Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах Монголын улс төр
Нэр дэвшигчдийнхээ чансаагаар ялалтынхаа үнэ цэнийг тодорхойлсон энэ өрсөлдөөнд АН ялагдвал Засгийн газраараа, МАХН ялагдвал намаараа туг тахиснаас ялгаагүй хариуцлага хүлээнэ, хатуу хэлэхэд шүү.
С.Баярцогт хоёр нөхрийн хамт МАХН-д орно гэв үү
Монголын улс төрийн амьдралд сүүлийн жилүүдэд болоогүй их нүүдэл эхэллээ. Найман жилийн дараа Монголын төр шинэ Ерөнхийлөгчтэй болов. Удахгүй УИХ-ын даргыг сонгоно. Хууль тогтоох байгууллагыг хэн тэргүүлэхийг УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн хэлнэ. Энэ сарын 23-наас хойш 14 хоногийн дотор зарлаж, 45 хоногт багтаан явуулах нөхөн сонгуулийн дараа УИХ даргатай болно гэсэн үг. Яг өнөөдрөөр харвал аль эрт бүдгэрч, ач холбогдол нь навс унасан зөвшилцлөөр томилсон Ерөнхий сайдыг солих улс төрийн нөхцөл байдал үүсч ч магадгүй. Төрийн байгууламжийн гурван өндөрлөгтэй зэрэгцээд МАХН есөн жилийн дараа намын даргаа шинээр солилоо. Хэрэв 65-р тойргийн нөхөн сонгуульд ялагдал хүлээвэл АН ч удирдагчаа солих байх. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд болон шууд бус хэлбэрээр төрийн өндөр дээд алба хийгээд нөлөө бүхий намуудын удирдлагыг сольсон улс төрийн хүчтэй акц гэж нэрлэж болох юм. Үүний баталгаа болгож улс төрийн нэлээд дээд хүрээнийхнээс гарсан нэгэн тэнэмэл үгийг дор сийрүүлье.
С.Баяр, М.Энхболд нарын хэн нэг нь нөхөн сонгуульд нэр дэвшинэ. Ялбал УИХ-ын дарга болно. Дараа нь Засгийн газрыг огцруулж Ч.Улаан Ерөнхий сайд болох гэнэ. Шинэ Ерөнхий сайд Засгийн газраа дангаараа бүрдүүлнэ. Улс төрийн ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэгэн цагт МАХН-ын идэвхтэй гишүүн байгаад хожмоо соцдек болсон С.Баярцогт эвслээс төрхөмдөө буцан хоёр нөхрийн хамт МАХН-д элсэх ажээ. Ингэснээр МАХН-ын парламентад 39-өөс илүү суудалтай болох ба ИЗ-БНН, БНН-ын аль нэгэнтэй эвсэл байгуулснаар Засгийн газраа дангаараа бүрдүүлэх боломж гарах юм. Намын даргад өрсөлдсөн нь ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн нь нарийн бичгийн дарга болсон МАХН-ын найрсаг хурлын дараа Төрийн ордонд гэрлийн хурдаар тарж буй дээрх явган яриаг батлах зарим нэгэн үйл явдал ч болсон. Тухайлбал, МАХН-ын Бага хурлын үеэр гишүүн Р.Раш удахгүй манай намд эвслээс зарим хүн орж ирэх гээд байгаа юм биш үү гэдгийг дахин дахин асууж байна. Түүнчлэн гишүүн К.Сайраан 62-ын бүлгийг анх байгуулахдаа ойрын зорилт болгож Засгийн газраа хадгалж үлдэх, цаашдаа нэгдэж хамтарсан нам байгуулах, холын зорилт тавьсан. Гэтэл МАХН-ын их хурлын дараа эдгээр зорилт маань улам бүдгэрлээ. Иймд АН-ын цаашдын хувь заяаны талаар яаралтай ярих шаардлага гарч байна гэж ярилцлага өгсөн байх юм.
