Арван настай хүүгийн үхэлд хэн буруутай вэ?

сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Энэ хэлэлцүүлэг нь манай сонины Монголын түүхэнд анх удаа 10 настай хүү өөрийгөө егүүтгэв нийтлэлийн мөрөөр хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд санал бодлоо солилцож хамтран ажиллах боломжийг олгох зорилготой аж.

Хүүгийн амиа хорлох үндсэн шалтгаан юу байв?
Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх Байшин үйлдвэрлэх комбинатын 53-27-А тоотод амьдардаг байсан Ж.Мөнгөн-Од хүүгийн амиа егүүтгэх болсон шалтгааныг одоохондоо эцэслэн тогтоогоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна гэсэн үг. Гэхдээ талийгаач хүү хоёр настайгаасаа л өдийг хүртэл бүтэн найман жилийн турш хойт эцгийнхээ байнгын дарамтад, харгис хэрцгий зодуур, доромжлол дунд амьдарч байсныг айл хөршийнхөн, ах дүүс нь батлан ярьж байна. Хүүд зүсэм талх дураар авч идэх мэдэл байхгүй байсан гээд бод доо. Манай сонины Монголын түүхэнд анх удаа 10 настай хүү өөрийгөө егүүтгэв нийтлэлийн дараа бидэнд уншигчдаас олон захидая ирэв. Гадаадад амьдардаг монголчууд ч olloo.mn, sonin.mn сайтуудад санал бодлоо бичиж, талийгаач хүүгийн нэгэн адил амьдрал, нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг иим хувь тавилан дайрах вий гэж сэрэмжилсэн захидлуудаа илгээжээ. Түүгээр ч зогсохгүй энэ хэрэгт хойт эцгээс гадна төрүүлсэн ээж нь буруутай төдийгүй улмаар уг хэргийг нийтийн өмнө нээлттэй шүүх хэрэгтэй гэж шаардсан байлаа. Хэдийгээр уншигчид хүүг нь тэгтэл зодож байхад тэвчээд тэсээд суугаад байсанд ээж нь хамгийн их буруутай гэж үзэж байгаа боловч тэр ээж мөн л өөрөө нөхрийнхөө дарамтад, хүүгээ өмөөрөх бүртээ хамт зодуулж, доромжлуулж байжээ. Тэрээр гэр бүлийн эл тэсэхийн аргагүй хүчирхийллээс дайжин явъя гэвч хоёрын хоёр хүүхэдтэй, дээр нь очих газаргуй, хүнд өвчтэйн улмаас ажил хийж орлого олох ямар ч боломжгүй байснаас энэ бүхнийг тэвчин амьдарч ирсэн байна. Талийгаач хүүд хүүхэд нас гэж бараг байхгүй байсан даа гэж хөршүүд нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ажилтнуудад ярьжээ. Нялх дүү нь шөнө унтуулахгүй уйлахаар хойт эцэг хүүг дүүгээ авч бүүвэйл гэж хөөж босгодог, ээж нь очиж дүүг нь авах гэхээр аав нь дуугүй хэвт, авбал ална шүү гэж дарамталдаг байсан гэнэ. Тэгэхэд талийгаач яг л том хүн шиг, бүр эх хүн шиг дүүгээ бүүвэйлэн суугаагаараа унтдаг байж. Дүүг нь уйлж хоноогүй шөнө хойт эцэг хүүг өөрийг нь хөөж босгон дарамтална. Эцэст нь сонгуулийн сурталчилгаагаар айлуудаар явж байсан цагдаа нар бяцхан хүүгийн ээлжит зодуур дээр таарч, хойд эцгийг 20 хоног албадан саатуулахаар авч явсан тухай бид өмнө мэдээлсэн. Ингэж баривчлагдаж явахдаа хойт эцэг болох М.Ганболд нь эргэж харан хүүгээ Би чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ гэж заналхийлээд гарсан байна. Энэ үед жаалхүүгийн царай цонхийн, айсандаа бүр чичирч байсан гэж харсан хүмүүс ярьжээ. Уг нь хүүг эгчийндээ өгчихье гэж ээж нь хүссэн боловч М.Ганболд үүнийг зөвшөөрөөгүй байна. Хүү ээжийнхээ тэр хүсэлтийг сонсоод учиргүй баярлаж байсан байдаг. Энэ бүхнээс хүүгийн амиа хорлох болсон үндсэн шалтгаан хойд эцгийн дарамт, өдөр шөнөгүй үзүүлдэг зодуурын амт байсан гэж шууд үзэж болохоор. Өнөөдөр ихэнх эцэг, эх хүүхдээ үгэнд ордог сайн хүү болгохын тулд зодож, үүнийгээ Бид хүүхдээ зөв хүмүүжүүлж байна гэж үздэг нь нууц биш. Олон нийт ч Эцэг, эхдээ зодуулснаар муу хүн болохгүй гэж өөгшүүлсээр ирсэн. Монголчууд бид л …Аавдаа алгадуулж, зэмлүүлмээр байна… гэж дуугаар хүртэл зодуур, хүчирхийллийг дэмжиж яваа ард түмэн. Гэтэл энэ нь хүүхдэд хичнээн их айдас, зовлон шаналал авчирдгийн тод жишээ болж бидний үрсээс ялгаагүй нэгэн бяцхан хүү орчлонгоос одсон. Хүүхдээ зодож хүмүүжүүлж болно гэсэн уламжлалт үзэл хандлагадаа хүлэгдсэн хөршүүд Хойт эцэгтээ өдөр үл алгасан зодуулж, заналхийлэл дор нь амьдарч, ээжтэйгээ үдэш оройгүй гэрээсээ хөөгдөн гадаа айж чичрэн зогсч байсан гэр хүү ингээд үхчих нь чинээ даанч санасангүй гэхээс өөр үггүй харуусан үлдэв.

