Төр, засаг бизнесийн түншлэлийг дэмжихээ амлалаа

II их чуулганыг Нийслэл хотноо UB Palace-ийн их танхимд зохион байгууллаа. Анхдугаар чуулган Бизнесийнхэн хөгжлийн төлөө уриан дор болж байсан бол энэ удаагийнх Бизнесийн түншлэлийг дэмжихийн төлөө сэдэв дор Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн ивээл дор боллоо.

Бизнес эрхлэгчдэд халтай байгууллагаар Газрын алба тодорчээ
Ганзагын наймаанаас эхтэй, ТҮЦ, дэлгүүр, хамгийн бага нь жижиг цех, үйлдвэр ажиллуулж буй хувийн хэвшлиин бизнес эрхлэгчдэд өнөөдөр юу саад болж байна вэ? МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаа, санал асуулгаар үүнд хамгийн түрүүнд бизнесийг дэмжих хөнгөлөлт, чөлөөлөлт бага, үр дүн нь муу гэжээ. Хоёрт, банкны зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн байна. Цаашлаад салбаруудад бэлтгэгдэж буй боловсон хүчний мэдлэг чадвар сул, хариуцлагагүй, түрээсийн хураамж өндөр, байнга нэмэгддэг гэсэн байна. Эдгээр нь нийгэм, эдийн засгийн шинжтэй саад тотгорууд. Тэгвэл төр. захиргааны байгууллагуудын зүгээс ямар саад учруулж дарамт үүсгэж байна вэ гэсэн асуултад бизнес эрхлэгчдийн ихэнх нь нэгд, төрийн албан хаагчийн хүнд суртал, олон шат дамжлага, зөвшөөрөл лиценз, үр ашиггүй давхардсан шалгалт, авилга, хээл хахууль, олон төрлийн журам, хууль хэрэгждэггүй, хуулийн гажуудал их, нийгмийн даатгалын өндөр шимтгэл зэргийг дурдсан байна.

МХҮАТ-аас дээрх бэрхшээл, саад тотгорыг асуухын хамт мөн бизнес эрхлэгчдэд халтай, хамгийн их бэрхшээл учруулдаг байгууллагыг санал асуулгаар тодруулахад нэгд, газрын алба, хоёрт, гаалийн бай-гууллага, эдгээрийн дараагаар хот, дүүргийн захиргаа, шүүх прокурор, татвар болон энэ бүх бэрхшээлииг шалгаж арилгаж байх ёстой хяналтын байгууллага УМХГ ч өөрөө орсон байх юм.

Шинэ Ерөнхийлөгч юу амлав?
Бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэнд учирч буй дарамт, бэрхшээл саадыг яаж арилгах вэ? Төр, засгийн зүгээс энэ талаар юу амлав? Эхлээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн үгийт сонсъё. Тэрээр хувийн хэвшлийнхэнд тэднийг улс нийгмийн амьдралын үндэс нь эдийн засаг байдаг бол түүний өсөлт хөгжлийн гол зүрх нь бизнес эрхлэгч та бүхэн юм гэж тал засаад төр, засаг, бизнес эрхлэгчдийн түншлэлийн харилцааг жинхэнэ утгаар төлөвшүүлье хэмээн уриалав. Энэ түншлэлийн гол илэрхийлэл нь бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, бизнест дарамт биш дэмжлэг үзүүлж аль болох нээлттэй, чөлөөтэй, тааламжтай болгохоо амлалаа. Үүний тулд төрийн зохицуулалтыг туйлын оновчтой болгож, бизнесийн үйл ажиллагааг зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, түүний хууль дүрмээр явагдах нөхцлийг хангаж бүрдүүлнэ гэв. Энэ үүднээс Монголын хувийн хэвшлийн хөгжлийн стратегийн баримт бичгийг хамтран боловсруулж энэ ажлыг Ерөнхийлөгч ивээлдээ авч бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.
Төр дүлий хүмүүсээр дүүрчихээгүй байлтай

Одоо Бизнес эрхлэгчдийн II их чуулганы төлөөлөгчдийн үгийг сонсъё.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Цогт-Ану ХХК-ийн захирал Н.Сандуйжав
-ХАА-н үйлдвэрлэл эрсдэл ихтэй гээд банкууд бидэнд зээл өгөхөө больсон. Саяхан бид урд хормойгоо нөхөн байж өөрсдийн хүчээр мянган тонны багтаамжтай зоорь худалдаж авсан. Гэтэл одоо эргэлтийн хөрөнгөгүй болчихоод зогсч байна. Зээлийг урт хугацаатай, бага хүүтэй болгож хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдээ эхний удаа хөл дээрээ зогсоход дэмжээч! 50-60 сая төгрөгийн зээл авч байж бодит үр дунд хүрэхээс биш 5-10 саяын зээл үйлдвэрлэл явуулахад эрсдэл ихтэй эргэж унагааж байна.

Завхан аймгийн Наймаачин хоршооны эзэн Д. Чулуунбаатар
-Нийгмийн баялгийг бүтээж буй хүмүүсээ төр, засаг дандаа элдэв зүйлээр хориглож саад болох юм. Татвар гэхэд өндэр, цалингийн фондын 19 хувийг аваад явчих юм. Ийм байхад хэн хөдөлмөрлөх, хэнийг ажилд авах болж байна вэ? Төр гэж дүлий хүмүүсээр дүүрчихээгүй байх. Олон жил ярилаа, өөрчлөгдөх л ёстой.

Эрчим хүч угсралт, үйлдвэрлэлийн Монхарцага ХХК-ийн захирал Л.Магнайбаяр
-Газрын давхардсан зөвшөөрөл олголт, түүнээс үүдэлтэй маргаан бизнес эрхлэгч бидний ажилд саад болж байна. Манай газрыг гэхэд гурван хүнд гурван удаа зөвшөөрөл олгочихсон байх жишээтэй. Дээрээ ч ийм шийдвэр гаргадаг, доороо далимдуулаад давхардуулдаг но байна. Энэ бүрийн ард авилга хээл хахууль явж байна. Авилгыг дээрээсээ л үлгэр дууриал болгож арилгана уу гэхээс доороо аваад байна гэж жижиг авилга руу чихэх нь томчуул өөрсдийгөө хаацайлсан арга гэв. Энэ мэтээр чуулганд оролцогсод нээлттэй ярилцаж санал бодлоо хэлж байлаа.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-06-28 156)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button