Л.Гүндалай Хүүхдийн буян ивээж төрийн одон хүртлээ
Ерөнхийлөгч Н.Багабандийн энэ сарын 22-ны өдрийн зарлигаар УИХ-ын гишүүн Л.Гүндалайд төрийн энэхүү шагналыг өгөхөөр болжээ. Харин гишүүн Л.Гүндалай энэ үеэр эзгүй байсан учир УИХ-ын Тамгын газарт шагналыг нь гардуулах эрхийг шилжүүлсэн аж. Ийнхүү тэрээр Д.Лүндээжанцан даргаас одонгоо гардах болсон юм байна. Гишүүн Л.Гүндалайг УИХ-ын дэд дарга өрөөндөө хүлээн авч, экс Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлээд Ерөнхийлөгч Н. Багабанди нэг үгийг хэлдэг. Хийж бүтээсэн болон хийж бүтээх үйлсийг чинь үнэлж байна гэж. Энэ үгийг дамжуулаад цаашдын чинь ажил үйлсэд амжилт хүсье гэлээ. Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан түүнийг гарч ирэхэд гэргий С.Аззаяа болон гишүүний ах, эгч, дүү нар нь цэцэг барин угтсан юм. Анх удаа төрөөс одон шагнал хүртэж байгаа Л.Гүндалай гишүүний сэтгэгдлийг хуваалцлаа.
-Та энэ шагналыг авах тухайгаа хэзээ анх мэдсэн бэ?
-Би БНСУ-д Төрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг цахим хэлбэрээр түгээх талаар олон улсын хуралд тэдний талын зардлаар оролцсон юм. Намайг тэнд байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж энэ талаар мэдэгдсэн. Анх сонсоод маш их баярласан ч бас үнэндээ шууд итгээгүй шүү.
-Харин одоо шагналаа авчихаад байх үеийн сэтгэгдлийг тань сонирхвол…
-Би өмнө нь Төр засгаас шагнуулж байгаагүй. Н.Багабанди Ерөнхийлөгч бол цөөнхдөө түшигтэй, ардчилсан үзэлтэй, нэр хүндтэй Ерөнхийлөгч. Түүний зарлигаар энэ шагналыг авч байгаадаа их баяртай байна.
Энэ шагналыг ардчиллыг хамгаалж, ардчиллыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийсэн бүгдэд маань өгч байна гэж бодож байна. Бас төрийн түшээгийн үүргээ биелүүлж, улам сайн ажиллаарай гэж өгсөн байх. Би хүүхдүүдэд итгэлийн мөнгийг өгүүлэхийн төлөө багагүй зүтгэдэг нэгэн. Хүүхдийн буян намайг ивээж энэ шагналыг хүртэж байна гэж бас бодогдож байна шүү.
Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-06-28 156)