби бүлэг байгуулагдаад байна. Энэ бүлэгт УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа, Ж.Батхуяг, Л.Одончимэд, Ч.Содномцэрэн, К.Сайран, А.Бакей, Авдай нар багтаж байна. Өөр олон гишүүн дэмжихээ илэрхийлжээ. Тэд ТББ-уудыг төрөөс бодлогоор дэмжих ёстой гээд нэг хувийн татварын хөшүүргийг сайшаах болсноо иргэний нийгмийн олон нийтийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, иргэд ТББ-уудын хоорондох эрх зүйн харилцаа үүсгэхэд чухал хэмээн дүгнэв.
Улсын хэмжээнд Хүн амын орлогын албан татвар (ХОАТ) жилдээ 50 орчим тэрбум төгрөг болдог. Үүний нэг хувь гэдэг нь татвар төлөгчдийн дээд тал нь 30 хувь нь төлнө гэж үзэхэд жилдээ дунджаар 100 сая орчим төгрөг ТББ-уудад очих нь ээ. Энэ нь Н.Энхбаярын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилд гарсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 11 тусгай хууль, мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай арав гаруй тусгай хууль, Мянганы зам төслийг хэрэгжүүлэхтэй холбогдогуулан гаалийн албан татвараас чөлөөлөх тухай гурван тусгай хууль, зарим төрлийн бараанд НӨАТ ногдуулахгүй байх тухай дөрвөн тусгай хууль, нийтдээ татвараас чөлөөлөх 31 тусгай хууль зэрэг элдэв хөнгөлөлт, чөлөөлөлтийн нийт дүнгийн дэргэд нэг хувийн татварын дэмжлэг гэдэг өчүүхэн зүйл, тиим ч аймаар их мөнгө биш. Өнөөдөр гадаадын төслөөр амь зогоож, үйл ажиллагаа нь саармагжаад байгаа ТББ-уудад иргэдээс сайн дураар өгөх Хүн амын орлогын албан татварын нэг хувь их дэм болно гэдэгт итгэж байна.
Ийнхүү иргэний нийгмийн байгууллагуудыг нийгэм, олон түмэндээ ойртож үр дүнтэй ажиллахад үйл ажиллагааны нэг ёсны хөшүүрэг болох нэг хувийн татварын зарчим зөвхөн ТББ-уудаас өөрсдөөс нь бус иргэд шийдвэр гаргах албан тушаалтнууд, хууль тогтоогчид гээд олон талынхны зүтгэл, дэмжлэг туслалцаагаар хэрэгжиж эхлэх нь ээ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-06-21 150)