Батж. Батбаяр Харилцаа холбооны зохицуулах газар хувийн компанийн гар хөл болсон

Ардын эрх талуудын байр суурийг хүргэх зорилготой байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн, харилцаа холбооны салбарт шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч Батж.Батбаяртай уулзаж ярилцлаа.

-Харилцаа холбооны салбарт хийсэн шалгалтын үр дүн юу болсон бэ. Уг нь хэрэглэгчид гар утасны үнэ, тариф хямдарна гэж найдлага тавьж байсан?
-Шалгалт маань үр ашигтай болсон. Гэхдээ үүнийг эцсийн үр дүнд хүргэхэд бас их бэрхшээлтэй тулгарах юм шиг байна. Төрийн албан хаагчид, ялангуяа УИХ-ын гишүүд Мобиком болон МЦХ компанитай ямар нэгэн байдлаар холбогдсон, намчирхсан байдлаас үүдээд энэ шалгалтыг үр дүнгүй болгох шинжтэй болоод байна. Төрийн түшээд нь эдэнтэй холбоотой, бүр зарим нь хурал хийлгэхгүй эсэргүүцээд байна шүү дээ. Төрдөө тангараг өргөсөн, сонгочдодоо амлалт өгсөн хүмүүс 500 мянга гаруй хэрэглэгчийн эрх ашгийн эсрэг ингэж учир нь үл мэдэгдэх шалтгаанаар сөрөг байр суурь гаргах нь утгагүй асуудал гэж би бодож байна. Хувийн компанид шалгалт хийх ёсгүй. Төсвөөс мөнгө гаргаагүй юм чинь ардын мөнгийг авахад яадгийм гэх гишүүд ч байна. Энэ байдал хүндрээд одоо болтол шийд гаргаж чадахгүй байна.

-Тухайн үед байнгын хорооны хуралдаан ч, та бүхний хийлгэсэн хэвлэлийн бага хурал ч хэвлэлээр нэг их мэдээлэгдээгүй учраас уншигчид сайн мэдэхгүй байгаа байх. Яг хэн хэн эрс эсэргүүцэж байсан бэ?
-МАХН-ын гишүүд гэж товчхоноор хэлж болно. Өөрийн тань хэлснээр үнэхээр ч байнгын хорооны хурлын талаар жижиг мэдээ төдий зүйл гарсан. Маргааш нь манай ажлын хэсгээс зарласан хэвлэлийн бага хуралд 20 орчим сонин, дөрвөн телевизийн сэтгүүлч, сурвалжлагч нар ирсэн. Орой нь зөвхөн ТВ-9-өөр мэдээлсэн. Мобиком компани болон бусад харилцаа холбооны салбарынхан үүнд нөлөөлж төрийн мэдээллийг саатуулсан гэж би ойлгож байгаа. Ингээд мэдээлэл маань олон нийтэд хүрээгүй учир УИХ-ын хэвлэл мэдээллийн албанд дахин хэвлэлийн бага хурал хийлгэе гэж хандсан чинь намайг толгой түрүүгүй загналаа.

-Төрийн түшээгээ аппаратын ажилтан нь загнасан хэрэг үү?
-Би уг нь их л аятайхан асуусан гэж бодож байгаа юм. Өчигдрийн хэвлэлийн бага хурал яагаад мэдээлэгдсэнгүй вэ. Яагаад мэдээлэл саатаад байна гэхэд Би үүргээ гүйцэтгэсэн. Чи юу юм бэ, чамтай яриад байх юм байхгүй, өдөр болгон хэвлэлийн бага хурал зарлаад байхдаа яадгийм. Чамд тийм эрх байхгүй гэж толгой түрүүгүй загнасан. УИХ-ын гишүүнээ загначихдаг хэвлэлийн төлөөлөгч байдаг юм байна. Аргаа бараад өнгөрсөн. Уг нь хуульд УИХ-ын гишүүн үүргээ биелүүлэхэд ямар нэгэн хориг саад тавих ёсгүй гэсэн заалт байдаг юм. Гэтэл өнөөдөр хэвлэлийн алба нь УИХ-ын гишүүний эрх, хууль дүрмийг уландаа гишгээд явж байдаг юм байна. Яам, тамгын газар дэг журам гэж алга, нэг даргын үгээр л явдаг хүнд суртлын үүр болж дуусчээ. Хэсэг бүлэг хүмүүсийн үгээр л ажлаа явуулдаг. Ний нуугүй хэлэхэд төр засаг мафийн сүлжээнд нэгдсэн байна.

