Д.Ганхуяг Бусдаас бурууг хайхаас өмнө намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал

-Та саяхан арлын Япон орныг зориод иржээ. Ямар ажлаар яваад ирэв дээ?
-Өнгөрсөн долоо хоногт Японы Гифу хотод болсон Ази, Номхон далайн бүсийн парламентчуудын хуралд оролцоод ирлээ. Уг хуралд 20 гаруй улсын 58 төлөөлөгч оролцож Сэргээгдэх эрчим хүч ба хүн ам зүй сэдвээр хуралдсан. Энэ удаагийн хурлаар сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол, өнөөгийн дэлхийн улс орнуудын эрчим хүчний хангалтын байдал зэргээр илтгэл тавигдсан юм. Хурлаас энэ бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг идэвхжүүлэхийн төлөө тунхаглал болон улс төрийн мэдэгдэл гаргасны гол агуулга нь өнөөгийн эрчим хүч үйлдвэрлэлийн нүүрс, атомын үүсвэрийн эрчим хүч үйлдвэрлэлийн хэрэглээг багасгах нар салхи болон усны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудал байлаа. Энэ мэдэгдэлд хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй бүс нутагт сэргээгдэх эрчим хүчнийг үйлдвэрлэн ашиглахыг дэмжих чиглэлд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк. Япон улсын олон улсын хамтын ажиллагааны банк зэрэг байгууллагуудаас хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхийг уриалсан.

