Олон асуудал хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй
Удирдах зөвлөл энэ намын чухал асуудлуудыг ирэх дөрвөн жилд зангидан шийдэх ёстой билээ. Зарим гишүүд нь шинэчлэгдэж өөрчлөгдсөн Удирдах зөвлөлийнхөн байгуулагдсанаасаа хойш нэг бус удаа хуралдаад авчээ. МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал анх удаагаа харилцан эвсэг болсон гэнэ. Удирдах зөвлөлийн хурлыг даргатайгаа ойролцоо шахам мандаттай гэгдэх Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр удирдан явуулсан байна. Удирдах зөвлөлийнхөн анхны хурлаараа МАХН-ын XXIҮ их хурал маш амжилттай, шинэлэг болсон гэж олон нийтэд сайтар сурталчлах талаар юуны өмнө ярьсан байна.
Мөн УИХ-ын гишүүдийн шүдний өвчин болоод байгаа 62-ын бүлгийг хэрхэх, 65 дугаар тойрогт хэнийг сойхоо эцэслэн шийдэх, УИХ-ын даргын эзгүй зайд хэнийг томилох зэрэг асуудлыг ч хөнджээ. Тэгээд өөр хоорондоо эдгээр байдлын талаар харилцан ярилцаж, дээрх асуудлуудад дор бүрнээ нэгийг бодож, нухацтай төлөвлөж, цэгцэлж байх даалгаврыг Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяраасаа авчээ.
Улиран сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр үүний дараа ОХУ-ыг зорьсон аж. Мөн энэ хуралд намын дарга М.Энхболд оролцсоныг дуулгах нь зүй. Удирдах зөвлөлийн хурал төгсгөл рүүгээ нэлээд задгайрч, инээд хөөр болоод авчээ. Энэ нь ардчиллынхны хуралтай ойролцоо дүр төрхтэй байсан гэнэ.
Мэдээж, энэ уур амьсгал нь МАХН-ын хувьд ховортохиолдолюм. Удирдах зөвлөлийн хурлаар сүүлийн үеийн дуулиан болсон Өмнөговийн хусагддаг Засаг дарга С.Цэрэнбаяр, томилогддог Засаг дарга С.Сумъяа нарын асуудлыг хэлэлцжээ. Тэднийг уг хурал дээр байлцуулан асуудлыг авч хэлэлцсэн байна. Хоёр Засаг даргын тайлбарыг сонсч, тэдний өөрсдийгөө хэрхэн хамгаалж маргалдахыг удтал сонссоны эцэст шадар сайд Ч.Улааны байр суурийг хатуу баримтлахаар тогтсон сурагтай.
МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хотын шинэ даргын талаар санал солилц-сон гэсэн нь оргүй ч зүйл биш ажээ. Нийслэлийн ерөнхий менежер Г.Мвнхбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатарзоригт нар шинэ мэр байж болох магадлалтай гэгдэж байгаа. Мөн тэдэн дээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан Т.Билэгт, СБД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Батхуяг нарын нэр сүүлийн өдрүүдээс дуулдах боллоо. Т.Билэгтийг МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэний хүн гэдэг бол С.Батхуягийг МАХН дахь залуучуудын фракц дэмжиж байгаа сурагтай. Харин М.Энхболд даргыгаа намын дарга болгочихоод өөрөө мэр болох далд санаатай гэж хардуулаад авсан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н.Болормаа ийм бодолгүй байгаагаа мэдэгдсэн гэнэ. Гэхдээ.энэ сэнтийнээс татгалзсан ч хотын намын хороог захирах төлөвлөгөөтэй байгаа талаар зарим эх сурвалж шивэр авир хийж байна. Тиим хэдий ч мөрт Хотын намын хороогоо атгуулдаг уламжлал ах намд байдаг болохоор хэн Улаанбаатарыг даргалахыг хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Хотын мэрийн хувьд өөрийн залгамжлагчаа ил тод зарлаагүй ч хэнийг дэмжиж байгаа нь тодорхой гэсэн яриа байна. Өнгөрсөн ням гаригт М.Энхболдын бүлгийн гэгдэх ах намын нөлөө бүхий залуучууд хотоос гарч Г.Мөнхбаяртай уулзсан гэнэ.
Үнэндээ 62-ын бүлэг нь улс төрийн шүдний өвчин болоод байгаа нь хэн ч харсан илт байгаа билээ. Өрсөлдөгч намууд нэг бүлэг болоод нийлээд сууна гэхэд нэг тиймэрхүү. Нийлж, бүлэг болж ажиллахгүй гэхээр төрийн хэрэг хойш тавигдаад байдаг. Зарим талаар УИХ дотроо нэг бүлэг болж эвтэй мэт ажиллаад байдаг ч Засгийн газар руу орохоороо нам намаар хуваагдах байдал арилахгүй байх нь бий.
УИХ-д нэг суудал эзгүйрснээр өрнөх болсон УИХ-ын 65 дугаар тойргийн сонгууль бол жинхэнэ цусгүй тулаан болох талаар учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярьж байна. Үүний дэргэд өнгөрсөн жилийн УИХ-ын сонгууль, саяын Ерөнхийлөгчийн сонгууль юу ч биш гэнэ. Хэдийгээр намууд хэнийгээ нэр дэвшүүлэх тухайд эцэслэсэн хариу гаргаагүй ч МАХН-аас М.Энхболд, С.Баяр нарын нэр яригдаж, АН-аас Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ч нэр дэвшиж магадгүй сураг гараад байна. МАХН-ын шинэ даргын хувьд УИХ-ын энэ сонгуулиар суудал авч, улмаар УИХ-ын дарга болох намын даалгавар бий. Учир нь намын дарга өндөр тушааптан байх ёстой. Тиймээс алдаж болохгүй, харин алдвал үр дүнг нь төсөөлөх ч аргагүй ийм байдалд МАХН ороод байгаа бололтой. Тиймээс энэ тойрог руу очихынхоо өмнө сайтар бодох хугацаа аль аль талд нь хэрэгтэй байгаа юм. Энэ тойрогт өрсөлдөх хүмүүсийн хувьд мөнгө төгрөгийн хувьд дутна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс зөвхөн зөв РR чухал гэдэг нь ойлгомжтой. Хэн зөв бодлого баримталж, нийгэмд зөв сэтгэгдэл төрүүлж чадах нь ялах магадлалтай. Өнгөрсөн сонгуулиар бялууртал сурталчилгаа хийж томоохон алдаа гаргасан МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар өөр тактик баримталсан. Эхний үед рейтинг нь тааруу байсан нэр дэвшигчийнхээ чансааг суга өсгөхөд давс хужрыг нь тааруулсан РК тун ч хэрэг болсон гэх юм билээ. Энэ ажлыг гардан хийсэн Боролдой студийн С.Мягмар, МАХН-ын бүлгийн хэвлэлийн ахлагч Б.Бямбадорж нар мэдээж 65 дугаар тойрог руу хүч нэмэхээр явж таарах биз. Улс төрийн бүхий л намууд хүнээ сойж, хоёр том хүчин хоорондоо тулах гэж байгаа 65 дугаар тойргийн нөхөн сонгууль жинхэнэ шинэ цагийн сонгуулийн жишиг болж магад гэж найдагсад ч олон байгааг дуулгах хэрэгтэй.
Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-06-28 156)