Түүнд өнөөдөр бидний дунд байх боломж байсан уу?
Хүүг амьдын там эдэлж буйг айл хөршийнхөн, ах дүүс нь бүгд мэдэж байж. Гэвч яагаад зохих байгууллагуудад мэдэгдсэнгүй вэ? Уг нь 2004 оны тавдугаар сарын 13-ны өдөр батлагдсан Тэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн IҮ бүлгийн 13.1 -д Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ биелүүлж байх үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа нь илэрхий болсон тохиолдолд цагдаагийн байгууллага, боломжгүй бол нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй, мөн хуулийн 13.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа тухай цагдаагийн буюу нутгийн захиргааны байгууллагад мэдээлж болно гэж заасан байх юм. Бид энэхүү хуулийг сайтар мэддэг байсан бол хүүгийн ангийн багш төдийгүй, хөршүүд нь тухай бүрт холбогдох газарт мэдэгдэж, бяцхан хүүг зовлонгоос гэтэлгэх арга хэмжээг даруй авахуулж болох байж. Гэвч хэн ч ингэсэнгүй. Тэр байтугай хүүг зодож байхад нь таарсан цагдаа, хорооныхон үүргээ дутуу биелүүлснээс хойт эцгийн Би чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ гэсэн заналхийллээс айсан хөөрхий хүү бидний дунд өнөөдөр алга. Уг нь дээрх хуулийн 9.1.4 т Шаардлагатай тохиолдолд хохирогчийг эмнэлэгт, эсхүл хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл садангийн хүний нь түр хамгаалалтад өгөх, 9.1.7-д Хохирогчийг энэ хуулийн 5.1.5-д заасан үйлчилгээнд хамруулах талаар нийгмийн ажилтанд мэдэгдэх ёстой гэж цагдаагийн байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой заасан аж. Гэвч тухайн үед таарсан цагдаа нар эцгийг 20 хоног саатуулах арга хэмжээ авснаас бус 20 хоногийн дараахь хүүгийн амьдрал, ирээдүйн талаар сэтгэл зоволгүй орхигдуулж, зохистой арга хэмжээ авч чадаагүйгээс нэгэн бяцхан иргэнээ зуурдаар алдав. Үнэндээ хуулиараа бол тус хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагчид эрх, үүргээ мэддэггүй, эс бөгөөс мэддэг ч биелүүлдэггүй болж таарах нь. Тэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсээр бүтэн таван сарын нүүр үзэж буй хэрнээ гэр бүлийн хүчирхийлэлд найман жил тарчилсан хүүг томчууд бид (хөршүүд) мэдсээр, түүний зовж шаналсан дууг сонссоор байж үхэл рүү илгээв. Хатуухан хэлэхэд хойт эцэгтэй нь нийлж байгаад түлхчихсэнээс өөрцгүй гэм буруутнууд аж. Нөгөөтэйгүүр хүүгийн үхэл хүчирхийлэл үйлдэгчидтэй тооцдог хуулийн механизм буруу, өрөөсгөл гэдгийг харуулсан хэрэг билээ. Учир нь хойт эцэгт зөвхөн баривчлах шийтгэл оногдуулснаараа хүүд улам их айдас, түгшүүр нэмж, улмаар амиа хорлоход хүргэв. Өнөөдөр гэр бүлийнхнээ хүчирхийлэн дарамталсан хэргээр хичнээн хүн албадан саатуулах байранд хоригдож буйг бид мэдэхгүй. Гэхдээ тэдний ард үлдсэн ар гэрийнхэн талийгаач хүүгийн адил Тэр гарч ирээд яах бол гэсэн айдас дүүрэн суугаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Ямартаа ч Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хийсэн Монголд өнөөдөр хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг, гурван эмэгтэйн нэг хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг, арван эмэгтэй нэг нөхөртөө зодуулдаг, таван гэр бүл тутмын нэг нь хүчирхийллийн харилцаатай байдаг гэсэн судалгаа байдаг аж.

Бид хамтдаа юу хийж чадах вэ?
Талийгаач хүүгийн дүүг эцэг, эх нь халамжийн цэцэрлэгт аваачиж өгсөн тухай бид өмнө мэдээлж байсан. Гэвч хүү ээж дээрээ буцан иржээ. Бяцхан хүүгийн бие маш муу байгаа гэнэ. Ээжийн хувьд өөрөө хүнд өвчтэй тул ажил хийх боломжгүй бөгөөд өнөөдөр амьд үлдсэн бага хүүгээ сахиж байгаа юм байна. Харин хойт эцэг шалгагдаж байгаа. Ийнхүү нэгэн айлын амьдрал, ирээдүй харанхуйлж, тэднийг цаашид ямар хувь заяа хүлээж буй нь тодорхойгүй болов. Монголын хичнээн иргэн, хүүхэд хүчирхийлэлд өртөж буй судалгааны тоог бид дээр дурьдсан. Тэдний хувь заяаг эл өрхийн эмгэнэлт хувь тавилантай адил замд оруулчихгүйн тулд бид хамтдаа юу хийж чадах вэ? Яг энэ сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санаачлан олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаа юм. Иймд уншигч та санал бодлоо Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн байр болох ЧД Бага тойруу, 40 дүгээр байрны 3 тоотод биеэр аваачиж өгөх болон 1903, 329850, 318087 утсуудаар холбоо барьж болно. Эсвэл манай сонины редакцид хандаж болох юм.

Бид хүүхдийнхээ төлөө, Монголын ирээдүйн төлөө юу хийж чадах вэ…

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-06-28 156)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button