Тэмбүү өвчин
Энэ өвчинтэй холбоотой хүмүүсийн дунд хамар унагадаг, яр гардаг өвчин гэсэн ойлголт түгээмэл байдаг. Дээхнэ үед энэ өвчин Монголд их тархалттай байсан бөгөөд социалист нийгмийн үед эрс цөөрсөн боловч сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдэж байна.
өвчний үүсгэгч нь өвчний үе шатаас хамааран тэмбүүгийн шарх болон тууралт гарсан хэсгүүдэд байхаас гадна цусанд агуулагддаг.
Ямар замаар халдвар дамжих вэ?
Гол нь бэлгийн хавьтал, цусаар дамжин халдварлагдана. Цусанд үүсгэгч агуулагддагтай холбоотой нэг удаагийн биш эмнэлэгийн болон гоо сайхны багаж хэрэгслэлээр халдвар дамжиж болохоос гадна жирэмсэн эмэгтэй халдвар авсан нөхцөлд ургийг өвчлүүлдэг.
Нууц үе
Харьцангуй нууц үе урт. Халдвар авснаас хойш дунджаар 10-80 (дунджаар 21) хоногийн дараа анхны шинж тэмдэг илэрдэг. Өвчлөл нь шинж тэмдгээсээ хамаараад 3 үе шаттай явагдана.
Нэгдүгээр үе
Энэ үе хүний биеийн нян нэвтэрсэн хэсэгт улаан өнгөтэй хатуу, зовиургүй яр гарна. Тэр нь бэлгийн хавьтлы хэлбэрээс шалтгаалж бэлэг эрхтний орчим, амны хөндий, шулуун гэдэсний амсар орчим арьсан дээр гардаг.
Хоёрдугаар үе
Арьс, салст бүрхүүл дээр янз бүрийн тууралт үүсэх, хүзүү орчмоор цагаан толбот тууралт гарах, үс унах шинж тэмдэг илэрнэ.
Гуравдугаар үе Нэлээд удаан үргэлжлэх бөгөөд хүний мэдрэлийн систем болон дотоод эрхтнүүдийг гэмтээж үе мөч, ясанд өөрчлөлт орно.
Шинж тэмдгүүд
Эрчүүдэд, эмэгтэйчүүдэд
Шарх буюу хатуу яр гарах
Анхны шинж тэмдэг нь халдвар анх орсон газар өвчин эмзэглэлгүй шарх гарна. өөртөө хяналт тавьдаг, бэлэг эрхтнээ өдөр бүр угааж, шалгадаг эрчүүдийн хувьд шарх гарсныг цаг алдалгүй илрүүлж болно. 1 ширхэг заримдаа 2-3 ширхэг цөөн тоотой шарх ихэвчлэн тээрхий, шамраа, хуухнаг, хярзан, хошногоны амсар орчим гардаг.
Эмэгтэйчүүдийн хувьд шарх бэлэг эрхтний нүдэнд харагдах хэсэгт гарахаас гадна умайн хүзүү, үтрээ зэрэг далд байдаг хэсэгт ч гарч болдог учраас анзаарахгүй байх нь олонтой.
Шарх гарсан үед өвчний үүсгэгч тэр хэсэгт олноороо агуулагдаж байдаг тул бэлэг эрхтэнтэй хүрэлцэх үед халдврыг дамжуулдаг. Харин хэсэг хугацааны дараа шарх өөрөө аяндаа арилах бөгөөд энэ нь өвчин эдгэрч буй хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл өвчний үүсгэгч шархаар дамжин цус руу орсноор бүх биеэр тархаж янз бүрийн эрхтнүүдийг өвчлүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Ямар шинжилгээхийлгэх вэ?
Өвчний эхэн үе буюу шарх гарсан үед мэргэжлийн эмч үзээд шууд оношлохоос гадна шархнаас ялгарч буй шүүснээс наац авч шинжилдэг. Бусад үед зөвхөн цусны шинжилгээгээр илрүүлнэ.
Ямар эмчилгээ хийлгэх вэ?
Шинжилгээ өгөөд онош тогтоогдсон нөхцөлд мэргэжлийн эмчийн заасан эмчилгээг цаг алдалгүй, бүрэн гүйцэд хийвэл төгс эмчлэгдэнэ. Эмчилгээ эмчийн хяналтан дор гэрээр хийгдэх боломжтой бөгөөд дунджаар 21 хоног үргэлжилнэ. Харин эмчилгээ дуусснаас хойш дахин шинжилгээ өгч өөрийнхөө бүрэн эрүүл болсон эсэхээ заавал тогтоолгоорой.
Эмчилгээ хийлгээгүйгээс гарах үр дагавар
Энэ өвчнийг эмчлүүлээгүй нөхцөлд өөрөө эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Харин архагшин хадгалагдахын зэрэгцээ үе мөч, зүрх судас, дотор эрхтнүүдийг хүндээр өвчлүүлнэ. Тархийг гэмтээснээс сэтгэцийн эмгэгүүд үүснэ. Гоо сайхан, гадаад үзэмжинд нөлөөлнө. Эмэгтэйчүүдэд тэмбүүгийн улмаас үр зулбах, дутуу төрөх, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх хүндрэл гарч болно.
Анхаарах зүйл
Тэмбүү өвчний үед зөвхөн цусны шинжилгээгээр оношолно.
Зөвхөн эмчийн зааврын дагуу хийсэн эмчилгээний дүнд бүрэн эдгэрэх боломжтой.
Цусанд халдвар орсны дараах үе харьцангуй урт удаан хугацаагаар үргэлжилдэг бөгөөд эмч нар хэд хэдэн үе шатуудад хуваан үзэж оношлогоо, эмчилгээг хийдэг. Олон эрхтнүүдийг зэрэг өвчлүүлдгээс шалтгаалан арьсан дээр тууралт гарах, булчирхай томрох, үс унах, ерөнхийдөө бие тавгүйтэх, булчин, үе мөчөөр өвдөх, хамрын мөгөөрсийг гэмтээснээс хамар цааш унах, тархи, нугасыг гэмтээснээс мэдрэл, сэтгэцэд өөрчлөлт гарах зэрэг янз бүрийн шинж тэмдгүүд илэрнэ. Заримдаа шинж тэмдэг илрэхгүй ч байж болдог.
Жирэмсэн эмэгтэй халдвар авсан нөхцөлд цусаар дамжин ургийг өвчлүүлдэг бөгөөд халдвар аваад хир зэрэг удсан бэ гэдгээс өвчний хүнд, хөнгөн явц нь хамаардаг.