Эндээс харвал нам дамжих, Засгийн газрыг унагах нь зөвхөн хэвлэлийнхний таамаг биш бололтой. Төрийн ордонд тархсан дээрх тэнэмэл үг биеллээ олоход саад болох зарим нэгэн үйл явдал ч МАХН-ын их хурлын үеэр болсон. Нэгд, МАХН эрх зүйн боломжоос шалтгаалан нэрээ өөрчилж чадаагүй. Залуу ардчилагчдын цэрвэдэг хувьсгалт гэсэн тодотголтойгоо үлдлээ. Ийм тохиолдолд С.Баярцогт нь ч байна уу, өөр хэн нэг нам дамжих бодитой шалтаг шалтгаан олдох нь юу л бол. Хоёрт, намын даргыг сонгох үеэр Шадар сайд Ч.Улаан арай өөр дүрмээр тоглолоо гэж ажиглагчид үзэж байгаа. Засгийн газрыг огцруулсан тохиолдолд дараагийн Ерөнхий сайд болох учиртай энэ хүн намын даргаас нэрээ татсан. Үр дүнд нь С.Баяр 29-хөн саналаар дутаж, М.Энхболдыг бараг ялах дөхсөн. Уг нь М.Энхболдыг дэмжигчид С.Баярын саналаас зулгаах зорилгоор Ч.Улааны нэрийг удирдах зөвлөлөөс гаргасан байх л даа. Гэтэл тэрээр нэрээ татаж энэ зорилгыг тасалдуулснаар шинээр сонгодох намын даргынхаа болон түүнийг нэр дэвшүүлэн дэмжиж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмнө эвгүй байдалд орсон байж болох л юм. Гэхдээ түр зуурын, техникийн шинжтэй энэ алдааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч, намын дарга М.Энхболд ч тоохгүй байх. Харин нөхөн сонгуульд С.Баяр өрсөлдөөд, М.Энхболд ард үлдвэл, эс бөгөөс М.Энхболд ялсан ч УИХ-ын даргаас татгалзаж болно. Хэрэв тэгвэл үүний тайллыг ирээдүйн Ерөнхий сайд Ч.Улаан биш, намын дарга М.Энхболд гэж төвөггүй уншиж болно. Учир нь парламентад хамгийн олон суудалтай, Засгийн газрын судсыг барьж буй том намын 41-хэн настай шинэхэн дарга УИХ, Засгийн газрын гадуур алба хашаад намаа удирдахгүй нь лав.
М.Энхболд С.Баяр хоёр дүрэм бус, дундын хувилбар барьж ажиллах уу
Намын даргын өөрчлөлт, шинэ дарга тодруулах өнөөдрийн үйл явц есөн жилийн өмнөхөөс нэг их ялгарсангүй. Н.Энхбаяр ч, М.Энхболд ч хоёул Ерөнхийлөгч болсон намынхаа даргын орыг залгав. Н.Энхбаяр тухайн үедээ намынхаа хууччуулыг илүү түшсэн. Тэгвэл М.Энхболд Бага хурал, удирдах зөвлөлийн гишүүдийг санал болгохдоо өөрийг нь намын даргад нэр дэвшүүлсэн болон өөрийнхөө төлөө ажилласан бүлэглэлд өр төлөх маягаар хандсан тал ажиглагдав. Энэ тухай их болон Бага хурал дээрч ширүүхэн маргаан өрнөжээ. Хурлын гадуурх энэ хардлага аажимдаа шинээр байгуулсан Бага хурлын танхимд шилжиж хатуу чанга, шулуун үгтэй Ц.Нямдоржийг тэвчээр алдахад хүргэсэн байна. Дүрмээр бол удирдах зөвлөлийн гишүүдийг намын дарга санал болгодог. Байгуулсан удирдах зөвлөлийг намын ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг. Намын дарга удирдах зөвлөлдөө ордоггүй. Гэхдээ намын даргын шийдвэр удирдах зөвлөлийнхтэй тэнцэж зөрвөл түүнийг нь Бага хурлаар хагалдаг дүрэм МАХН-д бий. Намын дарга М.