Төрийн өмчийн хорооны ажил бол аквариумд байгаа загас шиг байх ёстой.
түмний хэргийг бүтээх гэж завгүй яваа бололтой. Тэрээр хавтас дүүрэн тойргын гишүүдийн өргөдөл, гомдол хүсэлтэн дунд сууж тойргынхоо хүн ардын төлөө сэтгэл чармайн суугаа нь харагдана. Одоо болтол сонгуулийн дүн шийдэгдэлгүй бүтэн нэг жилийг ардаа хийж, Монголын төр нэгэн тойргын төлөөлөлгүй, УИХ нь нэг гишүүнгүй хуралдсаар байх энэ цаг үед түүнтэй уулзаж ажил төрөл, сонгуулийн хэргийн талаар дэлгэн ярилцсан юм.
-УИХ-ын сонгууль болоод бүтэн жил өнгөрлөө. Тойргийн асуудал сонгуулийн үеэс эхлээд л яригдсан одоо юу болж байна даа.
-Энэ тухай монголын сонингууд хангалттай мэдээлэл хийсэн харин гадаадад суугаа монголчуудад тэр хэмжээний мэдээлэл хүрээгүй байх л даа. Өдрийн сонин дээр бичсэнчлэн Албан тушаалтанууд нь ажилд нь оруулахгүй байсан-аар бүтэн нэг жил өнгөрлөө. Одоогоос жилийн өмнө буюу 2004 оны 06-р сарын 27-ны сонгуулийн өдөр таруу бутархай байгаа хөдөөний олон сонгогчдын саналыг хайрцгаар авсан. Хөдөөний айлууд нь хоорондоо маш их зайтай. Хамгийн холдоо 100-200 км хүртэл байдаг. Тэр болгон айлуудаас саналыг нь авдаг учраас манай тойрогт гурван чиглэлд нэг машин, хоёр мотоцикль гарсан байгаа юм. Тэр улсууд маань 22 цагаас хойш 10 хүний санал авсан гэж ярьдаг. Хуулиндаа 22 цагаас хойш санал авч болохгүй гэж заасан байдаг. Харин явуулын хайрцаг 22 цагаас хойш буцаж ирж болно гэж байгаа. 22 цагаас хойш 10 хүний санал авсан нийт 16 мянган сонгогчийн саналыг хүчингүй болгох үндэс болох уу үгүй юу гэж хуулиа уншихаар болдоггүй юм байна л даа. Ялсан саналын дүн энэ зөрчилөөс их байвал дахин санал хураалт явуулдаггүй. Тийм учраас хуулиндаа маш тодорхой бичиж өгсөн. Зөрчилтөй саналын тоо нь нэр дэвшигчийн байрыг солихоор байх юм бол дахин санал хураалт явуулна гэж байгаа юм. Би болохоор 10 гэдэг тоо бол 52 гэдэг тооноос бага юм гэж шүүх дээр нотолдог юм. Миний нөгөө тал бол 10 бол 52-оос их юм гэж нотлохыг оролдож байна. Ийм байдлаар бүтэн жил шүүхээр явж байна. Сонгуулийн хуулийн дагуу би уг нь ялчихсан. Ялсан хүнийг бүх шатны шүүх ялсан байна, зөв байна, 10-ын тоо 52-оос бага юм байна гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм.
-Төрийн хэрэг явдагаараа яваад л байх шиг байна. Гэтэл бүхэл бүтэн нэг тойрог төрд төлөөлөлгүй яваад байдаг. Энэ ингэж болдог юм уу. Манайх шиг ийм улс орон байдаг юм уу?
