Хамар хашаа буюу хажуу дахь гаалийн тухай
Хамар хашааны хоёр нэгнийхээр орж гарч явсангүй, Үүдээр нь өдөр бүр өнгөрч ажилдаа явах замд таарах гоё гоё машиныг нь атаархангүй харж яавал эдэн шиг тансаг амьдрах бол гэж мөрөөднө. Биднээс баахан цаас, сонин хөглөрөн гардаг бол Хажуу айл-аас дандаа доллар, алт эрдэнэс ундардаг байх. Саяхны нэг өдөр танил маань ирж уулзангаа элдвийг ярих зуур танай хажуу талын гааль чинь сэтгүүл гаргадаг шүү дээ гэсэн юм. Бас дэргэдээ Гааль эдийн засгийн коллеж гэдэг мундаг сургуультай. Түүнд нь олны танил бүхий хүмүүс тэдний хүүхдүүд сурдаг тухайг ч мэдлээ.
Гааль бол манай орны чухал салбар мөн тул тэдний эрхлэн гаргадаг сэтгүүлийн эрэлд гарч оллоо. Монгол гааль хэмээх өнгө үзэмж ганган сэтгүүлийн хуудсыг нээн энэ салбарын төлөөх мэргэжлийн хүний нийтлэлүүдийг шимтэн уншсан юм. Тус сэтгүүл дээр тулгамдсан асуудлуудын талаар өгүүлэл тавьсан илтгэгч нар ихэнх нь гаалийн сургуулийн багш нар бололтой. Тэдний бичсэн, хөндсөн асуудлууд сэтгүүлзүйн хувьд учир дутагдалтай ч төрийн албыг шинжлэх ухааны үндэслэлтэй холбон нягт хандсан байв.Гоё сэтгүүлийг эргүүлсээр хамгийн сүүлийн хуудсанд хүрэхэд өөд эгц ширтсэн зураг бүхий нэгэн эрхэм Гаалийг хэрхэн чанартай удирдах тухай санаа дэвшүүлжээ. Бичигчийг С.Цэцгээ гэнэ. Буянт-Ухаад гаалийн жирийн байцаагч ажилтай юм байна. Бусдыгаа бодвол.
Эндээс харин Гааль яваандаа яаж хөгжих тухай ойлголтыг авсан юм. Манай улс нь Чингис хаант монголын төрөөс эхлэн хил гаалиар орж гарах явдлыг зохицуулж байсан арвин туршлага, арга зальтай байжээ. Хамгийн сүүлд дэлхий нийтээр даяарших болсон, манайхан зах зээлд эргэлт буцалтгүй ороод 15 жил замнаж буй яг энэ үед гаалийн байгууллага яаж зохицох асуудал амьдралаас урган гарах нь тодорхой. Мэдээж хуулиуд нь жил ирэх бур цоорхойдож, хоцрогддог нь жам юм хойно. С.Цэцгээ уг эмзэг асуудлыг хөндөн тавьсан нь дахиж уншихад хүргэв. Тэрээр гаалийн асуудлыг нэвт мэддэг нэгэн эсвэл угаасаа шинэчлэгч үзэлтэн хоёрын аль нэг байх. Дам сонсвол саяхан Удирдлагын академи дээр Гаалийн менежментийг боловсронгуй болгох нь сэдвээр удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан гэнэ. Эдийн засгийн түүний нэг сэдэвт бүтээл нь өмнөх түүхээ дурьдсан биш, ирэх цагт яах тухайгаараа онцлог хэрэцээтэй бүтээл ажээ.
