Зохиолчдын эвлэлийнхэн ерөнхийлөгчид бараалхлаа
Ерөнхийлөгч Н.Энхбаяр монголын зохиолч, орчуулагчдын өнөр их гэр бүлийн гишүүн хэмээн өөрийгөө тооцож явдагаа хэлээд нийгмээ гэгээрүүлэх, оюуны болон шинжлэх ухааны тодорхой мэдлэг, сан хөмрөг бий болгоход манай зохиолчид, эрдэмтэд оройлон ажиллах хэрэгтэй. Өнөөдөр бүхий л асуудалд улс төрийн үүднээс хандаж, шинжлэх ухаан, оюуны тал нь орхигдож байна, нийгмийн оюун санааны хөгжилд сэхээтнүүд, эрдэмтдийн оролцоо үгүйлэгдэж байгааг Ерөнхийлөгч онцоллоо.
Цаашид зохиолчдын байгууллагын санаж сэдсэн ажлуудыг Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд дэмжин бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав зохиолчид XIII их хурлаа хийх гэж байгааг мэдээлээд ойрын үед төлөвлөж байгаа гол гол ажлаасаа товч танилцууллаа.
Зохиолчид Ерөнхийлөгч Н.Энхбаярын бичиг үсгийн соёл, нийгмийн оюун санааны хөгжил, гэгээрүүлэх үйлсийг тэргүүн зэрэгт тавьж байгаад талархаад хамтран ажиллах болно гэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ
/Оллоо.МН/