Ганцхан хувь дээл нь зөвхөн түүний имиж байгаасай

Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр тангараг өргөлөө. Энэхүү үйл явдал анхны болон хоёрдахь Ерөнхийлөгч тангараг өргөсний жишгээр өрнөсөн. Харин түрүү түрүүчийн Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн жишгээс нэг л зүйл онцгойлон ялгарч байлаа. Тэр нь түүний өмссөн дээл, малгай, гутал. Ялангуяа дээлэн дээр нь бусдын анхаарлыг төвлөрүүлэх гэж сүрхий хичээжээ.

Энэтхэгт гар аргаар нэхсэн, ганцхан хувь, таван өнгөөр солонгордог торгоор хийсэн л гэнэ. Энэ дээлийн үнэ 10 сая төгрөг гээд хэвлэл мэдээллиин хэрэгслээр ёстой нэг зарлаж өглөө. 10 сая төгрөгийн дээлийн торго гэж дуулдаагүй. Ийм болохоор торго лав биш байж таарах болов уу. Металлаар нэхсэн гэж зарим хүн мэдэмхийрч байна. Металл утсаар нэхсэн торгон дээлний хирийг галаар цэвэрлэдэг тухай сайрхан ярих нь бий. Богд хааныг ийм дээлтэй байсан гэлцдэг. Юутай ч хосгүй үнэт зүйлээр манай гурав дахь Ерөнхийлөгч дээл хийжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Н.Энхбаяр нь хуучин хүн. Харин өмсөх дээл нь шинэ учраас тойрон хүрээлэгсэд нь дээлийг нь хүнээс илүүд үзэж рекламдсан нь тэр болов уу. Үнэхээр гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаяр энэ дээлнээс өөр гайхуулах зүйлгүй болчихсон юм гэж үү. Энэ асуултад хариулт өгөхийн өмнө хэдэн зүйл эргэн санах хэрэгтэй болов уу.

Намбарын Энхбаяр 1992 онд УИХ-ын гишүүн, Соёлын сайдын өндөр алба хашиж, улс төрд түрэн орж ирсэн юм. Тэрбээр улс төрд орж ирээд зогсоогүй Монголын толгой баячуудын тоонд нүд ирмэхийн зуурт тоологдох болсон гэдэг. Тиим дээрээс 1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар 1997 онд МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Багабандийг Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа бүх орыг нь залгаж түүний залгамжлагч болсон юм. Гэхдээ Н.Энхбаярын өсөлт 2000 онд цэцэглэж, Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хүний залгамжлагч байх нь утгагүй санагдаж өөрөө санаачлагч нь болж хувирсан юм. Тиймээс ч үндэсний удирдагч хүртэл болж үзсэн. Эндээс л анх бүхнийг өөрөөсөө тоолж эхэлсэн юм гэдэг. Хэдийгээр 2004 он МАХН-ын хувьд бууралт байсан ч Н.Энхбаярын өсөлтийг зогсоож чадаагүй. МАХН парламент дахь тал суудлаа алдсан ч Н.Энхбаяр УИХ-ын дарга болсон. Эдүгээ Ерөнхийлөгчийн сэнтийд заларлаа. Үүнийг өсөлт гэхгүй өөр юу гэж хэлэх вэ. Монголын ард түмэн одоо байгаа төрийн бүхий л өндэр албыг хаших боломжийг түүнд олгосон. Гэтэл Н.Энхбаяр хариуд нь Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ганцхан хувь металлаар нэхсэн торго-оор дээл хийж өмсч гайхуулав.

Таван өнгөөр солонгордог дээлээрээ гайхуулсан түүний тухай
Үүрсэн янцгаах сүргийн манлай дэлээрээ гайхуулна,
Үндэсний удирдагч Н.Энхбаяр дээлээрээ гайхуулна гэдэг шинэ хэлц үг гарчээ.

Үнэхээр гурав дахь Ерөнхийлөгчийн тансаг дээлтэй дүйцэх дээлийг ойрын жилүүд болоод ирээдүйд өмсөх хүн ядруухан Монголд маань цөөн байгаасай билээ. Харин ч ганцхан хувь хосгүй дээлээр гайхуулах нь гурав дахь Ерөнхийлөгчийн имиж юм биз гээд орхиё. Тэгээд ч дэлхийд танигдсан улс гүрний удирдагчид үндэсний хувцас гэж явцуурдаггүй. Костюмтой л харагддаг. Тэд ядуудаа ингээгүй байлгүй дээ. Улс орны хөгжил иргэдийнх нь амьжиргаа манайхнаас илүү учраас тэр юм болов уу. Дээл нь ч дээл юм аа. Дээлэн дотор харин ямар хүн байгааг ирэх дөрвөн жилд бид таньж мэдэх үлдлээ.

Ер нь анхны болон хоёрдахь Ерөнхийлөгч Монгол төрийн тэргүүн цөөнхийн нөмөр нөөлөг болж явах жишиг тогтоосон. Харин гурав дахь Ерөнхийлөгч ямар жишиг тогтоохыг одоохондоо хэлж мэдэхгүй. Харин тэрбээр тиим сайн Ерөнхий сайд байгаагүй гэдгийг мэдэхгүй хүн одоохондоо алга.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-06-28 156)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button