Бэлэг эрхтний үү /Кондилом/
Тэгвэл зөвхөн бэлэг эрхтэн хавиар гардаг үү ч гэж бас байдаг байна. Гэхдээ мэдээж энэ нь хамгаалалтгүй бэлгийн хавьталтай холбоотой юм.
Ямар замаар халдвар дамжих вэ?
Гол нь бэлгийн хавьтлаар халдвар дамжина. Мөн үүтэй жирэмсэн эмэгтэй төрөх үед хүүхдэд халдвар дамжих боломжтой.
Нууц үе Халдвар авснаас хойш үү гарах хүртэл дунджаар 3 долоо хоногоос 8 сарын өнгөрч болно.
Шинж тэмдгүүд
Эрэгтэйчүүд
Тээрхий, түүний эргэн тойрон, шодойн их бие, хярзан, хуухнаг орчимд үү маягийн ургацагууд гарна.
Эмэгтэйчүүд
Бэлгийн уруул, хярзан, үтрээний амсар орчмоор үү маягийн ургацаг гарна. Тэрчлэн үтрээний дотор хана, умайн хүзүү зэрэг нүдэнд харагдахгүй хэсгээр үү гарах нь өвчний явцыг хүндрүүлэхэд нөлөөлдөг.
Нийтлэг шинж Үү нь ямар нэг өвчин эмзэглэлгүй. Эхлээд ганц нэг, жижиг хэмжээтэй байх боловч аажимдаа тооны хувьд олон болж бэлэг эрхтний бусад хэсгүүдээр тархаж гарахаас гадна хэмжээгээрээ томрох нь бий. Бэлгийн хавьтлын үед өвдөх, хөндүүрлэх, үү салмарч урагдснаас цус шүүрэх, эвгүй үнэртэй ялгадас гарах, загатнах, хорсох зэрэг зовиурууд илэрч болно.
Ямар шинжилгээ хийлгэх вэ?
Эмчийн үзлэгээр хараад оношлох боломжтой.
Ямар эмчилгээ хийлгэх вэ?
Эмчилгээний хугацаа нь бусад халдвартай хавсарсан эсэхээс хамаарна. Үүг авах эмчилгээ хийдэг боловч энэ нь бүрэн төгс эмчилгээ биш юм.
Өвчний явцад гарах хүндрэл
Бүрэн төгс эмчлэгддэггүй учраас дахих хандлагатай. Бэлэг эрхтний үү өвчин нь хорт хавдрын өвчнүүдийн шалтгаан болох нь олонтоо.
Анхаарах зүйл
Хамгаалалтгүй бэлгий хавьталд орохгүй байх нь энэ өвчнийг тусахгүй байх нэг үндэс юм. Энэ өвчнийг туссан жирэмсэн эхээс өвчнийг нь өвлөсөн хүүхэд гарах учир өвчин тусахгүй байх арга хэмжээг авч байх хэрэгтэй.