-Удахгүй АН-ын ҮЗХ-ны хурал болно. Энэ хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол?
-Сая Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Аливаа сонгуульд нэр дэвшигч болоод тухайн намын үйл ажиллагаа ба рейтинг нь холбогдох хучин зүйлүүдийн дотроос хамгийн нөлөөтэй хүчин зүйлд тооцогддог. Иймээс АН-ын удирдлага, лидерүүд, намын гишүүд маань дор дороо дүгнэлт хийж байгаа болов уу. 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэн, баахан сонгууль, хурал хангалттай хийлээ. Наадам хүртэл хэд хоног төрийн ажил тэр тусмаа УИХ-ын ажлыг хангалттай ачааллаар явуулаад, хэсэг завсарласны дараа сайн бэлтгээд найм, есдүгээр сард тухтай хийсэн нь дээр гэж бодож байна.
Хэлэлцэх асуудлын хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон дүгнэлт, өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал тулгамдсан асуудал, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн нэг хэсэг, нөгөө нь намын дүрэм, үзэл баримтлалыг шинэчлэх, Засгийн газраас 2008-2012 оны хооронд хэрэгжүүлэх дунд хугацааны мөрийн хөтөлбөрийн төслийг эдийн засгийн өсөлт зэрэгтэй уялдуулан улс орон даяар хэлэлцүүлж эхлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудал байвал зүгээр болов уу.
Дүрэмд намын дотоод ардчиллыг бэхжүүлж боловсронгуй болгох, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд гарах шиидвэрт улс төрийн албан тушаалтнуудаар дамжуулан оролцох олон талт бодлого тодорхойлох бүтэц, эдгээр бодлогыг оновчтой тодохойлоход шаардагдсан судалгааны нэгж, ард иргэд нийгэмтэй байнгын харилцааг бий болгох РК-ийн нэгжтэй байх, томилгоо болон сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах зэрэгтэй холбогдсон суурь журамтай болох зэрэг нэмэлтүүдийг оруулах шаардлагатай биз ээ. Мөн бас өөрчлөлтүүд байх нь мэдээж.
Үзэл баримтлалд ардчиллыг хэвшүүлэх хөгжүүлэх, цаашид үндэсний хэмжээнд хуулийн хүрээний өрсөлдөөн ба хамтын бүтээлч үйл ажиллагааг дэмжих, намын гишүүдийн баримтлах улс орон, нам, хувь хүний эрх ашгийн чухалч-лалтай холбогдсон шинэ үзэл санаануудыг дэвшүүлж тавих нь зөв болов уу.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш АН-ын дотоод зөрчил хурцдаж байх шиг. Зарим нөхөд нь намаа аврах хөдөлгөөн гэгчийг байгуулж, одоогийн удирдлагыг буруутгаж байгаа?
-АН бол нээлттэй нам. Гэхдээ энд бодолцох зүйл бий. Нам бол олон нийтийн багаар ажилладаг байгууллага, бодлогын шийдвэрээр цөөнхөө сонсож, олонхийн саналаар гаргадаг энэ бол ардчиллын зарчим. Гэтэл шийдвэрийг гаргахдаа сайн хэлэлцэхгүй байгаа тохиолдол ч бий. Өнөөгийн дүрэм, бүтэц зохион байгуулалтаас шалтгаалж буй зүйл ч байгаа л байх. Эндээс, хэлэлцэж шийдвэрлэсэн ч цөөнх болсон нь олонхио хүндэтгэхгүйгээр барахгүй тэрнээс болсон гэж олон нийтэд хандаң улс төр хийх явдал их гарч байна. Манай нам Монгол Улсыг ардчиллын замаар хөгжих, ардчилсан төрийн тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ бидэнд алдаж байгаа зүйл байгаа байх аа. Хэрэв алдаа байгаад засахгүй, энэ нь угшрах юм бол намд ч хохиролтой, манай улсын ардчилал болон хөгжилд ч муу нөлөөтэй гэдэг нь тодорхой юм. Нам зорилтоо зөв арга барилаар, зөв тодорхойлж түүнийгээ чанартай хэрэгжүүлэхийн төлөө багийн бүх гишүүдийн хүч нөөцийг бүрэн ашиглах менежментийг явуулах шаардлагатай. Энд нэг гол зүйл бусдыгаа хүндэтгэж өөрөөсөө бурууг хайж эв нэгдэлтэй байж зорилгодоо хүрдэг гэдэг үндсэн зарчимтай хүмүүс санал нийлэх байх. Өнөөдөр Ардчилсан Намаас манай ард түмэн өшөө илүүг, ардчиллыг хэвшүүлэн хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргаагаа сайжруулах зэрэг төрийн бодлогыг эрч хүчтэй явуулж хэрэгжүүлэхийг хүсч байгаа нь тодорхой. Тиймээс бид үзэл баримтлалаа шинэчлэх, дараагийн мөрийн хөтөлбөрийн төслөө хэлэлцүүлж эхлэх саналыг дээр дурьдсан. Ер нь ард түмэн өмнөхөөсөө суралцан, ирээдүйдээ хариуцлагатай, хуулийг дээдлэн өрсөлдөн хөгжих, бүтээлчээр хамтарч ажиллах бодлого явуулахыг бүх улс төрийн хүчнээс хүсч байгаа нь тодорхой. Аль ч намын улстөрчид аливаа асуудлыг тэр тусмаа төрийн хэргийг засч сайжруулах үүднээс шүүмжлэх, шүүмжлэлтэй хандах нь ч зөв, байх ч шаардлагатай тул үүнийг ихэнх хүмүүс хүлээж авдаг. Гэхдээ шүүмжлэх гэж шүүмжлэх өөрөөр хэлбэл, дулимаг ойлголт, буруу мэдээлэл, сөрөг байр суурь зорилтын улмаас бусдыг байнга шүүмжлэх, доромжлох, гутаах байдлаар улс төр хийн, нийгмийн сэтгэхүйд нөлөөлөн нэр хүндээ өсгөдөг, өсгөхийг байнга оролдох нь увайгүй үйл ажиллагаа юм. Энэ нь нийгэмд хортойгоос гадна, хоорондоо дайсагналцахад хүргэнэ. Иймэрхүү үйл ажиллагаа үеэ өнгөрөөж байна. Багийн зорилт хэрэгжихгүй, үйл ажиллагаа явахгүй байвал бүх гишүүд бусдад бурууг өгөхөөсөө өмнө өөрсдөөсөө бурууг хайх, хууль дүрмийн дагуу аль болох бүх гишүүд оролцон илэн далангүй тэвчээртэй ярилцан шийдвэрлэдэг зарчмыг баримталж ажиллах нь зүйд нийцнэ. Ингэж чадахгүй бол бидний ярьдаг тамын тогооны үлгэр л үргэлжилсээр байх болов уу. Мөн намын бодлогын хүрээний асуудлуудыг шийдэхдээ лидерүүд ч юм уу хэдхэн хүний хүрээнд хуй-валдааны маягаар шийдвэрлэх арга барилаас аль бо-лохоор татгалзах шаардлагатай. АН бол ард түмний нам, тиймээс намаа аврах гэдгийг өнөөгийн байдлаар ойлгоход хэцүү. Улс төрийн намын том зорилт бол засгийн эрх барих, түүнд оролцож улс орноо оновчтой бодлогоор хөгжүүлэх асуудал гэж бодож байна.
Өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор аливаа асуудлыг улстөржүүлснээ улс төр хийж байна гэж ойлгох хандлага байгааг үгүйсгэхгүй. Асуудлыг шийдэхийн тулд олны саналыг сонсч, сайтар боловсруулсан шийдвэрийн төслөө олон дахин хэлэлцүүлж, хуульд нийцсэн шийдвэр гаргах процессийг ардчилсан улс төр хийх гэдэг бололтой. Эцэст нь хэлэхэд, бусдаас бурууг хайхаасаа өмнө намынхаа үйл ажиллагаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

