Талийгаачийн аав Эрүүл саруул хүүгээ хууль, хяналтынханд алдлаа

Энэ хооронд Ганцхудгийн урьдчилан хорихын холбогдох хүмүүс хянагч нар талийгаачийн үхэлд ямар ч буруугүй, тэд хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж мэдэгдэж байсан. Харин талийгаачийн гэр бүлийнхэн түүний үхэлд Баянзүрх дүүргийн цагдаа нар болон Ганцхудгийн урьдчилан хорихын хянагч нарыг бүгдийг нь буруутгаж байгаа аж. Энэ тухай талийгаачийн аав Б.Баатар, ээж Чулуунбаатар бусад ах дүүс нь өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Талийгаачийн аав Б.Баатар
-Хүүг маань өнгөрсөн сарын 17-ны өдөр энгийн хувцастай хэдэн хүн ирээд машинд суулган авч явсан. Тэгэхдээ яах гэж ямар учраас баривчилж байгаагаа ч хэлээгүй. Сүүлд нь сонсоход Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхоны хашаанд 50 орчим насны эрэгтэй хүн нас барсан хэрэгт сэжиглэн саатуулсан юм билээ. Миний хүүгээс гадна хэд хэдэн хүнийг уг хэрэгт сэжиглэн саатуулсан гэсэн. Тэр өдөртөө хүүтэйгээ уулзах гэж яаж ч оролдоод бидэнтэй уулзуулаагүй. Хаанахын ямар прокурор, шүүгчийн тушаалаар цагдан хорьсноо ч хэлэхгүй байсан. Хүүг минь ямар ч шарх сорвигүй эрүүл энх байхад нь авч явчихаад гурав хоногийн дараа хүн танихын аргагүй ухаангүй шахуу бидэнд хүлээлгэж өгсөн. Тэр үед Монгол Улсад эрүүдэн шүүдэг гаж явдал байгаа юм байна гэсэн аймшигт бодол төрж байсан гэсэн юм.

