Ж.Самбуу даргын комиссар О.Цэвээнхүү ярьж байна

Түүний амьд сэрүүн 1965 оны энэ өдөр төр засгаас 70 насны ойг нь тэмдэглэж нам, ард түмний өмнө байгуулсан гавьяаг нь үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгожээ. 1975, 1985 онуудад 80,90 насны ойг нь Төв Хороо, Засгийн газар мартсангүй орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэж, төрсөн нутаг Төв аймгийн Бүрэн суманд түүний хөшөөг нээжээ. 1995 онд 100 жилийн ойг нь тохиолдуулан УИХ-ын дэргэдэх судалгааны төвөөс Монгол төрийн түшээ, түүхэн уламжлал ба орчин үе сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Тэрийн ордонд зохион байгуулж хөшөөнд нь Улсын Их хурал,Ерөнхийлөгчийн тамгын газар,ОХУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамдаас цэцэг өргөж, Төв аймаг, Бүрэн суманд нь тэмдэглэн өнгөрүүлсэн нь түүхнээ үлджээ. Харин өнөө жил Төр Засгийн түвшинд нэг л чимээгүй нам жимхэн өнгөрөх төлөвтэй.

Муруй модоо уул нь муухай үрээ эх нь мартдаггүй гэдэгчлэн төрсөн нутгийнхан нь л түүний ойг тэмдэглэх тухай ярьж, хүүхдүүд зохион бичлэгийн уралдаанд оролцож, хөгшид дурсамжаа дэлгэж байна. Товчхондоо Самбуу дарга хүмүүст мартагдсангүй. Түүний амьдралаас ургуулсан голч төвч, үнэт үгсийг нь ард түмэн ой дурдатгалаасаа арчсангүй. Ард түмэн сүр дуулиангүй ч гэхнээ Жамсрангиин Самбуу гэгч аугаа хүнийг цаг үргэлж гэрийнхээ хоймор, галынхаа захад, сүргийнхээ бэлчээрт ярьж үг сургаалийг нь бие биедээ цагаас цагт дамжуулан санаа сэхээ авч амьдрал ахуйдаа хэрэглэсээр байна. Тэдний нэг Ж.Самбуугийн комиссараар 1958- 1972 онд насан өөд болтол нь ажиллаж байсан Ойдовын Цэвээнхүү гуайн дурсамжийг уншигч танаа сонирхуулъя.

ЯАСАН Ч ЯДУУ ЮМ
Самбуу гуайн сүрхий онож хэлсэн ёж үг нь үнэн бөгөөд сургамжтай. Нэг удаа Цэдэнбал даргын өрөөнд хуралд суучихаад гарахдаа хажуу дахь ариун цэврийн газар нь гараа угаачихаад Яасан ч ядуу юм гэж билээ. Тэр өрөөнд орж үзэхэд тосгуурын доор төмөр хувин тавьчихсан, ус гоожиход их дуу гарч байж билээ. Дээрх үг нь Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйн газрын ажлын доголдлыг товч бөгөөд тодорхой шүүмжилсэн үг билээ.

ГОМБО ЭМЧ ШАН ХАРАМЖ АВАА ЮУ
Самбуу гуайтай цуг даргын эмч Гомбо байнга хөдөө явна. Дарга нутгийн ардуудтай уулзаж гэр орноор нь орж явахдаа өвчин эмгэгтэй хүнтэй таарахаараа Гомбо эмчид үзүүлдэг байлаа. Гомбо эмч нэг удаа айлд өвчтэй хүн үзээд гарч ирэхдээ жаахан боодолтой юм бариад ирсэн юм. Самбуу гуай харчихаад Гомбо эмч шан харамжаа аваа юу гэж билээ.

ӨНӨӨ ХААЛТАА БОЛЬСОН УУ
Самбуу гуай агнасан ангийхаа арьс үсийг эсгүүлж эвгүйтүүлэхгүй их нямбай авахуулна. Өөрөө бидний дэргэд байнга ирж суучихаад чонын сарвуунаас татаж бидэнд дэм болох гэдэгсэн. Түүнд нь бид их урам орно. Алахаасаа өвчих нь сураагүй хүнд хэцүү, ялангуяа хөлдүү чоно өвчих ярвигтай. Бид чоно авлаад өвчихдөө эхэндээ амны хаалт хүртэл хийж, хутга, гараа угааж их л сүрхий ариун цэвэр сахицгаадаг байлаа. Сүүлдээ ч олон чоно өвчиж, хүйтэнд даараад ирэхээрээ юуны угааж, арчихтай манатай болоход дарга Өнөө хаалтаа больсон уу гэж байсан нь санаанаас ер гардаггүй юм.