Энхболд дүрэмээр олгосон эрхээ л эдэлж. Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр намын даргатайгаа зөвшилцөх гэсэн боловч цаадах нь ганцаараа зоосон 19 хүнийхээ нэрийг халааслан Бага хурлын танхим руу ороод явчихаж. Энэ тухай С.Баяр Удирдах зөвлөлд шинэ өнгө аяс оруулах цаг болсон. Олон нийт ч тэгж хүсэн хүлээж байгаа. Энэ саналаа намын даргад хэлсэн. Гэвч намын дарга дүрмийн дагуу бүрэн эрхээ эдэлж, миний саналыг хүлээж авсангүй. Саналыг хүндэтгэж байна. Гэхдээ цэвэр дүрмээр явах хэцүү. Цаашид хамтарч ажиллах учраас аль болох дундын хувилбар барьж ажиллахаас аргагүй гэжээ. Тэгээд тэрээр намын дарга миний саналыг хүлээж аваагүй учраас гэдэг үндэслэлээр 21 гишүүнтэй удирдах зөвлөлд намын даргын санал дээр нэмж 11 хүний нэр дэвшүүлсэн байна. С.Баярын энэхүү дундын хувилбар барьж ажиллахаас аргагүй гэсэн үг Ц.Нямдоржийг босоход хүргэжээ. Тэрээр, цадиггүй явдал газар авлаа. Энэ нам хэдэн даргатай болчихсон юм бэ. Дүрмэндээ заасан захирах, захирагдах ёсоо баримаар байна. Хэрвээ хэн нь удирдлага вэ гэдэгтээ тулж байгаа бол ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг дахин авч үзье. Эсвэл их хурлаа дахин хуралдуулж, намын даргын асуудлаа шийдье гэжээ. Хариуд нь С.Баяр, би намын эв нэгдлийг хагалах гээгүй. Миний үйлдэл буруу гэж үзвэл ерөнхий нарийн бчигийн даргын асуудлыг дахин авч үзсэн ч болно. Миний үгийг сонсооч гэж энэ танхимд орж иртлээ намын даргад учирласан. Тэгээд ч Ц.Нямдорж сайд та өөрөө намайг Москвад байхад очоод удирдах зөвлөл нэг л уйтгартай байна. Нэг хүний үгээр шийдвэр гаргаад байна гэж ярьж байсан шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн юм гэж учирласнаар сайд Ц.Нямдоржтой эвлэрсэн байна.
Эцэст нь нийт 27 хүн өрсөлдөхөд М.Энхболдын нэр дэвшүүлсэн 14 хүнээс 11, С.Баярын нэр дэвшүүлсэн 11 хүнээс дөрөв нь /Д.Дэмбэрэл, Н.Энхболд, Т.Ганди, Л.Одончимэд/ удирдах зөвлөлд сонгогджээ. Эдгээр 15 хүн дээр ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, нарийн бичгийн дарга Ч.Улаан, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, болон шинээр томилох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, нийслэлийн МАХН-ын хорооны дарга нар албан тушаалаараа орж байгаа юм.
М.Энхболд, С.Баяр хоёрын дээрх үйлдэл хувь хүмүүсийн үзэл бодол, үндсэндээ хоёр даргын дунд цаашид үе үе гарч болох зөрчлийн эхнийх байхыг үгүйсгэхгүй. Ямар ч том зорилгын өмнөх зөрчил багаддаггүй шүү дээ.