Энэ үеэр хохирогчийн гэр бүлийнхэн сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан.
-Та бүхэн Баянзүрх дүүргийн цагдаа нар талийгаачийг зодож алсан гэж бодож байгаа юм уу?
-Бид тус дүүргийн цагдаагийнхнийг зодсон, алсан гээгүй. Харин хүүг минь ямар шалтгаанаар хаана хорьж байгааг нуусанд нь гайхаж, эгдүүцэж байна. Хуулийн дагуу бол бид мэдэх эрхтэй биз дээ.
-Ганц худгийн даргатай уулзсан гэх юм?
-Бид ганцхудгийн орлогч дарга Сурмаажавтай уулзахад тэр манай ажилтнуудын буруу гэж хэлсэн.
-Тэгэхээр тус газрын хоёр хянагчийн буруу үйлдлээс танай хүү амиа алдсан болж байна уу?
-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Холбогдох байгууллага үнэнийг олж өгнө гэдэгт итгэж байна. Баянзүрх дүүргийн цагдаа хүүг минь зодов уу, эсвэл хоёр хянагч уу гэдгийг хэлэхэд эрт байна. Ямар ч байсан эрүүл саруул хүү минь цагдаа, хууль хяналтын газар аймшигтайгаар зодуулж амиа алдсан. Бид хөлөө хүрэх бүх газар хандаж үнэнийг олно. Мөн хилс хэрэгт гүтгэгдсэн талийгаачийнхаа нэр төрийг сэргээмээр байна.
-Хүүг тань өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан гэсэн?
-Тэр хэзээ ч хулгай хийх хүн биш. Бид энэ тухай өмнө нь сонсч байгаагүй. Тийм байсан юм бол амьд сэрүүнд нь шалгах нь яасан юм бэ.
-Түүнийг архи нэлээд хүртчихдэг, хүн амины хэрэг гарсны өмнөх өдөр талийгаачтай хамт архи ууж, маргалдаж байсан гэж гэрчүүд ярьсан байсан?
-Хүү маань архийг тэгж их уудаггүй, бусадтай муудалцаж хэрэлдэх хүн биш. Хэрэг гардаг шөнө хүү маань гэртээ эхнэрийнхээ өвөрт унтсан байсан. Хүний амь хороохоор тийм зүйл хийхгүй. Энэ бүгд худлаа гэж хэлмээр байна.
-Ганцхудагт очсоны дараа хүүд тань эрүүл мэндийн үзлэг хийх гэтэл эсэргүүцэн хянагчийг боож унагасан гэсэн?
-Тэгж л яриад байгаа болохоос бид харсан биш. Тэгсэн ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч хилс хэргээр өмнө нь орж байгаагүй газраа очоод харгалзагчийн өөдөөс эсэргүүцэн боож унагахгүй шүү дээ. Бид талийгаачийг тэгсэн гэхэд итгэхгүй байна. Үхсэн хүн босч ирээд үг хэлэх биш дээ. Харин миний хүүг хоолойноос нь олсоор оосорлож чирсэн байна лээ. Тэр өөрөө ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэсэн.
-Түүнийг сэтгэцийн өвчтэй юм уу гэж асуусан гэл үү?
-Баянзүрх дүүргийн цагдаа, ахмад Борхүү хэзээ хойно нь танай ах чинь сэтгэцийн өвчтэй юм биш үү гэж дүүгээс нь асуусан гэсэн. Мөн Ганцхудгийн дарга Сумаахүү Хүү чинь шарын комоор нас барчихсан юм шиг байна гэж бидэнд хэлсэн. Тэд хийсэн хэргээ нуун далдлах гэж элдвээр ярьж байна. Охинд маань ахмад Борхүү дээгүүр доогуур хэрүүл маргаан хийж битгий яваарай. Харин Ганцхудгийн дарга нартай уулзаарай гэж хэлсэн гэсэн.
-Талийгаач мансуурсан шинжтэй, хоёр булчинд нь тарьсан шинж байсан гэсэн. Ямар тариа хийснийг Ганцхудгийн эмчээс асуув уу?
-Ах маань намайг очиход хүн ч танихгүй мансуурсан шинжтэй байсан. Эмчээс нь ямар тариа хийснийг асуухад анальгин хоёр грамм, демидрол нэг граммыг тарьсан гэсэн. Бид тэгж бодохгүй байна. Хэрвээ бид тэр үед нь нүцгэлж зургийг нь авч баримтжуулаагүй бол одоо хүү чинь ямар нэг өвчнөөр нас барсан гэж гүтгээд бид хохироод л үлдэх байсан. Улаан цайм баримттай байхад яаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Хилс хэргээр ахыг маань хорьчихоод эцэст нь аминд нь халдсан явдалд бид туйлын гомдолтой байгаа. Үнэнийг олохын тулд бид болж бүтэх бүх газарт хандаж цаашлаад жагсаал цуглаан ч хийх болно.
-Түүний камертаа хамт байсан хоёр залууд зодуулсан гэх юм билээ?
-Тэнд 19, 20 настай хоёр хүү байсан юм билээ. Тэд зодсон байсан ч хэзээ ч ингэж аймшигтай яргалахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч нэгнээ зодож байхад тэндхийн хянагчид зүгээр хараад байж байдаг юм уу. Талийгаачийг хэсэгхэн хугацаанд зодсон бус хэдэн цагаар тарчлаан зовоосон нь харсан хэнд ч ойлгомжтой байсан гэлээ.

Ганцхудгийн урьдчилан хорихын хоёр хянагчтай холбоотой уг хүн амины хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад одоо УМБГ-т шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. Эрүүл саруул, гэм зэмгүй мөрөөрөө гэр бүлээ авч явж байсан хүүхдийнхээ амийг нэг л өдөр хууль хяналтынхны гарт алдчихна гэж санаагүй талийгаачийн эцэг эх гэр бүлийнхэн нь туйлын гомдолтой байгаагаа дахин дахин хэлж байсан.