-Шалгалт хийж эхэлснээс хойш дарамт, шахалт юм уу, нөлөөлөх гэсэн хандлага ажиглагдав уу?
-Зөндөө тийм юм байгаа. Танил тал хүмүүсээр яриулсан зүйл бий. Би түүнийг нь хүлээж авахгүй ээ.

-Яг юу гэх юм бэ?
-Уулзья, ярилцья ч гэдэг юм уу. Чи одоо болиоч гэх мэт янз бүрийн байдлаар… Харин сүүлийн үед гайгүй намжлаа. Үүнтэй ер нь өөр аргаар үзье гэж байгаа юм байлгүй.

-Өөр гэж ямар арга байдаг юм бэ?
-Одоо мэдэхгүй, ярьж тохирохгүй болохоор өөр арга хэрэглэж байгаа юм байлгүй дээ. Жишээ нь сонин хэвлэл, радио телевизээр миний үгийг нэвтрүүлэх, нийтлэхгүй хаачихаж байна. Хэвлэлийн бага хурал хийлгэхгүй байна.

-Мобикомын үнийг хямдруулах ямар боломж байна вэ?
-Миний тооцоолсноор бол Мобиком үнээ арав дахин багасгах боломжтой. Арав үгүй юм гэхэд тав дахин хямдруулахад хоёр дахин ашигтай ажиллана. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл нэг минут гар утаснаас ярихад 260 төгрөг. Үүнээс бүх сүлжээгээ ашиглуулж байгаа МЦХ компани 15 төгрөгийг, үлдэх 245 төгрөгийн Мобиком авдаг. Зөвхөн 15 төгрөгийг нь хүртдэг МЦХ дампуураагүй, жилд нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Мобиком жилд 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 30 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ 30 тэрбум төгрөгийн ашиг гэдэг бол ил тавьж байгаа нь. Магадгүй ашгаа дарж мэдээлж байж болно. Арван жил татварын хөнгөлөлт эдэлсэн Мобиком нэг минутын яриаг 60, бүр 40 төгрөг ч болгож бууруулах ёстой. Баяр ёслолын үеэр хямдрал, бэлэг гэж аргацаах хэрэггүй. Тэд дээр нь өчнөөн бизнес хийж байгаа. Картын төлбөр, утсаа өндөр үнээр зарж байгаа гээд. Зөвхөн эрх нээлгэхэд хэдэн жилээр ч хамаагүй, хүүгүйгээр 200 ам.доллар дэнчин гэж авч, банкны үйл ажиллагаа явуулж байна.

-Та өөрөө Мобикомын хэрэглэгч үү?
-Тийм. Би сард доод тал нь 220-230 мянган төгрөг төлдөг. Нийт 500 мянга, айл бүрт нэг хэрэглэгч байгаа. Айл бүхэн жилд 100 мянган төгрөг, урьдчилсан төлбөрт картын хэрэглэгч жилд 60 мянган төгрөг дор хаяж төлж байгаа.

-Гэвч хэрэглэгч бидэнд өөр сонголт байхгүй шүү дээ. Мобиком хэрэгтэй байна уу гэвэл хэрэгтэй…?
-Ард түмнээс их ашиг хурааж байгаа шигээ тэр хэмжээний үйлчилгээ үзүүлэх ёстой. Монополь эрхийг устгах боломж Харилцаа холбооны зохицуулах газар буюу төрийн байгууллагуудад байгаа шүү дээ. Хэд хэдэн тендер зарлаж, өрсөлдөгч бий болгох ёстой. Тэд үнэ, чанар, үйлчилгээгээрээ өрсөлдөг. Зах зээлийн зарчим ердөө л энэ. Өрсөлдөөнөөс үнэ хямдрана, чанар гарна. Гэтэл Мобикомыг арван жил өрсөлдөгчгүй явууллаа шүү дээ. Үүрэн телефоны гуравдагч операторын тендерийг хоёр жилийн өмнө зарласан. Төрийн өмчийн МЦХ оролцоод ялахад тендер зарласан дарга нар нь шүүхэд өгчихсөн. Өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд Мобиком сар бүр хоёр тэрбум төгрөгийн ашиг олж байна. Орлого биш шүү, ашиг. Энэ ашгийг хэвээр зуурч үлдэхийн төлөө л тендерийг гацааж байна. Тэр ашиг монголын ард түмэн, бидний сонгогчдын, айл, албан байгуулага бүрийн халааснаас гарч байгаа.

