Вако констракшн-д 1,3 сая $-аа залилуулсан иргэд нэгдлээ

Хааны зам -Вако констракшн барилгын компаниас байр авахаар мөнгөө өгөөд залилуулсан 94 хохирогчийн 58 нь Монголдоо захиалгаа өгсөн байна. Харин 36 нь Солонгост ажиллаж буй хүмүүс аж.
Тус компанийнхан Хөх Монгол компаниар зуучлуулан Сөүл хотод ажиллаж байгаа монголчуудаас захиалга авч чадсан гэнэ. Тус компани захиалгаа 2003 оны 6-рсарын 30-наас 2004 оны 5-р сарын 12-ныг хүртэл авсан байна. Энэ хугацаанд тэдний иргэдээс авсан долларыг одоогийн ханшаар монгол төгрөгт шилжүүлбэл нэг тэрбум 470 сая 516 мянга 290 төгрөгийн хохирлыг иргэдэд учруулжээ.
Ингэж хохирч үлдсэн захиалагчид хууль хяналтын байгууллага, бусад холбогдох газруудад хандаад байгаа ч нааштай хариуг одоо болтол аваагүй байна. Захиалагчдыг залилсан Хааны зам-Вако констракшн барилгын компанийн захирал Жон Жун Хёг Монголоос аль хэдийнээ арилан тэднээс зугтсаар байгаа аж. Тэр ч бүү хэл Солонгост байгаа монголчууд түүний гэрийн хаягаар саяхан очтол хөршүүд нь түүнийг удаан хугацаагаар Монгол руу явсан гэж хэлсэн гэнэ. Захиалагчдыг төлөөлөн байгуулагдсан түр хорооныхон сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Та бүхэн эрт хуулийн байгууллагад хандахгүй яасан юм бэ?
-Сонин хэвлэл дээр гарсан зарим мэдээллийг олж авсан хэсэг захиалагч шүүх прокурорт хандахад иргэд хооронд эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаангүй гээд хэрэгсэхгүй болгосон. Мөн зарим хэвлэл, мэдээллийнхэн өмнөх мэдээллүүдээ үгүйсгэн Вако орон сууцны барилгын ажил хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгээд ч Монгол талын Хөх Монгол ХХК-ийн ажилтнууд болох Болд, Сайнтуяа нартай уулзахад Та нар хэл ам хийж хэрэггүй. Сарын дараа солонгос захирал мөнгө авчирна. Хэрвээ ингэж шүүх, цагдаа болоод байх юм бол хөрөнгө оруулагчид олдохгүй. Юу ч үгүй хоосон хоцорно гэж хэлдэг байсан. Бид хүлээцтэй хэсэг харзнасан боловч эцэст нь холбогдох бүх хүнээс зугтаж худлаа, үнэн хэлдэг болсон. Одоо Монголд үлдсэн Солонгосын талын хоёр хүн сүүлийн хоёр долоо хоногт хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон.

-Өмнө нь гадаадад ажиллах хүч гаргана гээд олон хүнийг залиласан хэрэг гарч л байсан. Та бүхэн яагаад их итгэв ээ?
-Бидний оронд хэн ч байсан итгэх л байсан. Анхнаасаа бүх радио, телевиз, сонин, хэвлэлээр үнэмшилтэй нь аргагүй сурталчилж байсан. Мөн өмнө нь ямар ч барилгын компанийн хийж байгаагүй ажлыг хийнэ гэсэн санал тавьж байсан. Тухайлбал, гал тогооны ханын тавилга, үүдний өрөөний хувцасны өлгүүр, гутлын тавиур гэх мэтийг үнэгүй дагалдуулна гэж байсан. Түүгээр ч зогсохгүй барилгын шав тавих ёслолд нь нийслэлийн засаг дарга М.Энхболд, одоогийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунай нар оролцож тууз хайчилж монголчуудад ийм сайхан орон сууц барьж өгч байгаад баярлаж буйгаа илэрхийлж байсан. Энэхүү шав тавих ёслолын үйл ажиллагааны дүрс бичлэгийг Солонгост ажиллаж буй монголчуудад ч үзүүлсэн. Түүнчлэн Солонгост Элчин сайдаар сууж байсан Лхагваагийн гарын үсэгтэй, нотариатаар батлуулсан бичиг баримтыг ч бидэнд үзүүлж байсан. Биднийг арай ч дарга, цэрэггүй залилна гэж яаж санах вэ дээ.