Дэд хурандаа Б.Бэхбат Түүний үхэлд цагдаа нар буруугүй

Бид уг хэргийн талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга дэд хурандаа Б.Бэхбатаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр,

-Б.Мөнхбаярыг хүн амины хэрэгт сэжиглэх хангалттай шалтгаан байсан. Түүнээс гадна хэд хэдэн хүнийг сэжигтнээр татсан. Гэрч нар Мөнхбаяр хэрэг гарахын өмнөх өдөр талийгаачтай хамт архи уусан. Мөн архи ууж байхдаа талийгаачтай маргаж түүнийг ална гэж заналхийлсэн гэж мэдүүлсэн. Түүнчлэн Мөнхбаяр талийгаачтай хамтран түүний гэрээс эд зүйлийг нь авч зарж үрдэг байсан. Бас талийгаачийн гэрээс хулгай хийж байгаад гэрийнхэнд нь баригдсан тухай ч гэрчүүд мэдүүлсэн.
-Мөнхбаярын гэрийнхэн ямар ч шийдвэр зөвшөөрөлгүй түүнийг цагдаа хорьсон гээд байгаа?
-Дээрх хэргүүдийн мэдүүлгээс үндэслэн сэжигтнээр шалгасан. Ингэхийн тулд прокурор, шүүхийн байгууллагын шийдвэрээр хуулийн дагуу саатуулсан. Энд ямар ч үндэслэлгүй хууль бус зүйл байхгүй. Бид өнгөрсөн сарын 17-ны өдөр Мөнхбаярыг баривчлан тэр өдөртөө прокурор шүүхийн байгууллагын шийдвэрээр Ганцхудгийн урьдчилан хориход хүргэж өгсөн.
-Танай цагдаа нар түүнийг эрүүдэн шүүсэн байдалтай байсан гэж гэрийнхэн нь үзээд байгаа?
-Тийм зүйл огт болоогүй. Манай цагдаа түүнийг Ганцхудгийн урьдчилан хориход хүргэж өгсөн. Түүнийг хүлээж авахдаа тус хорихын эмч нүцгэн биеийн үзлэг хийж хүлээж авсан. Тэгэх ч ёстой. Картан дээр эмчийн дурьдсанаар Б.Мөнхбаярын биед ил шарх сорви байхгүй. Ямар нэг шинэ гэмтэлгүй. Харин зүүн хөлдөө хуучин хугаралттай байсан гэж тэмдэглэн гарын үсэг зурсан байгаа. Мөн хүргэж өгсөн цагдаа ч гарын үсгээ зурсан байна. Тэгэхээр Б.Мөнхбаярын үхэлд манай цагдаагийн ажилтнууд ямар ч холбоогүй нь тодорхой байгаа.
-Түүнтэй хамт нэг камерт хоригдож байсан залуус зодсон гэж дуулдсан. Тэд ямар шалтгаанаар зодсон гэж мэдүүлсэн бэ?
-Б.Мөнхбаяр Ганцхудгийн 87 тоот өрөөнд Сүхболд Эрдэнэчулуун нарын хүмүүстэй хамт байсан. Тэд Б.Мөнхбаярыг зодсон гэдгээ мэдүүлсэн. Мөн бусад гэрч ч мэдүүлээд байгаа. Түүнийг шөнө унтуулахгүй хашгирч овилгогүй зан араншин гаргаад байхаар нь бакал гутлаар нуруу, өгзөг шилбэ рүү нь цохиж зодсон гэсэн.
-Хоёр хянагч ч бас зодсон гээ биз дээ.
-Тэд түүнийг нүцгэлэн биеэ эмчид үзүүл гэхэд нь эсэргүүцэн хэл амаар доромжлон нэг хянагчийг нь боосон гэнэ лээ. Тэгэхээр цагдаа хорих газрын дотоод журмын дагуу хамгаалах ажилтны хоолойг боосон учир зогсоох арга хэмжээ авч дал хавьд нь тусгай хэрэгсэл /бороохой/ хэрэглэсэн тухай тус хорихын даргын мэдэгдэл ирсэн. Эцэст нь хэлэхэд, манай албан хаагчидтай энэ хэрэг ямар ч холбоогүй байхад холбоотой мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байгаад би гүнээ харамсч байна. Удахгүй холбогдох газрууд энэ хэргийг шалгаж үнэнийг олж манай байгууллагын нэр хүндийг сэргээнэ гэдэгт итгэж байна.

Б.Майцэцэг
2005.06.25, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button