-УИХ дахь ганц бүлэг буюу 62-ын бүлгээс хуучин экс эвслийн зарим гишүүн гарах тухай яриа байна. Үнэхээр энэ бүлэг тарах болов уу? Мөн тухайн үед 62-ын бүлэгт нэгдээгүй АН-ын гишүүд бүлэг байгуулах гэж байгаа талаар яригдах болсон?
-Ард түмний сонголтоор УИХ-д олонхи байхгүй тохиолдолд Их эвслийн Засгийн газрыг байгуулж, их хугацаа заран мөрийн хөтөлбөрийг баталсныг хүмүүс илхэнээ санаж байгаа байх. Гэтэл эвсэл тарсан, тиймээс мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэмд тулгамдсан асуудлуудыг хугацаа алдалгүй шийдвэрлүүлэх үүднээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зорилгоор өнөөгийн УИХ-ын тухай болон бусад холбогдох хуульд захирагдан, намынхаа ҮЗХ-ны шийдвэрээр бид нэгдсэн нэг бүлэг байгуулж ажиллаж байгаа. Энэ шийдвэрээс Монгол улс, ард түмэн хожсон, цаашид ч гэсэн адилхан гэж бодож байна. Учир нь дээр ч тайлбарласан сүүлийн 15 жил аль нэг улс төрийн хүчин Засгийн эрхийг барьж байх үед шийдэж чадаагүй байсан эрх зүйн орчны болон нийгэмд тулгамдсан зарим асуудлуудыг шийдэх боломж бүрдсэн. Харин цаашдаа ардчилсан парламентын засаглалтай орны парламент нь ардчиллыг хэвшүүлэх хөгжүүлэх, төрийг нээлттэй, хяналттай байлгахад гол үүргийг гүйцэтгэдэг төрийн эрх барих дээд байгууллага тул парламентыг өөрийг нь хамгийн их ардчилалтай байлгах үүднээс УИХ-ын тухай болон холбогдох зарим хуульд дараахь чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзэж байна.

-Таны хувьд УИХ-ын үйл ажиллагааг яаж улам боловсронгуй болгох вэ?
-Сонгуулийн өмнө эвсэл байгуулж болох тухай заалт байгаа. Харин сонгуулийн дараа намууд эвсэж болох эсэхтэй холбоотой хоригло-сон болон зөвшөөрсөн заалт байхгүй байгаа. Ихэнх оронд энэ үйл ажиллагааг зөвшөөрсөн байдаг тул үүнийг хуульчлах.
УИХ-д бүлзг байгуулахтай холбогдуулж сонгуульд орсон субьектээрээ, наймаас дээш гишүүнтэй, бүлэг болгоноос УИХ-ын дэд даргыг сонгох, Их эвслийн Засгийн газар байгуулахаар шийдвэрлэсэн УИХ-д хамгийн олон, ойролцоо суудалтай намууд нэгдэж нэг бүлэг байгуулах тохиолдолд заавал аль нэг намынх нь нэрээр уг нэгдсэн бүлгийн нэрийг нэрлэх нь хэр зохимжтой эсэх зэрэгтэй холбогдсон хуулиудын заалтыг сайтар судалж өөрчлөх.
УИХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрч хүчтэй, ил тод байлгах, УИХ-д нөлөө бүхий суудалтай нам, намуудын төлөөллийн улс орноо хөгжүүлэх төрийн бодлогыг ард түмэнд шууд хүргэх зэрэг зорилтын үүднээс УИХ-д олонхи болсон намын дарга буюу Ерөнхий сайдтай, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга буюу намын даргыг төрийн бодлогын том асуудал, нийгэмд тулгамдсан зарим асуудал, УИХ-аар хэлэлцэгдэж буй зарим хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлаар долоо хоног бүр УИХ-ын гишүүдээс шууд асуулт тавиулж мэтгэлцүүлдэг бусад олон орны парламентед нэвтэрсэн Prime minister’s answer (Ерөнхий сайдын хариулт) гэсэн үйл ажиллагааг хуульчлан нэвтрүүлэх.
УИХ-ын гишүүнд иргэдээс хууль зөрчсөн болон иргэдийн хуулиар хамгаа-лагдсан эрх ашиг зөрчигдөж буй асуудлаар хүсэлт ирдэг. Үүний дагуу төр, засгийн уг ажлыг хариуцсан байгууллагад хандахад албан ёсоор хариу өгдөггүй, иймээс эдгээр асуудал шийдэгддэггүй байдал олонтаа гарах хандлага байна. Үүнтэй хэрхэн хариуцлага тооцох боломжтойг судлан эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг олон асуудал бий.
Эдгээр асуудлаар холбогдох хуулиудад яаралтай өөрчлөлт оруулан заавал дараагийн УИХ-аас эхэлж мөрдөнө гэлгүй хугацаа алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь Монгол улсын эрх ашигт нийцнэ гэж бодож байна.

-АН-ын дэд дарга Р.Амаржаргал албан тушаалаасаа татгалзаж байгаа, ҮЗХ-ны арван хэдэн хүн ч гарч байгаа гэх мэдээлэл тараад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Албан ёсоор тиим шийдвэр гаргасан гэдгийг мэдээгүй байна. Нөгөө талаас өөрөөс нь энэ тухай сонсоогүй.

М.БААТАР
(өдрийн сонин 2005.6.29 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button