Цаашид МАХН -ын эв нэгдэл, хатуу чанга сахилга бат хэвээр хадгалагдах эсэх нь М.Энхболд, С.Баяр хоёрын ойлголцлоос ихээхэн хамааралтай болов. Хэрэв удирдах зөвлөлд нэр дэвшүүлэхдээ зөрдөг шигээ салаа замаар явах гэж зүтгээд байвал өдөлж ядаж буй жигүүрийг албан ёсны болгоход 50+1 гэсэн дүрмийн заалт ч тийм ч өндөр босго болж чадахгүй. Харин өмнөө байгаа ганц зорилго шигээ нэг хүн мэт зүтгэвэл бие биеэ нөхөх эерэг чанарууд хоёр даргад олон бий. Сөрөг хүчний улстөрчидтэй хатуу үгээр байлдаж байр сууриа хамгаалах тал дээр С.Баяр арай илүү туршлагатай байх. М.Энхболд даргын хувьд нийслэлийн МАХН-ын хороог олон жил удирдсан ч дээд төвшинд, сөрөг хүчнийхний дунд ороод гал унтрааж явсангүй. Улс төрийн лидер гэхээсээ нийслэлийг олон жил удирдсан аж ахуйн менежер талдаа сайн гэж зарим хүн М.Энхболдыг тодорхойлж байна. Энэ нь үнэний ортой. Бараг сая хүнтэй нийслэлийг удирдахдаа аж ахуй талаа барьсан, барихаас ч аргагүй. Одоо 140 гаруй мянган гишүүнтэй том намыг илүү улс төрийн аргаар удирдах нь ч үнэн. Гэхдээ М.Энхболд улс төрийн цагаан толгой-гүй хүн огт биш. Хэдийгээр нийслэлийн Засаг дарга бол улс төрийн албан тушаал ч М.Энхболд энэ албыг 1998 оноос хойш хашихдаа улс төрийн ямар нэгэн аниргүйгээр ажлаа хийдгээрээ олон нийтэд хүндлэгдсэн билээ. Тийм ч учраас ажлын хүн, аж ахуйн сайн менежер гэсэн тодотгол авч байгаа байх. Үүний буруу гэж юу байхав. Энэ тодотгол хийгээд ноён нуруу, тулх нь М.Энхболдын хувьд том нам удирдаж, их улстөрд хүч үзэхээд зарим улстөрчдөд байдаг хувьсгалч, партизан имижээс л илүү хэрэг болно доо. Түүнчлдэн М.Энхболдыг түшиж, тулж ажиллах удирдах зөвлөл нь жинхэнэ хатуу самар-уудтай. М.Энхболдын хувьд хүний нэр хүнд ч харьцангуй өндөр талдаа. Иймд сөрөг хүчнийхний хувьд Н.Энхбаяр явлаа, ажлын хүн дарга боллоо гэж ханцуй дотроо басамжлах хэрэггүй юм.
АН-ынхны амь тариа нь нөхөн сонгууль
Ерөнхийлөгчийн сонгуульд 20 гаруйхан хувийн санал авахад ердөө гуравхан хүн зүтгэжээ. Тэр нь Э.Бат-Үүл, Баабар, сэтгүүлч Г.Уянга гэнэ. Үүнийг эдгээр хүмүүсийн сонгуулийн дараа хэвлэлд өгсөн ярилцлага, бичсэн өгүүллээс үзэж болно. Хэтрүүлэг нь ихэдсэн болохоос АН-ын удирдлага нэр дэвшигчийнхээ төлөө чөмгөө дундартал зүтгээгүй нь үнэн л дээ.
Эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаад сэргээнэ гэдэг шиг сонгуулийн кампани эхлэхээс өмнө хожмоо Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ нэр хүндийг газартай тэгшилсэн нь мөн л намын удирдлагын зүгээс М.Энхсайханд үзүүлсэн хүндэтгэл байв. Гэхдээ М.Энхсайхан өөрөө өндөг шиг өөгүй байсан гэвэл худлаа. Намын даргыг огцруулах саналыг анх гаргасан хүн нь Ц.Элбэгдорж гэж ярьдаг ч яг овоо босгосон нь М.Энхсайхан өөрөө гэж ярих хүн ч байдаг. Лидерүүдийн энэ мэт биесээ тойрсон зөрчил Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал авчирч, ялагдал нь тус намын хувь заяаг шийдэх торгон агшинг авчрав. Ер нь тус намын лидерүүд улс төрийн үйл явц бүхэнд намаасаа гарсан Ерөнхий сайд, түүний Засгийн газрыг хамгаалж үлдэхээ урьтал болгож байсан нь өнөөдрийн ялагдлын суурь шалтгаан болж, намд шинэ үе хүсэмжилсэн нийгмийн захиалгыг төрүүлж байгаа юм.
