Төрийн сүлдний түүх
Цагаан сүлд нь цагаан адууны дэл сүүлээр манжилга /гөхөл/ хийсэн хялгасан туг юм. Энэ нь голдоо нэг том сүлд, түүнээ тойруулсан найман бага тугнаас бүрэлддэг тул есөн хөлт цагаан сүлд гэгджээ. Сүлдний орой дээр нь ган төмрөөр урлаж алтаар шарсан галтай гурван үзүүр сэрээтэй, түүнийг доорхи д үгрэг цар /таваг/ -ны нь наян нэгэн нүхнээс доош цагаан хялгасан ямааны нарийхан зүссэн арьсан илгээр бэхэлсэн байдаг. Гол сүлдийг тойруулсан найман дагалт сүлдийг элч сүлд гэнэ. Элч сүлдыг гол сүлдтэйгээ чагталан холбосон байдаг. Эртний монголын төрийн ёсонд есөн хөлт цагаан сүлдээ босгож хаанаа хаан ширээнд нь залдаг байв. Мөн нэгэн гол сүлдээ тойруулан найман хөлийг орлуулан найман цагаан дарцаг босгох буюу түүнээ товчлон найман хөл унжуулдаг ёс ч байв. Цагаан сүлдыг Ар, Өвөр монголын олон хошуунд тахиж байсан бөгөөд халхад Чингис болон Цагаадай хааны цагаан сүлд хадгалагдан үлдсэний зарим нь улсын төв музейн үзмэрт буй. Үүнээс Эрдэнэ-Зуу хийдийн орчим байсан Чингисийн цагаан сүлдний тухай сонирхуулбал Эрдэнэ-Зуугийн өмнө Баруун хүрээ гэж байжээ. Энэ хүрээнд жижгэвтэрхэн байшинд хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Түүнийг тусгай лам нар харж хамгаалсаар иржээ. Уул нутгийн дөрвөн зүгээс нь төмөр гинжээр дугтуйтай төмөр онгоноос аргамжсан байв. Хадаг яндар дээгүүр сэрээний гурван үзүүр цухуйж харагдана. Тэр нутагт нэг дун бүрээ байдаг байж. Түүнийг Чингисийн цэргийн бүрээ гэдэг. Лам нар нь ном уншиж тугаа тахидаг байсан. Мөн Цагаадайн цагаан сүлдийг Халхын Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөр хангай сумын нутаг Хан хөхий уулын өвөрт хадгалан их наадам хийж тахидаг байжээ. Тэнд тэрхүү цагаан сүлдийг хадгалдаг тусгай үе залгамжилсан тугчин хүмүүс Байв.
Ө.ЭРДЭНЭБУЛГАН (Оюуны орон зай)