МОНГОЛООР ДYYРЭН СОНИН ХАЧИН

1990-ээд оны сүүлээр шиг санагдана, Улаанбаатарт төдөн мянган нохой алж арьсыг нь улсын бэлтгэлд тушааж, хотын ариун цэврийг сахив гэсэн шүү мэдээ германы сонинд гарснаас үүдэн бөөн сенсаац дэгдэж, ан амьтны эрх ашиг хамгаалагчид, ногоонтнууд гэхчлэн бөөн хүн Бонн дахь манай ЭСЯ-нд очиж эсэргүүцэл илэрхийлж сүйд болжээ. Тэрхэн үедээ Монголын нэр хүнд Германд жаахан сэвтээд ч авсан юм байх. Монголд ирж ажилласан гадаадын иргэд манай хотын золбин нохдыг ихэд өрөвдөн, өхөөрдөж эрхлүүлээд эцэст нь дасгаад хагацах дээрээ тулахаар бөөн зовлон. Манайхан болохоор хэнэг ч үгүй алаад газар булчихна, эвсэл арьсыг нь өвчөөд авчихна, тэнэмэл иргэд махаар нь зоог барчихна. Гэтэл дасгасан ганц нохойгоо аваад нутаг буцъя гэсэн гадаадын иргэнд бичиг цаас зөвшөөрөл энэ тэр гэж бөөн чирэгдэл удаад, эцэст нь Монгол нохойны ген-ийг хил давуулж алдахгүй гээд гэдийчихнэ. Yүнийг Монголын сонин хачин марзан явдал гэж нутаг буцсан хойноо нөгөөдүүл нь FM-ээрээ ярьж байгаа нь тэр.

Бид эндээ бахархал болгоод, зууны манлай энэ тэр гэж өргөмжилснөөс гадаадад тоож байгаа амьтан нэг ч байхгүй, Монголын өнгөтэй өөдтэйг дээр үеийн социалист суртал ухуулга шиг сурталчилна гэж бүр гонж, Монголд зочлох жил гэж бид эндээ хичнээн уриалавч тоож шиншлэх ч үгүй. Энэ нь Монголын засаг төрийн буруу биш, ерөөсөө л сонин хачин, марзан тэнэг явдлаар дүүрэн Монголын нийгмийг голж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл монголчуудыг, монгол хүнийг голж байгаа нь тэр.

ОУВС, Дэлхийн Банкны албан ёсны баримт бичигт Монголын ядуурал хоцрогдолд монголчуудаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй, ядуу байгаад өөрөө өөрсдөө буруутай гэж бичсэн байхыг юу гэж ойлгож болох вэ? Африкийн голдуу маш олон орны ядуурлын хариуцлагыг колоничлогч асан Европын орнууд нь хүлээж, хайр найргүй колоничлосныхоо төлөөсөнд өрийг нь 100 хувь цайруулж, дээр нь тусламж олгож байна. Харин Монголд бол үгүй, хохь чинь гэх.

Гандан бууршгүй худалч, мэхлээчин, панаалдагч чанар нь зөвлөлтийнхөнтэй учраа олоход тусалж, социалист уриан дор харилцан бие биеэ хуураад дөнгөөд байсан бололтой. Харин ОУВС, Дэлхийн Банктай орос ах нарыг гэх монгол зан-гаар үзээд нэр нүүрээ барж залхаав. Зээл тусламжийг хамгийн үр бүтээлгүй зарцуулсан сонгодог жишээнд Монголыг нэрлээд лекцэлдэг Хироно профессорыг бид яаж ч чадахгүй. Тэрээр Африкийн хэсэг улс ба Монгол-ын сургамжийг эдүгээ Японоос ODA-гийн тусламж авч буй Вьетнам, Лаос, Мьянмад сэрэмжлүүлж байх юм.

Ардчиллын буянаар (гайгаар) Монголын үүд хаалга нээгдэж, зорчдог хүний тоо хэрээс хэтэрсэн. Гаднаас ирдэг хүн болгон бараг толгой дараалан зургийн аппарат, видео камертай. Хальсандаа дандаа манай бүтээн байгуулалт, урлаг соёл, наадмыг буулгадаг гэвэл эндүүрэл. Тэд хорьсоор байтал хотын захуудаар хулгайгаар явж үзсэн, тэр ч бүү хэл бурхан болоочийг нутаглуулдаг Далан давхар орчихсон байх нь элбэг. Тэнд л зураг авч кино бичлэгээ хийдэг юм байх. Гутмаар сэжиглэмээр ч юм шиг. Нийслэлийнх нь хүн амын талаас илүү нь зах дээр байнга зогсдог буюу тэнүүчилдэг ийм улс дэлхийд өөр олон байхгүйдээ л гадаадынхны нүдийг хужирлаж, дуран авианд нь бууж үлддэг байх.

Гадаадын хэвлэлд нийтлэгдсэн Монголын тухай элдэв зурагнуудын ихэнх нь золбин тэнэмэл хүүхэд, гудамжинд ойчсон согтуу хүн, траншейны амьдрал цухасхан, захын наймаачин, хотын амьдрал гэвэл, Монголын хөдөө гэхлээрээ монгол гэрийн гадаа араг сандайлсан халтар хүүхэд, бөгтөр эмгэн, улаан зээрд царайтай адуучин, үхсэн малын сэг, балгас болсон сумын төв Зураг дээрх монгол хүмүүс нь аль болох зэрлэгдүү ядаж сайртсан улаан хацартай, халтар царайтай, ноорхой хувцастай байвал Монголын имиж нь тэр болох ухаантай юм.

Тухайн нэг улсаас Монголтой харьцсан тухай интернэт дэх мэдээлэл гэвэл, СССР-ийг дагаж 70 жил бөглүүд явснаа 1990-ээд онд ардчиллын буянаар дэлхийд гарч ирсэн, гэвч тамтгаа алдсан эдийн засагтай, хүн ам нь нэн ядуу, дэлхийн стандартаас доогуур, гадаадаас төдий хэмжээний зээл тусламж авсан, төдөн улстай гадаад худалдаатай, худалдааны эргэлт төд, Орос, Хятадын завсарт стратегийн байршилтай гэхчлэн бичсэн нь түгээмэл. Арай өег нь гэвэл Чингис гэгч хаан XIII зуунд Монголоос төрж гарч ирээд дэлхийн талыг эзэлсэн гэсэн ганц нэг өгүүлбэр. Цаашаанаа Монголын өнөөгийн гэгээтэйг бичиж огт болохгүй гэж хоорондоо үгссэн юм шиг.

Энэ бүхэн доромжлол уу? Доромжлол биш юм бол юу вэ? XXI зууны хөгжлийн их хурд нэг л өдөр Монголыг арчина шүү гэдгийн дохио санамж биш гэж үү? Улаанбаатарын Ажилчны гэгдэх районд бүхэл бүтэн Хятад хот төмөр торны цаана монголчуудыг яг л ажлын мал шиг, бөөнөөр хорих лагерын ялтан шиг хорьж цагдан өдөр шөнөгүй үнэгүй мөлжиж байна гэнэ. Тэнд монголчуудыг хэн ч албадан аваачаагүй, өөрсдөө гүйж очоод төмөр торны цаана хоточ нохойны зуулга болчихоод байгаа нь тэр. Монголчууд даяаршилд (глобалчлал) орж яваа зам нь тэр. Чухам энэ бүгдийг нийлүүлээд МОНГОЛООР ДYYРЭН СОНИН ХАЧИН гэж нэрлэх бөлгөө.

Олхонуд Дашдоржийн Баярхүү

Bayarkhuu.com

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button