ОДОН МЕДАЛЬ бол ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН НЭН ШИНЭ БАЛАЙРАЛ мөн

Харин дурдсан эрхүүдийн 3 дахь нь Монголын бүх ард түмнийг хошууруулдаг, ховсддог, ид шидтэй гэхэд багадахаар сонгуулийн амлалт ба дахин сонгогдох баталгаа нь болдог гайхамшигт эд гэлтэй. Тэр тухайд энд өгүүлье. Монголын төрт улсын 3000 жилийн түүхнээ одон медаль, алдар цол бол сүүлийн 60-аадхан жилийн түүхэн бүтээл. 1930-аад онд Аж үйлдвэрийн гавьяаны, Цусан гавьяаны одонгууд бий болж, Халх голын тулааны үед Улсын баатар, 1950-иад онд Хөдөлмөрийн баатар бий болж, завсарт нь бусад одон медаль, ойн медалиуд цувж үүссээр 1960-аад онд жинхэнэ дүр төрхөө олсон билээ.

Харин энэ 60 гаран жилд одон медальд зориулж хичнээн зуун тонн ган болд хайлуулж цутгасан, хичнээн тонн төмрийн будаг, боронз урсгасан, хичнээн хүний хөдөлмөр шингэсэн гэвэл толгойд багтахгүй солиормоор их тоо гарах байх. Мөн энэ 60 жилд Монголд хичнээн хүн төрж өсч, хорвоог туулаад бурхан болсон, тэднээс хэд нь хичнээн одон тэмдэгтэй гэхчлэн тоо гаргая гэвэл эрүүл ухаан дийлэхгүй, Гиннэсийн номд оруулсан ч чамлагдахаар үзүүлэлт болох биз ээ.

Ингэхэд одон медаль гэж юу вэ? Тэр нь ямар ач холбогдолтой, ялангуяа хүртсэн хүндээ юу өгдөг эд вэ гэсэн асуултад ч зориглон учир шалтгааны тайлбар гаргах хүн олдохгүй байх. Гэхдээ хэн ч татгалзаж байсангүйг бодоход цаанаа татан дагуулах увидастай, ямар нэг ид шидийн ховс оршиж байх шиг. Монголын түүхэнд төрүүлсэн хөдөлмөрийн баатар, гавьяат ардын цолтон, төрийн шагналтны тоог хөгжил рүү нь механикаар хуулбарлахад дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон байхаар дүр зураг аяндаа бууж байна.

1990 оны ардчилсан хувьсгалаар үгүй хийх ёстой юмны нэг нь чухам одон медаль байсан гэдэгт эргэлзээ алга. Хэрэв тэр үеийн коммунист хань нөхдөө дагасан бол шүү дээ. ОХУ-д энэ адармаатай үзэгдлийг орвонгоор нь шинэчилсэн, Дорнод Европт хүчингүй болгосон, ганцхан Монгол, Хойд Солонгос хоёрт цэцэглээстэй үлдсэн, хөгийн гэхэд хаашаа юм, солиорлын хэмжээнд очиж үйлчилсээр л. Харин хойд солонгосчууд төмөрлөгийнхөө нөөцийг барсан уу, эсвэл тэгэхээс тэгж байна уу, одонгуудаа хуванцараар хийж олшруулан 22 сая хүндээ толгой дараалан тараадаг хэвээрээ. Энэ янзаараа бол манайд ч мөн хуванцар одон зүүх цаг мөдхөн ирэх биз.

Уг нь аливаа шан шагналын цаана шагнуулагчийн амьдралын чанарын дээшлэлт, мөнгөн хуримтлал, нийгмийн бусад баталгаа оршиж баймаарсан. Харин манайд эсрэгээр эргэчихээд хичнээн олон одон тэмдэг зүүгээд зүүгээд амьдрал ахуй нь дорой ядуу, дэлхийн дундаж түвшнээс доогуур ертөнцийн хар өдрүүдийг өнгөрүүлж байгаа бус уу. Чухам яг одон зүүсэн өдрөө тэнэгэр, сэтгэл өег байдаг байх л даа.

