Загвар өмсөгч Д.Ариунцэцэг Надад нууц амраг болох сонирхол байхгүй.
Фото модель Д.Ариунцэцэг
Блиц анкет
Овог нэр- Дорж Ариунцэцэг
Нас -18
Жил-Туулай
Орд-Хонь
Өндөр -175
Биеийн харьцаа-90-63-91
Хобби- Надад таалагдаж байгаа бүхэн
Дуртай хоол-Амттай бүх хоол
Хэлэх дуртай үг-Тэгж байгаад болно биз дээ.
-Юуны өмнө өөрт чинь энэ өдрийн мэндийг хүргээд Японы экспод яваад ирсэн сонин хачнаас сонсмоор санагдлаа?
-Баярлалаа. Японы экспод ирсэн бүх орнуудад монголын өдөрлөгийн үеэр тоглох тоглолтонд оролцохоор есөн модел явсан. Энэ өдөрлөгт оролцсон моделууд бүгд саяны тэмцээнээс шалгарсан бөгөөд миний хувьд фото модел гэсэн утгаар шалгарч явсандаа их баяртай байна. Тэнд очоод юуны түрүүнд монгол үндэстнээрээ маш их бахархсан. Ямар ч хүн эх орондоо байхдаа юуг ч анзаардаггүй юм билээ. Өнгөрсөн жилийн зун би Шилийн гол аймагт болсон үндзэсний хувцасны тэмцээнд дизайнер Цолмонгэрэл эгчийн хувцсыг өмсөж байхад үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байсан бол энэ удаад ч бас тэр олон үндэстэн угсаатнууд цугларсан газар бүхэл бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн том үзэсгэлэн худалдаанд эх орноо төлөөлөөд явна гэдэг бол үнэхээр нэр хүндтэй асуудал байлаа.
-Шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээн өөрийн чинь хувьд шалгаруулалт нь хир үнэн зөв явагдсан бэ? Зарим хүмүүс жаахан ам муутай байх шиг байсан?
-Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байсан. Үнэхээр авахаар хүмүүс нь авч чадсан. Харин би шоу модел гэхээсээ илүү фото талдаа явдаг болохоор тэдэнтэй өрсөлдсөн гэж үзээгүй. Өөрийн чиглэлийн дагуу фото моделийн шагналыг хүртэж чадсандаа их баяртай байгаа.
-Өөрийгөө энэ бүрэлдэхүүнд багтаж явна гэдэгтэй итгэлтэй байв уу?
-Үнэнийг хэлэхэд нэг их итгэлтэй байгаагүй. Яавахын хооронд виз гарна энэ тэр гээд бэрхшээл их байсан. Мөн зарим нэг өрсөлдөөн их байсан болохоор явахаар онгоцны буудал оччихсон байхдаа сая нэг юм итгэж байгаа юм чинь.
-Өөрөө урьд нь сайхан бүсгүйн тэмцээнд орж байсан. Энэ удаа загварын тайзнаа ч чадварлагаа харуулж чадлаа. Тэгвэл энэ хоёрын хоорондын ялгаа хэр санагдсан бэ?
-Мисс хүн гэдэг бол өөрийн гоо үзэсгэлэн бүх л сайн сайхнаа тайзан дээр илтгэж өөрийгөө үзүүлдэг. Харин загвар өмссөн хувцсаа үзүүлэх гэдэг утгаараа хоорондоо ялгаатай ч олны өмнө гардгаараа яг адилхан хоёулаа хэцүү мэргэжил юм даа.
-Ийм сайхан бие цогцос зүс царайтай болж төрөхөд магадгүй удам нөлөөлсөн байж болох юм. Эцэг эх чинь хаана ямар ажил алба эрхэлдэг хүмүүс байдаг вэ?
