Ханш нээхийн утга учир
Улмаар Чингэс хааны үеэс эхлэн Монголчууд дорно дахины ард түмний нэгэн адил бО жилийн хуанлийг цаг тооны бичгийг ахуй амьдралдаа нийтлэг хэрэглэж ирсэн байна. Монголчууд жаран жилийг хуанлийг дэлгэрэнгүй ба товч хоёр янзаар хийж жил, улирал өдөр, сар, цаг ямар байхын нарийн тодорхойлж түүнийг бүтээлчээр мөрддөг байсныг түүх шастирт өгүүлжээ. Нэгэн жилийг хавар, зун намар, өвөл гэсэн дөрвөн их улирал хэмээн нэрлэж, улирал тус бүрийг зургаан бага улирал буюу бүгд хорин дөрвөн улирал болгон хувааж, бага улирал тус бүрийг 5.5 хоногт хуваан бүгд далан хоёр эргэлт болгодог байжээ. Тэр их бага улирлын эргэлтэд заавал болдог одон гараг, газар дэлхийн цаг агаарын бодит үзэгдэл үйл явцыг нарийн заан тодорхойлж түүнд ажил амьдралаа зохицуулж ирсэн билээ.Ханш нээх гэдэг бол хаврын их улиралын доторхи зургаан бага улирлын тавь дахь нь юм. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны, хаврын дунд үед тохиодог бөгөөд аргын буюу нарны зурхайн ёсны 4-р сарын 5 буюу зургааны өдөр тогтмол эхэлдэг Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос-арилан цэлмэж, солонго анх удаа татаж, морин хараацай шувуу ирнэ. Энэ өдөр амьд байгалийн алив амьдрал сэрж сэргэн хорхой шавьж хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам уруу харж хэвтэнэ. Бургас модны гөлөг ургаж эхэлдэг. Ямар ч хүйтэн байлаа гэсэн булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйн захалдаг. Ханш нээх эл улирлыг монголчууд ээлтэй сайн гэж үзэж морьд ба сувай гүүний дэлийг авч, дөрвөн настай үрээдийг засаж хөнгөлдөг. Ханш нээснээс хойш хонь малын хашаа саравчийг засварлан өтөг бууцийг малтах ямааны ноолуур самнах ажлыг хийнэ. Харин сор ноолуур нь хөдөлсөн тул үслэг Ан амьтныг агнахыг энэ улирлаас эхлэн цээрэлдэг байжээ. Түүнчлэн малын бууцаар тариа ногооны газрыг бордох, мод тарих зэрэг ажлыг энэ улиралд хийдэг заншилтай. Дорно зүгийн ард түмэн ялангуяа хятадын ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээн дээдэлж өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай ажээ. Хятадын зурхайчид ханш нээх өдрийг тэмдэглэхдээ шар зурхайгаа зурж тухайн жилийн зун намар ямар болохыг тодорхойдог байжээ. Түүхийн баримтаас үзвэл энэ зууны эхээр манай нийслэл хотын Амгаланбаатар дүүрэгт хятад иргэдийн бүтээсэн хоёр дуган сүм байжээ. Хойд сүмд байдаг эрлэг номун хаан болох Дамдин чойжоо гэдэг бурханыг сүмээс гарган урьд дуганд ёс төртөй залж зун намар нь салхитай шинжтэй байх бол жууз тэргэнд авч явна. Бороо хуртай байх шинжтэй бол ёслолд ороцогчид цув өмсөж авч явна. Хуурай гантай байх бол нарны халх барьж явдаг байсан гэнэ. Түүнчлэн хуучин онд нас барсан хүмүүсийн нэрсийг цаасан дээр бичиж Дамдинчойжоо бурханы өмнө барин түүнийг шатааж үнсийг цаасан ташуур шилбүүрээр шавхуурдан туушиндах ёс үйлддэг нь талийгаач нарынхаа сүнсийг төрлөх нутаг усанд нь буцаан буй сайн үйл хэмээн үздэг байжээ. Эл ёслол дуусмагц Дамдин чойжоо бурханаа урд сүмд байрлуулан улмаар өвөг дээдэс төрөл төрөгсөдийнхөө шарил дээр очин тэднийгээ дурсан хүндэтгэдэг байжээ. Намрын дунд сарын арван тавны өдөр ханшаа хаах үеэс урд дуганаас Дамдинчойжоо бурханаа хойд дугандаа залдаг. Энэ үед шар зурхай зурж ирэх өвөл цас зудтай байх шинжтэй бол дах дэгтий өмсөн ёслолоо үйлдэнэ. Ханш хаах өдөр Хятадын еэвэн сартай давхцдаг бөгөөд намар хураан авсан үр тариа, жимс ногооныхоо дээжийг нас барсан хүмүүсийнхээ шарилд өргөж тарвас хагалан, амтат идээ будаагаар дайлж цайлцгаан бурхан тэнгэрээ тахидаг байжээ. Харин монголчууд ханш хаах зан үйл хийдэггүй бөгөөд одон зурхайгаар тодорхойлсон цаг агаарын шинжийг маш их сонирхож, өөрсдийнхөө зурсан шороо үхрийнхээ зурхайтай харьцуулан үзэж аж амьдралдаа бүтээлчээр ашигалдаг уламжлалтай байжээ.
Ш. АГВААН-ДОНДОВ