Коммунизмын 70 жилд бидний гайгүй сайн суралцсан юмны нэг нь хүн хөдөөлүүлэх үндэсний ёсоо орхиж, бүрэн оросжуулсан явдал бөлгөө. Тэгж оросжсоны нэг жишээ бол бурхан болоочийн одон тэмдгүүдийг жинтүүн дээр ярайтал өрж оршуулгын цуваанд авч яван шарилын газар очдог ёсон билээ. Өөрөөр хэлбэл одон тэмдгээр шагнуулагч маань насандаа анх удаа ба эцсийн удаа шагналуудаа ярайлгаж байгаа нь тэр. Їхэхэд жинтүүн дээр өрдөг, гашуудлын мэдээнд дурсдаг тэр хэдэн өнгөтэй паалантай төмөрөнд эцсийн эцэст нь ямар нэгэн утга учир байна уу? Нэгэнтээ үхээд өнгөрч буй хүн (цогцос) тэр хэдэн төмрийг авахын төлөө бүх насаараа тэгж шаналж энэлж, авсангүйнхээ төлөө голдоо ортол гомдож, боож үхэж явах хэрэг байна уу?

Зах зээлийн хатуу хууль үйлчилж байгаа нийгэмд (жишээ нь барууны орнууд) хөдөлмөрийн гол хөшүүрэг нь зөвхөн мөнгө байдаг бол зах зээлгүй нийгэмд одон медалиар хуурч ажиллуулдаг нь жам ёсны үзэгдэл юм. Гэтэл бид зах зээл рүү шилжээд 10 гаран жилийг үдэж байдаг, одон медалийн үер буулгасаар, 3 дахь Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэх дээр тулж очиж байдаг.

Өнгөрсөн 13 жил бол ардчилал түгээмэлжиж, хүний эрх баталгаажсан он жилүүд байсны хэрээр хүмүүсийн овсгоо самбааг сорьсон, нэр төр алдар гавьяаны төлөө уралдуулсан, түүн дээр нэг хэсэг нь бизнес хийсэн он жилүүд байлаа. Одон тэмдэг, шагнал горилогчид албан газрынхаа нэгжээс нэр дэвших гэгч гаж үзэгдлээр гараа нь эхэлнэ. Шагнал горилогч өөрөө хуурамчаар нэр дэвшсэн бичиг үйлдээд, дээш оруулж мотордуулбал болж байх шиг байгаа юм. Тийм жишээ нь МУИС-ийн 60 жилийн ойн үеэр 2002 онд гарч хэл ам таталсан жишээ бий. Иймд луйвраар одон хүртэх зам нээлттэй байна. Нэгжийн дарга нь цаад хүнээ тийм одонгоор шагнуулъя гэж дээшээ албан тоот бичээд хүлээгээд суухад гарцаагүй нэг төмөр тэмдэг ирж л таар аа. Энэ бүхэнд төрийн тэргүүн буруугүй ч эрүүл бус гинжин хэлхээний тухай ярьж байна л даа.

Цэргийн ба хүчний байгууллагаар дамжвал хүнд нөхцөлд муу ажил хийлгэснийх нь төлөө, ар гэр амьдралыг нь орхигдуулсны төлөө 10 жил болоод Цагаан морь, 15 жил Алтан гадас, 20 жил Цэргийн гавьяа гээд хөвөрч өгөх ба завсарт нь ойн медалиудын хур бууна даа. Тэгэхдээ л уг хүн эрүүл биегүй, ар гэр тогтворгүй, нүүдэл суудал дунд нэг мэдэхнээ хөгширдөг нь маргаангүй. Эцсийн бүлэгт нөгөө төмрүүд нь жинтүүн дээр үлдэнэ. Ач гуч нар нь яадгийг ёстой бүү мэд.

Одон медалийн балайрал улсын хил даван одсонд нэг том эмгэнэл байна. Гадаад аль нэг орноос эрдмийн цол, хэргэм хүртмээр бол гол судсыг нь атгаж буй гадаадын эрх мэдэлтнийг Алтан гадас, эсвэл Найрамдал медалиар шагнуулчихад хариу тус нь ороод ирдэг жишээ бий.

ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН НЭН ШИНЭ БАЛАЙРАЛ болсон ОДОН МЕДАЛЬ хэзээ барагдаж дуусахыг XXI зууны Монголын шинэ иргэд үзэх болов уу, яадаг бол?

Олхонуд Дашдоржийн Баярхүү

Bayarkhuu.com

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button