Мөхөс миний ойлгосноор энэ гаалийн байгууллага нь нэг талаас төрийн, нөгөө талаас бизнесийн төрхтэй өвөрмөц газар юм. Хувийн гааль гэж байдаггүй. Гаальчдыг чанартай ажиллуулна гэсэн шүүмж гарвал хөрөнгө төсвөөр хэмх зодож хуучин цагийн хатуу байр сууриа хуягладаг зовлонтой бололтой. Удирдлагыг халж солих нь гол биш удирдлагын менежментэд харахад үл ялиг, авч асар том шинэчлэл болох цаг ирснийг мэдэрчээ.Манай оронд өдрөөс өдөрт бараа таваар төдийгүй оюуны урсгал улам бүр цутгаж, мэдээлэл хэт хурдсан сайн муу холилдож байгаа энэ үед түүнийг хянаж зохицуулах ёстой газруудын нэг гаалийн байгууллагыг цаашид хэрхэх вэ. Тэд урьдын адил татвар хураамж сайн авч улсынтөсөвт нэмэр болох төдийгөөр явашгүй. Хилээр чанаргүй бараа ихээр орох, улмаар үндэсний аюулгуй байдлыг хорлож мэдэх хар тамхи зэвсэг гэх мэт урьд өмнө сонсож байгаагүй түгшүүрийн эсрэг хийгддэг хяналт шалгалтыг тэдэнд найдаж үлдээж болох уу
Орчин үеийн мөнежментийн нөхцөлд шалгараад байгаа ИСО-9000 олон улсын чанарын стандарт, чанарын гогцоо хэмээх томъёолол, Друкерийн Шинэ албан хаагч гэх санаануудыг гаалийн байгууллага нэвтрүүлэх нь зайлшгүй. Тэр үед ажиллагсдыг нэг бүрчлэн ажил үүргийн зөв зохицуулалт хийлгэн, үнэлгээ дугнэлтийн хурдыг нэмэгдүүлэх болно. Харин яаж авилгаас ангид бизнесийн байгууллагаас өөр үзэл баримтлалаар монголын гаальд менежмент хийх аргыг энэ бүсгүй олон жилийн турш судалсан байх. Гаалийн байгууллагын контроллинг, менежментийн логистик, чанарын шалгуураар удирдах тогтолцоог бүрдүүлэх зэрэг адармаатай гаргалгааг эгэл хүн дахин дахин уншиж байж учрыг нь олох юм билээ.
Ер нь төрийн өмчийн бөгөөд ашгийн олон байгууллага төрд хувьчлагдахгуй байсаар байдаг. Тэдгээр байгууллагыг зөвхөн ашгийн төлөө хөгжүүлэх боломжийг бизнесменүүд хэрэгжүүлж чаддаг. Харин удирдлагын менежмент буюу үндсэн чиг үүргээр нь чанартай ажиллуулах тал дээр нийтлэг хоцрогдол байдаг нь нууц биш. Энэ талаар дорвитой судалгаа эрэл хайгуул хийсэн эрдэмтэн судлаач ховор байдаг нь байгууллагын болоод т-хайн хүний хувийн эрх ашиг хөндөгддөгөөс холбоотой боловуу. Зөв зүйтэй, үндсэн үүргээ чанартай хийгээд явбал уул нь төрд хэрэггүй байгууллага гэж үгүй. Тэрэн дундаа гаалийн байгууллага нь орчин үеийн онцгой объектын нэг юм.
Эднийх чадварлаг ажилтанг сонган авах боломжтой, эдийн засгийн аль нэг бэрхшээлээс ангид, илүү хурдан мэдээлэл бүхий орчин. Уг байгууллага Дэлхийн худалдааны, гаалийн гэх мэт олон улсын байгууллагатай нягт хамтран ажилладаг, гадаад зах зээлээс суралцах, хамтрах олон бололцоон дунд байдгаараа аль ч газраас давуу. Гэтэл өнөөдөр гаальтай холбоотой хэл ам тасар-даггүй. Хил боомт дээрх хүнд суртал, бичиг баримт нь үл ойлгогдох чирэгдэл барагддаггүй гээд үе нь өнгөрвөл өнгөрөхөөр болсон дутагдлууд дэндсэн газар. Гаалийн даргаар хэнийг ч тавьсан хэл аманд орооцолдоно гэж өөрсдөө ярьдаг юм билээ. Тийм ч байж болох юм. Асуудлын гол нь менежментийг боловсронгуй болгох буюу тоглоомын үндсэн зарчмыг шинэчлэх алхам үгүйлэгдээд байгаа нь үнэн. Энэ талаар С.Цэцгээ гэдэг эмэгтэй бичсэнийг нь уншлаа. Хажуу айлаар ийм сонинтой.
Ж. ГАНГАА (Өдрийн сонин 155)