-Ээж аав хоёр маань одоо Эрдэнэт Гокод ажилладаг. Урьд нь хотод байж байгаад ажлын шугамаар шилжсэн. Энэ хоёр маань урлагийн хүмүүс биш ч гэсэн эгч дүү бид гурвыг маш их дэмждэг. Ээж маань миний залуудаа хийж чадаагүйг та нар хийх ёстой гэдэг болохоор миний өнөөдрийн гаргаж байгаа энэ амжилт бүгд л тэдний минь гавьяа гэж боддог. Би анх дөрөвдүгээр ангидаа Гордок соёлын ордны тайзан дээр тухайн үедээ л олон үзэгч болох 400 хүний өмнө бүжиглэхээр гараад харин долдугаар ангидаа Эрдэнэтэд зохиогдсон Монголжингоо наадамд ээж эгч хоёрынхоо зөвлөснөөр оролцож тэргүүн байрыг эзэлсэн. Түүнээс хойш мисс энэ тэр гэж янз бүрийн юманд оролцож явсаар байгаад Гоёл-2003 -т оролцоод тайзан дээр алхаж явахдаа өөрийгөө маш их гайхаж бараг үнэмшихгүй байсан.
-Саяхан өөрийн чинь клипэнд нь тоглосон Камертон хамтлагийн Болдын Зөвхөн чам руу гэж дууг залуучууд маань нилээд сонсох болсон. Энэ клипэнд тоглосон талаараа яриач?
-Намайг эгчийнхээ төрсөн өдөр дээр байж байтал Херо интертайнмент-аас утасдаад хүрээд ир чамд нэг дууны клип санал болгоё гэснээр очоод хартал Болдын дуу байсан. Тэгээд л дуу зохиол хоёр нь маш их таалагдсан болохоор зөвшөөрөөд хоёр хоногийн дараа ажилдаа орсон доо. Зохиолтой танилцаж байхад машин жолоодоод явах болон орон дээр сууж эргээд уйлдаг хэсгийн зураг авалт жаахан хэцүү юм шиг санагдаж байсан ч санасныг бодвол гайгүй болсон. Харин зураг авалтын явцад хамгийн хэцүү нь гэвэл бид хоёрын хэрэлддэг хэсэг байсан. Яг хэрэлдэх гэхлээр өөрийн эрхгүй бие биенийхээ хэлсэн үгийг шоолж инээгээд арай хийж зургаа авахуулсан.
-Ариуцэцгийн хувьд бусад загвар өмсөгчдөөс юугаараа онцлог вэ?
-Загвар өмсөгч гэдэг бол бусдаас ялгарч байж өөрөө өөрийгөө ялгаж гаргаж чаддаг. Бусад хүмүүс бодохдоо загвар өмсөгчид гэхлээр л бүгдийг нь нэг хэвэнд цутгачихсан хүүхэлдэй мэтээр боддог ч тийм биш. Модел гэдэг бол өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Миний хувьд бусдаасаа арьсны өнгө болон зүс царайгаараа ялгагддаг.
-Чамайг эрлийз гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Хүмүүс тэгж яриад байдаг л даа. Үнэн хэрэгтээ миний эцэг эх маань хоёулаа Увс аймгаас гаралтай цэвэр монгол цусны хүмүүс гэдгийг итгэлтэй хэлж чадна. Би ээжтэйгээ илүү адилхан л даа. Энийг маань ойр дотны хүмүүс л мэдэхээс гудамжинд харсан хүмүүс бүгд л эрлийз гэж боддог байх.
Сая японы экспод очиход монгол гэж итгэхгүй Иран Узбекистан шиг царайтай гэцгээгээд тэр үндэстнүүд нь хүртэл харчихаад чиний царай яг л манайх байна гэж байсан. Гадаад хүмүүс ингэж байгаа юм чинь үнэхээр ч хүмүүсийн хэлдэг үнэн юм байна гэж бодож байсан шүү.
-Чамайг хүмүүс нэрнээс илүү мэнгээр чинь таньдаг. Багадаа мэнгэнээсээ болж нэр хоч авч байв уу?