-Эдийн засаг, улс төрийн бүлэглүүдийн эрх ашгийг л хамгаалж байна гэж үү?
-Тиймээ. Зөвхөн эдийн засаг улс төрийн бүлэглэлд хамаардаг хэсэг хүмүүс л өнөөдөр сайн сайхан яваад байна. Жирийн иргэдийн эрх ашиг ерөөсөө байхгүй, яригдахгүй. Хамгийн наад захын жишээ Мобиком. Олон жишээ дурдахаа больё. Дархан цаазат Богд ууланд амьдарч байсан хэдэн арван гэр бүлийг цагдаа, төрийн хүчээр албадан нүүлгэсэн. Өнөөдөр тэнд битүү баячуудын хороолол, харш бий болсон. Бүр компани байгуулаад уулыг тэр чигт нь ухаж төнхөөд хаячихсан. Жирийн иргэн амьдарч болдоггүй тэр газар яагаад баячууд, албан тушаалтнууд амьдрах ёстой юм бэ? Бүр төрийн тусгай хамгаалалтын 24-р харшийг өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүний компанид түрээсэлчихсэн. Тийм л юм бол Богд уулаа дархан цаазтай гэдгээ болих хэрэгтэй.
Үүнийг хэн ч анзаарахгүй, мэдэхгүй байгаа юм биш. Мэдсэн ч хэлж чадахгүй байгаа юм. Ардчиллын хамгийн том дайсан энэ. Хүн мөнгөтэй л бол хэнийг ч дуугаргахгүй байх тийм л нийгэм рүү бид алхаж байна. Хэдэн жилийн дараа юу болчихсон байхыг би үнэхээр хэлж мэдэхгүй нь.

-Төрийн албаныханд авилга өгсөн юм уу, нөлөөлж буй ямар баримт та хэлж чадах вэ?
-Эрх ашгийн харилцаа байна гэдэгт би баттай итгэж байна. Ялангуяа Харилцааны холбооны зохицуулах газар ерөөсөө Мобикомын гар хөл болсон. Мобиком өнөөдөр наад зах нь монополийн тухай хууль зөрчиж байна.

-Мобикомын хэрэглэгчид уг нь үнийг хямдруулах саналыг алгаа ташин хүлээж авч байгаа биз дээ?
-Маш олон хүн утсаар ярьж, э-майл ирүүлж, гудамжинд тааралдсан ч хэлж байна. За, Батбаяраа чи үүнээсээ буцчихав аа? Яагаад дуугүй болчихов, цаадуултайгаа тохиролцчихов уу гэж байна. Надад ч хэцүү байна. Би хэзээ ч иймэрхүү байдалтай эвлэрч, тохиролцохгүй. Надад ийм тохиролцоо хэрэггүй.
Мобикомд гомдолтой, тэвчихээ байсан хүн олон байгаа гэдгийг би мэдэж байна. Хэцүү байгаа. Бүх юм тохиролцоо, хуйвалдаан, наймаагаар явдаг болсон. Энэ бол зөвхөн Мобиком, харилцааны холбооны салбарт болж байгаа юм биш. Би цаашдаа ч тэмцэнэ. Хамгийн түрүүнд Мобикомоос эхэлнэ.

-Хэрэглэгчид эрх ашгаа хамгаалахаар нэгдэж байгаа гэсэн сураг сонслоо, та энэ талаар ямар бодолтой байна?
-Иргэд хэрэглэгчид, хөдөлгөөнөө байгуулах юм бол би дуртайяа нэгдэн орж, хамтран тэмцэх болно. Эцэст нь хэлэхэд Мобикомын нэг минутын үнэ 40 төгрөг л байх ёстой, өөрсдөд нь ч ашигтай, хэрэглэгчдэд ч хэрэгтэй

А.Алтантуяа.
2005.06.28

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button