МАНАЙ ХҮНИЙ АМ БЭЭРЧИХЭЭД БАЙГАА ЮМ
Самбуу гуай хөдөө явж байгаад нэг малчин айлд саатаж аж байдалтай нь та-нилцаж суутал манай нэг нөхөр даргын хажуугаар орж нөгөө малчнаас Хөдөлмөр өдөл, хөдөлмөл өдөл гээд л байх юм. Дарга нөгөө нөхрийг харж байснаа Манай хуний ам бээрчихээд байгаа юм гэж билээ. Манай хүн малчнаас хөдөлмөрийн хөлсний тухай асуух аядаж байснаа даргыг хараад байхлаар бантаад тэгж ээрч будилсан хэрэг.

ГАЛСАНГ БИ ЭМЧИЛНЭ, ОРУУЛААД ИР
Самбуу гуай Өмнөговь аймгийн нутгаар 1957 оны намар явж байгаад нэг зээр агнаж хорхог хийж иджээ. Оройхон даргын жолооч Галсан хордлого авч нилээд сандаргаж. Самбуу гуай түүнийг дуулуутаа Галсанг би эмчилнэ, оруулаад ир гэжээ. Хэлсэн ёсоор жолоочийг нь майханд оруулжээ. Самбуу гуай нэг шил морь сарлаг задлаад том шилэн аягаар дүүрэн хийгээд Галсанд уулгаад Дулаахан хучаад унт гээд явуулжээ. Галсан гуай майхандаа ирээд манарч манарч байснаа нам унтаад өглөө сэртэл бие нь зүв зүгээр болсон байж. Сүүлд Галсан гуай Би Ардын Их Хурлын даргаар эмчлүүлж эдгэрсэн. Амьд явж ус уух заяатай хүн гэж бахархан байн байн ярьдагсан.

ЭНЭ ӨВӨЛ Ч МАЛ, МАЛЧИН ХОЁРТ ХАТУУХАНДАГАА
Самбуу гуай тэнгэрийн аяс, нарны жаргалт, өдрийн өнгөөр тэр жилийн цаг агаарын байдлыг гярхай ажиглаж сайн төсөөлдөг хүн байсан. Тэрбээр 1964 оны намар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаар явсан юм. Нэг өглөө майханд нь гал түлээд сууж байтал Самбуу дарга орноосоо өндийж тэнгэрийн байдлыг ажигласнаа Энэ өвөл ч мал, малчин хоёрт хатуухандагаа гэхэд нь би гайхаж билээ. Үнэхээр тэр жилийн өвөл тун хатуухан болж олон аймаг сум цас зуданд нэрвэгдэж ихээхэн хохирол амссан юм.

ГЭНДЭН ЭРГЭЛДЭЭД БАЙХ ШИГ БАЙНА
Самбуу гуай гэр бүлээрээ Тэрэлжид 1970 онд гэр бариулж амарсан юмдаг. Тэр үед Ардын жүжигчин Гэндэн гуай тэнд амарч байв. Нэг өдөр дарга намайг дуудаад Гэндэн цаагуур чинь эргэлдээд байх шиг байна. Энэ юмыг аваачиж өгөөрэй гэж хоёр шил Нийслэл архи өгч билээ. Би тэр бэлгийг нь Гэндэн гуайд аваачиж өгөхөд мань хүн маш их баярлаж, даргын минь хишиг буян гэж залбирч байсны дээр даргад баярлалаа, сайхан амраарай гэж хэлээрэй гэж байсансан.

ЧИ ЧИНЬ ӨВӨРХАНГАЙН АЛЬ СУМЫНХ БИЛЭЭ
Самбуу гуай 1964 онд өвлийн зуднаар Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Төв аймгуудын нутгаар явж цаг зудын байдалтай танилцаж зарим аймаг сумдад зохих туслалцаа үзүүлж явсан юм. Тэр үед Дундговь аймгийн Эрдэнэ-далай сум олон малтай ажил сайтай суманд тооцогдож байсан ба дарга тэр суманд ирж хоноглосон юм. Өглөө даргын өрөөнд орж цай аягалж өгөөд гарах гэтэл Чи чинь Өвөрхангайн аль сумынх билээ гэж асуухад нь би Баян-Өндөр сумынх гэж хэлэхэд Тиим үү гэж билээ. Дарга Эрдэнэдалай сумын төвөөс гарч Өвөрхангай аймгийн Сант сумаар орж орой нь Баян-Өндөр суманд очиж хоноглосон юм. Төрийнхөө тэргүүнийг даган явж төрсен нутагтаа очсондоо би маш их билэгшээж билээ. Мөн даргынхаа хүнч сайхан сэтгэл, холч ухааныг биширч байсан юм.

Ширчингийн СҮХБААТАР
(өдрийн сонин 2005-06-27 155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button