-Та бүхэн М.Энхболд даргатай уулзав уу?
-Одоохондоо үгүй. Бид хууль хяналтын байгууллагаар дүрэм журмаар нь үе шаттай хөөцөлдөж байгаа. Цаашид уулзах бодолтой байгаа.

-Одоо та нар ямар байгууллагуудад хандаад байгаа вэ?
-Хуулийн байгууллагад хандаад байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газар, Олон улсын интерполын Монгол дахь салбар, Улсын мөрдөн байцаах газар гээд олон байгууллагуудад хандаад байгаа. Монголд үлдсэн Солонгосын талын хоёр хүн хилээр оргон зайлах вий гэж бодон ХХЕГ-т хандсан юм. Дээрх байгууллагууд бидэнд сэтгэл гарган тусална гэдэгт итгэж байна.

-Солонгост байгаа монголчуудаар дамжуулан Солонгосын хууль хяналтынханд хандаж үзэв үү?
-Тэнд байгаа монголчууд хандсан. Гэвч энэ явдал Солонгост бус Монголд болсон учраас манайд хамаагүй гэсэн. Мөн Монголын хууль хяналтын газраас энэ тухай албан ёсны мэдээлэл ирээгүй гэж хэлдэг юм билээ. Тэгэхээр манай хууль хяналтын бидний байдлыг ойлгон үнэнийг олж Солонгосын талд албан ёсоор хандаж залилагч этгээд Жон Жун Хёг болон менежер гэх Бён Ен Иль, Чой Же Ён нарыг олж баривчлаасай гэж хүсч байна.

-Та нар шүүхэд хандахад бэрхшээл их байна гэж ярьж байсан. Энэ тухайгаа тодорхой яриач?
-Бид шүүхэд хандахад иргэд хоорондын маргаан шийдэхэд тэмдэгтийн хураамж гэж бусдад залилуулж хохироод байгаа хохирлын 10 хувьтай тэнцэх мөнгийг төлөх хэрэгтэй юм билээ. Солонгост зовж зүдэрч олсон мөнгөө бусдад залилуулчихаад ядаж яваа хүмүүст тийм хэмжээний мөнгө төлөхөд хүндрэлтэй шүү дээ. Захиалагчдийн хамгийн их нь гэхэд 31 мянган доллар алдаад байна.
Нэг хүний дунджаар 4-5 хүн байгаа гэж бодохоор тус компанийнхан Монголын олон иргэний мөнгө, амьдрал, сэтгэл санаагаар тоглолоо гэсэн юм.
Сэтгүүлчдэд мэдээлэл хийх түр хорооныхоноос гадна хохирсон олон захиалагч ирсэн байв. Тэд Төр, засаг хууль хяналтынхан ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлгүй болжээ. Ямар ч их хүнд сурталтай болсон юм бэ гэж халаглаж байсан.

Хэн дуртай нь ирж ард иргэдийн маань амьдралаар тоглон залилж мэхэлдэг болжээ. Үүнээс өмнө Зөөлөн-Эх-ийн хохирогчид гээд л нэг хэсэг шуугисан. Гэтэл одоо 94 айлын амьдрал ирээдүйг бүрхэг болгосон харийн залилагчдыг өөгшүүлэлгүй иргэдийнхээ төлөө сэтгэл тавих цаг болсон юм шиг.
Хэдий болтол хуулийн цоорхой гэнэн итгэмтгийгээ бусдад ашиглуулан хохирсоор байх болж байна.

Б.Майцэцэг
2005.06.28, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button