Одоогоор АН, түүний удирдлага, магадгүй Ц.Элбэгдоржийн Засгийн газрын хувьд үлдэж буй ганц амь тариа нь 65-р тойргийн нөхөн сонгууль. Хэрэв намын одоогийн удирдлага огцорвол Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нам доторхи тулгуур ч давхар ганхана.
Иймд АН-д ерөнхий сайд, Засгийн газраас илүү нөхөн сонгуулийн ялалт чухал. Тийм ч учраас Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг нөхөн сонгуульд зүтгүүлэх гэж байгаа бололтой. Энд Ц.Элбэгдоржийн хувийн нэр хүнд, Ерөнхий сайдын өндөр суудлыг харгалзсан нь тодорхой. Албан тушаал хуваарилж, томилдог Засгийн газрын тэргүүн гэдэг утгаараа тус нам дахь олон бүлэглэлийн ая данг тааруулж чадах ганц хүн нь Ц.Элбэгдорж мөнөөсөө мөн. Энэ шалгуурыг ч харсан байх. Түүнчлэн М.Энхсайханы сонгуулийн кампанид мөнгө гаргах хүн ховор байсан гэдэг. Тэгэхээр бизнесмэнүүд хэнд мөнгө гаргах бол гэдгийг ч харж байгаа байх. Харин АН-д ялалт хэрэгтэй бол ард түмэнд УИХ-ын гишүүн Ерөнхий сайд биш, ажил хийдэг Ерөнхий сайд хэрэгтэй байгааг бодолцсон юм болов уу, бүү мэд. Ямар ч гэсэн энэ нөхөн сонгууль цаашид АН ямар удирдлагатай, ямар хэлбэрээр оршин тогтнохыг тодорхойлно. Нийслэлийн АН-ын дарга, Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл нэгэнтээ одоо бүгдээрээ боливол яасан юм. 1990-ээд оныхон дараагийн үедээ зайгаа тавьж өгөх болж гэсэн юм гэнэ лээ. Түүний хэлсэнчлэн АН-ын удирдлагад шинэ үе хэрэгтэй байгаа эсэхэд ч нөхөн сонгууль давхар хариулна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэн бэ
Эзэн нь удахгүй тодрох нэгэн албан тушаал бий. Энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Учир нь шинэ Ерөнхийлөгч ажилдаа орсноос гадна энэ албыг хашиж байгаа Б.Батхишиг гадаадад суух Элчин сайдаар томилогдсон. Улсын нэгдүгээр хүний Тамгын газрын дарга байна гэдэг хариуцлагатай бөгөөд ховорхон хувь заяа. Тийм ч учраас нэгэн цагт М.Энхсайхан УИХ-ын гишүүнээс татгалзан Ерөнхийлөгч П.Очирбатын Тамгын газрын даргын албыг залгуулж байсан биз. Түүнээс гадна С.Баяр, Б.Батхишиг нар ажиллаж байсныг үзвэл энэ албанд санаандгүй хийгээд гэнэтийн хүн томилогддоггүй бололтой. Тамгын газрын даргаа Ерөнхийлөгч өөрөө томилно. Мэдээж, өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн МАХН-аас томилно. Тамгын газрын шинэ дарга албан тушаалаараа МАХН-ын удирдах зөвлөлд орно.
