Наадмын морины хүүхэд заавал дүрэмт хувцастай байна.

Уг өөрчлөлтийн дагуу шинэ дүрмээр уралдах морийг эмээлтэй унахын зэрэгцээ хүүхэд нь хамгаалалтын малгай, хантааз, бас өвдгөвчтэй байх юм байна. Наадам хаяанд ирсэн энэ үед энэ талаар уяачид ямар бэлтгэлтэй байгааг бол гэсэн асуултад зарим хүн тун тодорхойгүй хариулт өгч байна.
Баяр наадмын морины салбарын хорооны нарийн бичгийн дарга Д.Самданжамцтай ярилцлаа.

-Наадмын морины хүүхдийн хувцас хэрэглэлийг ямар журмаар бэлтгэж байгаа вэ?
-Уг асуудлыг манайх хариуцахгүй. Гагцхүү наадмаар шинэ дүрмийн дагуу хувцас хэрэглэлтэй хүүхэдтэй морийг уралдааны замд гаргана. Тэгэхээр уяачид өөрсдөө хүүхдийнхээ хувцас хэрэглэлээ морио уяхтайгаа зэрэгцээ бэлтгэж байгаа байх.

-Яг тийм хувцас байна гэсэн үлгэр загвар гаргасан юм уу?
-Энэ талаар юм сонсоогүй байна.

-Уяачид энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа бол?
-Бид аймаг, сумын морин спорт, уяачдын холбоогоор дамжуулаан мэдээлэл өгсөн. Сурталчилгаа хүрсэн байгаа.

-Тэгвэл морины хүүхдийн хувцас хэрэглэлийг үйлдвэрлэж, нэлээд үнэтэй худалдаж байгаа тухай Та дуулсан уу?
-Мэдэхгүй ээ. Тийм мэдээлэл телевизээр гарсан гэж дам сонссон.

-Хэрэв дүрэмд заасан малгай, хантааз, өвдгөвчгүй бол?
-Уралдах эрхгүй л гэж үзнэ дээ.

Ийм хариулт өгч байна. Энэ дагуу хүүхдийн төлөө үндэсний төвийнхөн юу ярьж байна вэ гэвэл Олон улсын хүүхдийн эрхийн конвенцыг хэрэгжүүлэх үүднээс дүрэмд өөрчлөлт оруулахыг бид санал болгож байсан. Тэр дагуу ч өөрчлөлт гарсан. Морины хүүхэд унаж, эндэх явдал нэлээд гардаг. Иймээс хамгаалалтын зориулалтын хувцас, хэрэглэлтэй болгосон нь туйлын сайн хэрэг. Харин энэ жилийн хувьд цаг хугацааны байдлаас хэрэгжүүлэхэд хүндрэл гарч магадгүй.
Биеийн тамир, спортын байгууллага зохион байгуулж өөрийн харьяа спортын хувцас хийдэг нэг үйлдвэрт загварын шинэ хувцас, хэрэглэл хийж байгаа. Тэр нь иж бүрдлээрээ 50-100 мянган төгрөгийн үнэтэй юм билээ гэлээ.

Д.Надмид
(зууны мэдээ 2005.06.27)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button