Шинэ Ерөнхийлөгчөө хүндэтгэн цэргүүд жагсч, хүмүүс хоолонд дугаарлав
Өмнөх долоо хоногоос нь эхлэн сунжирсан МАХН-ын удирдах зөвлөлийн хурал, бага, их хурлууд улмаар их хурлаас сонгогдсон бага хурлын хуралдаан өдөр амсхийж, шөнө хуралдсаар шинэ долоо хоног эхлэхэд л дууссан. МАХН-ын шинэ дарга М.Энхболдтой эн тэнцүүхэн өрсөлдсөн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр бага хурлаар дахин Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Гэхдээ уг сонгуулийн өмнө түүнийг нэр дэвшүүлэхгүй, хэргийг нь гаргачихаад зайлуулах гэж байна гэсэн яриа багагүй тарсан ч бодит байдал өөрөөр эргэсэн юм. Бага хурлын гишүүдийг аймаг бүсээр нь квот тогтоон гаргасан ч жинхэнэ намынхаа төлөө зүтгэдэг нь биш, мөнгөтэй төгрөгтэй нь гарлаа гэсэн яриа намын гадуурх хүмүүсээс илүү гишүүд дунд нь илүү яригдсан аж. Тиим хэдий ч бага хурлын гишүүдийн тодорхой хувь нь шинэчлэгдэж, Удирдах зөвлөл 19 гишүүнтэй батлагдсан. Удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд тодорхой. Дандаа өдгөөгийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүс. Харин нэг эмэгтэй байгаа нь хамтарсан Засгийн газрын ганц бүсгүй сайд Т.Ганди юм. Удирдах зөвлөлийн гишүүд дээр тус намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар сонгогдсон албан тушаалтан, мөн МАХН-ын нийслэлийн намын даргаар сонгогдсон хүн нэмэгдэх юм. Хонон өнжиж, сунжран үргэлжлэн хуралдахдаа хэвлэлийнхнээс зайгаа барьсан махнчууд лхагва гаригт тэдэнтэй албан ёсоор уулзсан билээ. Намын даргад өрсөлдсөн хоёр хэвлэлийнхний асуултад хариулахдаа цаашид аливаа асуудлыг шийдэхдээ намын гишүүдээс гадна дэмжигчдийн санал бодлыг илүүтэй анхаарч, тэднийг намын үйл ажиллагаандаа татан оруулах бодолтой байгаагаа ярьж байсан юм. Харин эртнээс нааш яригдаж, хөгшин намд ардчилал оруулах эхлэлийг тавьсан гэгдэх жигүүрийн асуудал бүрхэг хэвээр үлдсэн. Бүрхэг ч гэж дээ. Жигүүрийг бага хурлын дөрөвний нэг хүлээн зөвшөөрвөл албан ёсоор байж болно гэдгийг олонхи болгон өөрчилсөн тул бүр л боомилсон хэрэг болсон. Юутай ч урт удаан хугацаанд үргэлжилсэн бас ардчиллын цөн түрсэн гэгдэж буй МАХН-ын хурлын дуулиан өнгөрсен долоо хоногийн хувьд МАХН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тангараг өргөх ёслолд дарагдан намжлаа. Хэдийгээр улс төрийн их давалгаа баасан гаригаар амсхийсэн мэт боловч үргэлжлээд 65 дугаар тойргийн асуудал, УИХ-ын даргын томилгоо гээд долоо, долоо хоногоор дараалан босох асуудлууд бий.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХАРИУЛТ ХИЙГЭЭД ЗЭЭЛДҮҮЛСЭН ДАЛБАА
Европын орнуудаар тун чиг амжилттай айлчлал хийгээд ирсэн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногийн эхний өдөр хэвлэлийнхэнтэй уулзсан. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас томилолтоор явахаасаа өмнө гаргасан хоёр захирамжийн нь талаар илүүтэй лавлан асууж байсан юм. Тэрээр олон зүйлийг тайлбарлаж нуршилгүйгээр энэ улсад нэг л Ерөнхий сайд байдгийг сануулсан нь олон хүнд нэгийг бодуулсан болов уу. Юутай ч дараахан нь Ерөнхий сайдаа эзгүй үед хэвлэлээр баахан мэдэгдэл хийсэн Шадар сайд нь Мэдээж Ерөнхий сайд нь эцсийн шийдвэрийг гаргана. Гэхдээ уламжлал болоод байгаа зөвшилцөл… гэхчлэн тайлбарлаж байгаа харагдсан. Одоогоор хуулийн дагуу асуудал нь шийдэгдчихээд байгаа ч намын халхалтаар далимдуулж ажлаа хүлээлгэн өгөхгүй байгаа ажилтнуудын асуудал хэрхсэн нь хүмүүст тодорхойгүй байгаа юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Эверестийн оргилд төрийн далбаагаа мандуулаад ирсэн гурван уулчныг хүлээн авсан. Тэд эх нутгаасаэ явахын өмнө Ерөнхий сайдаас түр зээлсэн далбаагаа дэлхийн дээвэрт мандуулчихаад авчирч өгч байгаа аж.
ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРГАА ӨРГӨВ
УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс эхлээд өнгөрөгч долоо хоногт өрнөсөн нэлээд асуудал шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй холбоотой байв. Шинийн 15-нд тангараг өргөж болох байсан ч хойд хөрш рүү германчууд довтолсон зургадугаар сарын 22-ны хар түүхэн өдөртэй давхацсанаас хоёр хоногийн дараа хийгдэх болсон баасан гаригийн өглөө намын гишүүн Н.Энхбаяр МАХН-ын Сүхбаатар дүүргийн 68 дугаар үүрийн дарга нараа хүлээн авав. Түүнийг намаасаа түдгэлзэх өргөдөл гаргасны дагуу шийдвэрлэж, батлахаа өөртөө үлдээхийг нь зөвшөөрснөө намын үүрийнхэн нь мэдэгдсэн. Ингээд УИХ дарга, бас МАХН-ын гишүүн биш болсон иргэн Н.Энхбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Тэрээр намынхаа дотоод хэрэгт оролцоод байхгүй ч зарим асуудал дээр санал бодлоо хэлнэ гэсэн. Харин үүнээс хоёр цагийн дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсон юм. Шинэ хуучин хоёр Ерөнхийлөгч хоёр талаас зэрэг гарч ирсний дараа залуу Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн эх дээр гараа тавьж байгаад тангаргаа уншсан. Гадаадын цөөнгүй орноос зочид төлөөлөгчид морилж, ОХУ-ын дээрээсээ гурав дахь том хүн нь болох С.Миронов хувийн онгоцоо хүртэл хөлөглөн ирсэн уг ёслолын ажиллагааны дараа Сүхбаатарын талбай дээр цэргийн парад боллоо. Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнх нь хувьд хүндэтгэл үзүүлэн хийсэн энэ жагсаал тун ч сүртэй, сүрлэг болсон талаар очиж сонирхсон иргэд өөр хоорондоо удтал ярьж байсныг дуулгах хэрэгтэй. Үүнээс хэд хоногийн өмнө өөрийн дүрэмт хувцас, тэмдэглэх өдөртэй болсон Онцгой байдлынхан мөн жагсаал хийснийг хүмүүс санаж байгаа байх. Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй холбогдсон арга хэмжээ Соёлын төв өргөөнд болсон хүндэтгэлийн концертоор дуусаагүй бөгөөд маргааш нь Бөхийн өргөөнд 128 бөх барилдсан юм. Ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлэх үүднээс залуу бөх ганцыг ч барилдуулалгүй, аймгийн начнаас дээш цолтой бөхчүүдийг өрсөлдүүлсэн бөгөөд шинэхэн гавъяат А.Сүхбат түрүүлж, Г.Өсөхбаяр аварга үзүүрлэсэн. Мөн өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч асан Н.Багабанди үдэлтийн зоог барьж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр угталтын зоогуудыг гадны зочдоосоо эхлэн хийсэн юм. Харин Ерөнхийлөгчийг тангараг өргөдөг өдөр Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-өөс Эрх чөлөөний талбай дээр үнэгүй хоол түгээв. Бэлэн хоолны савны нэг тал дээр будаатай хуурга хийлгэхээр дугаарлан зогссон тэр хүмүүс өнөө цагийн Монголын нэгэн дүр төрх байлаа.
ХАМГИЙН ОЛОН ГАВЬЯАТ ТӨРСӨН ДОЛОО ХОНОГ
Өнгөрөгч долоо хоногийг хамгийн олон гавьяа шагналтнууд төрсөн долоо хоног гэж онцолж болно. Сонгодог урлагтаа хүлээн зөвшөөрөгдсөн атлаа олон удаад ардын жүжигчинд нэр дэвшээд хоосон хоцорсон тухай хүмүүс өөр хоорондоо шивэр авир хийдэг байсан жүжигчин Д.Жавзандулам ардын жүжигчин болсон. Мөн дуучин Сарааг гавьяат болсонд өөрөөс нь илүү фэнүүд нь, рок попынхон нь тун ч ихээр баярлаж байлаа. Далай аварга А.Сүхбат гавьяат тамирчин болж, Д.Энхзул гавьяат дуучин Д.Цоодол, П.Хорлоо, Т.Галсан нар ардын уран зохиолч болов.
Мөн Монголдоо хамгийн том шагнал гэгдэх Чингисийн одонгийн анхны эзэн тодорсон. Н.Багабанди бүрэн эрхээ дуусахаас цаг гаруйгийн өмнө гаргасан зарлигаар анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ шагналыг хүртэх болсон. Харин үүнийг нь гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр наадмаар гардуулан өгөх юм.
БЭЭЖИНГИЙН ОЛИМПИЙН АНХНЫ ЭРХИЙГ О.ГҮНДЭГМАА ХҮРТЭВ
Урьд өмнө нь олимпийн наадамд оролцох эрхийг хоёр жилийн өмнөөс л олгодог байсан журам өөрчлөгдсөнөөс Бээжингийн олимпод оролцох эрхийг монголчууд гурван жилийн өмнө авч чадлаа. Харин энэ эрхийг авч чадсан хүн бол буудлагын О.Гүндэгмаа. Дөрөв дэх олимпдоо оролцох эрхээ аваад байгаа тэрээр Италийн Миланд болсон Дэлхийн цомд аваргалсан байна. Тэрээр Афины олимпийн анхны эрхийг авч, салхи хагалж байсан жишгээрээ хөршдөө болох олимпийн эхний эрхийг авлаа. Өөрийн дасгалдаа дэлхийд нэгдүгээрт байсан түүнийг Афинаас алттай ирээрэй гэсэн даалгаврыг олон хүн өгсөн нь сэтгэл зүйн хувьд давхар ачааллыг өгсөн байх гэж хүмүүс ярьдаг. Хэдийгээр Афинаас медаль авч ирээгүй ч Бээжингээс юм дуулгах байх гэж найдсан хүмүүс олон хэвээр байна.
Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-06-27 155)