Гэрлэлтийн нас хүн амд нөлөөлдөг
хэзээ нэгэн цагт даяарчлал гэх Их хуй салхи-нд нэрвэгдэж Монгол үндэстэн үгүйрэх мэт санагдана. Ийнхүү санаа зовох болсон шалтгаан гэвэл бий. Залуусын гэрлэх нас оройтож, эмэгтэйчүүдийн нийгэмд эзэлж буй байр сууриас эхлээд хүсээгүй жирэмслэлт зэрэг наад захын жишээг дурдахад л хангалттай.
Монголчуудын гэрлэх насны талаар тодорхой тоо баримт бүхий судалгаа бараг байдаггүй ч 2000 оны байдлаар эмэгтэйчүүдийн гэрлэлтийн нас 23,7, эрчүүдийнх нь 25,7 хувь хэмээн тогтоогдсон байна. Иймэрхүү наад захын судалгаагаар залуусын гэрлэх асуудал хэр зэрэг хойшлогдож байгаа нь харагдаж байна. Гэрлэлт оройтож байгаа явдал нь хүн амын өсөлтийн асуудал дээр ч мөн сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн дийлэнх хэсэг нь 2-3 хүүхэд төрүүлэх сонирхолтой болсон нь судалгаагаар тогтоогджээ. Шинэ цагийн залуус маань мэдлэг боловсролоо нэн тэргүүнд тавих болж, ажил хөдөлмөр эрхлэн, тодорхой орлогын түвшинтэй болсон цагтаа гэрлэх санаа толгойд нь орж ирдэг болжээ. Гэрлэх насандаа яваа охид, бүсгүйчүүдээс авсан судалгаагаар одоохондоо боловсрол юунаас ч илүү, гэрлэхэд харин ч оройтохгүй шүү хэмээн 70-80 хувь нь хариулжээ.
Мөн тэд монгол эрчүүдээ боловсролын түвшингээр нь үнэлж, мэргэжил, ур чадвар болон хөрөнгө мөнгөөр нь дүгнэх болсон нь гэрлэлт болон хүн амын өсөлтийг удаашрахад хамгийн том хаалт болж байна. 2004 оны судалгаагаар манай улсын хүн ам дунджаар 1,2-хон хувиар өсчээ. Энэ нь хүн амын өсөлтийн хувьд тун хангалтгүй үзүүлэлт юм. Үүнийг өөрөөр тайлбарлавал, нэг эмэгтэй бүхий л амьдралынхаа туршид хоёр хүүхэд төрүүлнэ гэсэн үг юм.
Эмзэглүүлсэн асуудал
Манайх шиг хүн ам цөөнтэй улс хоёр том гүрний дунд уусахад тун ч амархан. Түүнчлэн Япон, Солонгос зэрэг томоохон улс орнууд манай буурай оронд ямар учраас анхаарлаа хандуулаад байгааг бодох л асуудал. Нэг кг цагаан будаанд ганцхан ширхэг шар будаа ороход юухан байхав. Ийм байдал үүсэхгүй байх нөхцлийг ёс жудаг сайтай, хормой чанга монгол бүсгүйчүүд та нар минь л бүрдүүлэх ёстой гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй мэдэх байх. Ингээд залуу охид, бүсгүйчүүддээ нөхөн үржихүйн талаар жаахан ч болов мэдлэг олгох зорилгоор Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Нөхөн үржихүйн эмнэлгийн тэргүүлэх эмч Н.Адъяатай уулзаж ярилцсан юм.
-Бүсгүйчүүд ихэвчлэн ямар шалтгаанаар танай эмнэлэгт ханддаг вэ?
-Манай эмнэлэгт 20-40 насны эмэгтэйчүүд, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ, эмэгтэйчүүдийн өвчин, үргүйдэл /ахимаг насын эмэгтэйчүүд сарын тэмдэг мөчлөг алдагдах/ зэрэг асуудлуудаар ханддаг.
-Үр хөндөлт хүн амын өсөлтөнд хэр нөлөөлдөг вэ?
-Гадны аль ч улсад үр хөндүүлэх явдал байдаг ч хүн ам цөөтэй манай улсад энэ асуудал маш хурцаар тавигдаж байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар жилд 50 мянган хүүхэд төрж байгаагаас 10 мянга нь амьдрах чадваргүй төрж байна гэсэн судалгаа гарсан.
-Үр хөндөлтийг урьдах жилүүдтэй харьцуулбал ямар тоо гарч байна вэ?
-1991 оныг бодвол сүүлийн жилүүдэд үр хөндөлт улсын хэмжээнд буурч байгаа гэсэн статистик үзүүлэлт байдаг. Гэвч хот, хөдөөд хувийн эмнэлгүүд олноор нэмэгдэж байгаа энэ үед тэр хэмжээгээр үр хөндөлт замбараагүй явагдаж байна. Энэ асуудал улсын бүртгэлд тусгагдаагүй байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар олон сургалт, сурталчилгаа явагдсаны үр дүнд хүүхнүүдийн ухамсар нэлээд дээшилж эрүүл мэнддээ анхаарах болсон нь ажиглагдаж байна.
-Үр хөндөлтийг багасгахын тулд зохих байгууллагуудаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэнд, жирэмслэлт, төрөлт, гэр бүлийн асуудлаа зохицуулж сурах аргыг өсвөр насныхан буюу ерөнхий боловсролын сургуулиудад, сургуулиас завсардсан бол албан болоод албан бус сургалтуудад зориулсан тусгай хичээлийн программ боловсруулах хэрэгтэй. Дээрх асуудлаар мэдлэг хомс учраас охидууд шилжилтийн эмзэг насандаа гэндэх тохиолдол бий. Ер нь ямар ч хүн физиологийн үйл ажиллагаагаа зохицуулж сурах хэрэгтэй. Бэлгийн зохисгүй харьцаа, хүсээгүй жирэмслэлт зэрэг асуудлаас сэргийлэхийн тулд багаас нь хүүхдүүдээ энэ чиглэлээр хичээл, сургалтууд явуулах хэрэгтэй.
М.Нацагдорж
2005.06.22, Инфо