-Надтай адилхан хацар дээрээ мэнгэтэй хүмүүс явж байвал ах эгч чинь явж байна гээд шоолуулдаг л байлаа. Багадаа авахуулах гэж олон удаа үзсэн ч маш олон хүн хориглоод тэр ч бүү хэл авдаг газар нь хүртэл дургүйцээд аваагүй. Харин одоо бол мэнгэ маань миний имидж болдог болохоор хэзээ ч авахуулахгүй. Нэгэнт бурхнаас надад зориулаад өгчихсөн бэлгийг хүчээр алга болгоод яахав. Тэгээд ч одоо бол мэнгэндээ маш их хайртай шүү.
-Найз залуутай юу танилцуулаач…
-Байгаа, гэхдээ танилцуулаад дэмий гэж бодож байна. Одоохондоо нууц чигээрээ байж байсан дээр. Тэгэхгүй бол сонссон хүмүүс цааш нь сонирхоод хүний хувийн амьдрал руу хэтэрхий орчих гээд байдаг л даа.
-Эцэг эхээсээ тусдаа амьдрах ямар байна. Хэцүү үе их тохиолдож байна уу?
-Хүн эцэг эхтэйгээ хамт байсаар байгаад бага зэргийн зовлонг дааж чадахгүй болчихдог юм билээ. Би энд 13-р хороололд эгчтэйгээ байр хөлсөлж амьдардаг. Ингээд биеэ даагаад яваа тохиолдол бүх л талаар унаа хоолныхоо мөнгийг яаж зөв зарцуулах вэ гээд л олон юм боддог болохоор заримдаа ээж аав дээрээ байсан нь жаргал байж гэж боддог үе байдаг. Гэхдээ хүн жаргал даахгүй зовлон даадаг гэдэг үнэн үг юм шиг надад санагддаг. Хааяа би үхтлээ инээж байхдаа хэзээ энэ шигээ уйлах болдоо гэж боддог үе ч байдаг шүү.
-Өөртөө таалагдсан хувцсаа худалдаж авахдаа мөнгө хайрлахгүй авч чаддаг уу?
-Би ер нь нэг их үнэтэй хувцас авахыг боддоггүй. Алт зохидоггүй хүн байдаг гэдэг шиг яагаад ч юм надад үнэтэй хувцас зохидоггүй юм шиг санагддаг.
-Нууц амрагийн тал дээр ямар бодолтой явдаг юм бэ? Өөр чинь хэн нэгнээс тийм санал ирж байв уу?
-Би амьдралыг нүдэндээ төсөөлөхдөө шулуун дардан замыг олж хардаг. Гэхдээ энэ дунд бэрхшээл гэх том том чулуунууд байдаг юм шиг санагддаг. Би амьдралд нууц амраг байх ёсгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодох биш цаана нь өөрийнхөө төлөө шаналаад суух хүн байгаа гэдгээ бодохоос гадна ингэж яваад эцсийн үр дагавар юу билээ гэдгийг бодох хэрэгтэй байхаа. Зарим хүмүүс загвар өмсөгчид мисүүд л гэхээр заавар мөнгөтэй хүнээр тэтгүүлж гарч ирдэг гэсэн ойлголттой байдаг юм шиг байгаа юм. Тэр утгаараа ч тэрүү надад тиймэрхүү санал нэг биш удаа ирж байсан ч би хүлээж аваагүй. Яагаад гэвэл би ямар хүний нууц амраг болчихоод тэрнээсээ таашаал аваад амьдрах сонирхол байдаггүй.
-Сексийг өөрөө ямар байр сууринаас хардаг вэ?
-Энэ асуултыг анх удаагаа сонсож байна. Урьд нь жаахан байсан болоод ч тэр үү сэтгүүлчид асуудаггүй байсан байх. Харин одоо 18 нас хүрсэн болохоор өөрийн эрхгүй бодогдож эхэлдэг юм билээ. Мэдээж секс бол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болохоор тийм ч муу муухай зүйл биш гэж боддог.
( Дээдсийн хүрээлэн 2005.06.24 )