Сангийн сайд санаа алдсаар байнгын хорооны хурлаас гарав
Гэтэл одоо нийгмийн халамжид улам бур их мөнгө зарцуулахыг шаардаж байна. Энэ бүхнийэцэст Засгийн газар татварын шинэчлэлтиин бодлогоо хэрэгжүүлж чадна гэж та найдаж байна уу гэж асуухад Ер нь хэцүү шүү дээ хэмээн тормолзож байв.
-Татвар багасгана гэсэн мөртлөө тэр ч сургууль, эмнэлэг… гээд явчихдаг. Сонгогчдынхоо өмне хэлэх үгтэй байхыг хичээж буйг нь ойлгож байна. Гэхдээ бодит амьдрал дээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс аргагүй. Манай гишүүд татвар бууруулахын тулд зарлагаа багасгах ёстой гэдгийг ойлгоно гэж найдаж байна гэж Сангийн сайд хэллээ. Гэсэн ч өчигдрийн байнгын хорооны хурлын уур амьсгалыг ажиглахад төр нэгэнд нь өгөхийн тулд нөгөөгийнх нь халаасыг сэгсэрдэг нүцгэн үнэнийг мөнөөх олимпийн найдварууд нь ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрнө.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцсэн юм. Хурал эхлэхээс өмнө Н.Алтанхуяг сайд Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг дараа жилийн төсвийн ерөнхий рамыг тодруулахыг хэлж байгаа юм. Төсвийн нийт зарлага, хөрөнгө оруулалт, алдагдал зэргийн ДНБ-д эзлэх хувь гэх мэт найман үндсэн зүйлийг хэлэлцэх учиртай хэмээн урьдчилан анхааруулсан ч гишүүдийг хадуурахаас сэргийлж чадсангүй. МАХН-ын гишүүд шинээр гэр бүл бологсдод 500 мянган төгрөгийн тэтгэмж олгох санал гэнэт гаргав. Хуралд ирсэн 17 гишүүний 11 нь буюу МАХН-ын гишүүдийн гар өргөлтөөр санал дэмжигдэж орхисонд цочирдсон АН-ын зарим гишүүн Санал хэлж байгаа үндэслэлээ тайлбарлах-ыг хүсээд Төсвийн хүрээний мэдэгдэлд санал оруулж байгаа юм гэсэн хариу сонсов. Асуудал гэнэт улс төржиж эхэлсэнд ундууцсан Я.Санжмятав гишүүн 2005 оны хувьд Засгийн газар нийгмийн чиглэлийн олон асуудлыг багцаар нь шийдсэн. Хүүхдийн мөнгө өгөх, төсвийнхний цалин, ахмадын тэтгэвэр, тэтгэмж нэмэх зэрэг нэлээд олон асуудал шийдэгдсэн байгаа. Шинээр гэр бүл бологсдод тэтгэмж олгох асуудлыг бүлгийн хурал, зөвшилцлийн хүрээнд ярьж байж шийдэх асуудал. Түүнээс биш арав гаруй хүн цуглаад олонхийн санал гээд шийдчихдэг хэрэг биш гэсэн чинь Л.Пүрэвдорж тэргүүтэй МАХН-ын хэдэн гишүүн Зөвшилцлийн субьект чинь байхгүй болсон хэмээн доогтой хэлэх дуулдав. Бриджээр овоглогддог Д.Ганхуяг гишүүн энэ үед Хүүхэд хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй хүмүүс. Харин хөдөлмөрийн насанд хүрсэн, ид хөдөлмөрлөж байгаа хүмүүст мөнгө өгдөг ямар орон байна вэ гэж асуулаа. А.Цанжид гишүүн хариуд нь Америкчууд гэр бүлээ дэмжихгүй байсаар нуралтад орж байгаа. Хөгжилтэй орны гэр бүлийн гуравны нэг нь салдаг гэж тайлбарлав.
Хуралдаанд ирэхдээ хойрго АН-ын гишүүдийг эзгүйчилж, хүний олноор түрий барьдаг нь МАХН-ын угшилтай гишүүдийн гэм биш зан. Наадмын комиссыг тэргүүлдэг Шадар сайд Ч.Улаан хүртэл энэ үеэр цэнгэлдэх хүрээлэнд байснаа түргэн аваад ирсэн гэнэ. Л.Пүрэвдорж гишүүн бүсийн төвүүдийг хөгжүүлэхэд тусгайлан хөрөнгө гаргах гэсэн санал оруулсныг Буян Жагаа хуга эсэргүүцэж Хөөе сүүлийн 15 жил хамаг мөнгө хөдөө тийш урсч байгаа. Гэтэл хүн ам Улаанбаатарт төвлөрдөг. Тиим л сайн юм бол өөрсдийнхөө мөнгөөр хөрөнгө оруулаач. Төрийн бодлогыг өөртөө ашигтайгаар эргүүлж худал ярихаа боль гэж эсэргүүцсэн ч мөн л тусыг эс олов. Б.Эрдэнэсүрэн гишүүн босоо тэнхлэгийн зам барих хугацааг наашлуул л гэнэ. Д.Дэмбэрэл гишүүн Ховдын Булган, Яргайтын замыг үргэлжлүүл л гэнэ.
Манай төсөв олсноо 100 хувь идээд, дээр нь зарлага гаргадаг гэсэн Сангийн сайдын үг гунигтай ч юм шиг сонсогдсон…
Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-06-28 156)