Одоогоор энэ албан тушаалд гурван хүний нэр дуулдаж байна. МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, Байгаль орчны сайд У.Барсболд, БНХАУ-д суугаа Элчин сайд Л.Амарсанаа нар Тамгын газрын даргаар эчнээ тодроод байна. Ё.Отгонбаяр нөгөө хоёроосоо хамгийн өндөр магадлалтай ч, бас хамгийн боломж муутай нь. Түүний хувьд эзэмшсэн мэргэжил, улс төрийн ажлын туршлага нь Тамгын газрын дарга болох магадлалтай. Гэвч тэрээр МАХН-ын аппарат хариуцсан нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн. Хэрэв түүнийг Тамгын газрын дарга болбол эдгээр албан тушаал эзгүйрч, удирдах зөвлөлд нэг сул орон гарна. Энэ орон зайд саяхан бүрэн эрх нь дуусгавар болсон Н.Багабандийн нэрийг Бага хурлаас дэвшүүлэхэд сонгогдохгүй гэх газаргүй. Энэ нь тус намын шинэ удирдлагад төдийлөн таалагдахгүй байх.
У.Барсболдын хувьд хамтарсан Засгийн газарт сайдын албатай ч, М.Энхболдыг намын дарга болоход идэвхийлэн оролцсон, тэр хэрээр өөрийн тэргүүлдэг Улаан сарнай хөгжил хөдөлгөөнийхөө нэлээд өргөн төлөөллийг Бага хуралд оруулж чадсан. Басхүү Ерөнхийлөгч Н.Энхбаяртай муугүйгээр барахгүй харилцаатай. Тэгэхээр энэ хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хамгийн бодитой өрсөлдөгчийн нэг юм.
Гэхдээ Тамгын газрын даргынх нь нэр зөвхөн Ерөнхийлөгч Н.Энхбаярын толгойд л байгаа.
Нэг нь Засгийн газраараа, нөгөө нь намаараа туг тахих нь
Жаран тавдугаар тойргийн нөхөн сонгууль АН-ынхны хувьд амь тариа болж байгааг дээр өгүүлсэн. МАХН-ын хувьд ч энэ тойрог үнэтэй. Намын даргынх нь, бас тус намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн тойрог. Хэрэв МАХН-ын энэ тойргийг алдвал аажимдаа УИХ-д хамгийн олон суудалтай нам биш болж ч мэдэх аюултай. Түүнчлэн Ерөнхий сайд, Засгийн газрыг өөрийн дураар хөдөлгөдөг хөг ч өнгөрнө. Ялалт нь асар үнэтэй байгаа болохоор ялагдал нь ч бас муугүй өндөр өртөгтэй байж таарна. Аль алинд нь үнэтэй энэ тойрогт М.Энхболд-Ц.Элбэгдорж эсвэл С.Баяр-Ц.Элбэгдорж нарын дунд өрсөлдөөн болох нь. Нэр дэвшигчдийнхээ чансаагаар ялалтынхаа үнэ цэнийг тодорхойлсон энэ өрсөлдөөнд АН ялагдвал Засгийн газраараа, МАХН ялагдвал намаараа туг тахиснаас ялгаагүй хариуцлага хүлээнэ, хатуу хэлэхэд шүү дээ.
Харин Засгийн газрыг огцруулах боломж нь С.Баярцогт нар орж ирсэн ирээгүй, Ц.Элбэгдорж нэр дэвшсэн дэвшээгүй адилхан МАХН-ын гарт хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын хувь заяа урьдын адил МАХН-ын мэдэлд, тус намын шинэ удирдлагын гарт уламжлагдан ирлээ гэсэн үг. Харин ч Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нөхөн сонгуульд нэр дэвшвэл Засгийн газраа унагах магадлалыг өндөрсгөж байгаа нь тэр юм. Учир нь манай улстөрчид бол хэрүүл тэмцэл, биесээ дайрсан гүтгэлэг, улс төрийн дараагийн өшөө авалгүйгээр ямар ч сонгууль хийж чаддаггүй ёс зүйтэй билээ.
Г.Отгонбаяр
(зууны мэдээ 2005.06.27)