-Анх удаа ийм тохиолдол гарч байна. Дэлхийн улс орнуудад энэ талаар ямар байдгыг хэрэг болгож судалгаа хийж үзээгүй. Гэхдээ ийм тохиолдол хаана ч байхгүй юм шиг байна. Дороо шийдээд өгдөг. Түүнээс гадна улс төрийн соёл гэж юм байгаа. Ялагдсанаа хүлээн зөвшөөрдөг тахимаа өгдөг соёлд МАХН суралцахгүй бол болохоо байчихжээ. Ингээд заргалдаад яваад байж болно л доо. Гэхдээ хуулиас гадуур ялагдлаа хүлээн зөвшөөрөх чадвар, улс төрийн соёл гэж байх ёстой. Манай нам 2000 оны сонгуульд 15, 30 хүний саналаар ялагдаж л байсан шүү дээ. Хархоринд Батхүү, Сэлэнгэд Бат-Yүл гээд цөөхөн саналаар ялагдсан. Гэвч тэд гоншигнож яваагүй шүү дээ. АН бол улс төрийн соёлтой ялагдаж үзсэн, ялж үзсэн аль алийг нь хийж чадах хүмүүс. Харин Хувьсгалт Нам бол ялагдаж сураагүй, ялагдлаа хүлээн зөвшөөрөх чадваргүй, бүтэн жил гоншигноод шүүхээр явчихдаг.
-Хуулиар шийдэж болох ч хуулийн шийдвэр гартал хүлээгээд байх уу. Энэ маягаар бол дараагийн сонгууль хүртэл яваад байж болох янзтай юм биш үү.
-Тэгэж л таараад байгаа юм. Уг нь хуулиар биш улс төрийн соёлоор шийдмээр байгаа юм.
-Хуулийн шийдвэр анхан шатнаасаа эхлээд л бүх шатандаа таны талд гарсан шүү дээ. Гэтэл яагаад ингээд удаашраад шийдэгдэхгүй байгаа юм бэ?
-МАХН өргөдөл өгдөг учраас л ундаашраад байгаа юм. Бүтэн жилийн турш хуулийн байгууллагаар явлаа.
-Одоо дээд шүүхийн даргын гарт бүх эрх мэдэл байна уу?
-Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу дээд шүүхийн дарга бүх шүүхчдийн хурлийг хийлгэх эсвэл хийлгэхгүй байх асуудлаар шийдвэр гаргана. Гомдол нь үндэслэлгүй хурал хийх шаардлагагүй гэж үзвэл шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой. Харин хурал хийнэ гэвэл хүлээх л болох байх даа.
-Дээд шүүхийн дарга солигдлоо. Солигдохоосоо өмнө шийдэх эрх эрх байгаа биз дээ. Эсвэл дараагийн хүнд асуудал шилжих юм болов уу?
-Шийдэх эрх нь байгаа.
-За яахав дээгүүр ингээд маргалдаад шүүхдээд яваад байдаг юм байж. Гэтэл цаана чинь бүхэл бүтэн тойргийн хүмүүсийн хувь заяа орхигдож байна. Тэдний төлөөлөл төрд байхгүй байна шүү дээ.
-16 мянган сонгогч буюу хүн амаараа бодох юм бол 35 мянган хүн байгаа. 35 мянган хүний эрх ашиг монгол улсын хууль тогтоох байгууллагад тусахгүй байна. Санал бодол нь хуулийн төсөлд хүрэхгүй, улсын төсвөөс хуваарилдаг мөнгөнд асуудлаа оруулж чадахгүй байна. Тухайлбал 950 хүүхдийн сургууль барих асуудал. Намайг тус тойрогт нэр дэвшээд очиход сургуулийн байр барихгүй бол болохоо байлаа. Арвайхээр сумын хүн ам төлөвлөснөөсөө хэд дахин өсчихлөө. Сумдын хүүхдүүдийн эцэг эхчүүд аймгийнхаа төвд хүүхдээ өгөх хүсэлтэй байна. Гэтэл сургуулийн барилга хүрэлцэхгүй. Намайг бага байхад нэг анги лав дээд тал нь А-Е гэдэг анги байсан байх. Харин Өвөрхангайд худлаа ярьсан хүнд А-Я хүртэл анги байна. Ямар ч байсан цагаан толгойн үсгийн талаас илүү хэтрээд явчихсан байна. Өдөрт дөрвөн ээлжээр хичээллэдэг. Хүн үнэмшимгүй. Мэдээж нэг ангид 50 хүүхэд суухаар норм хэтрээд, багшийн ачаалал, сургалтын чанар, сурах орчин гээд хамаг юм зөрчигдөөд байгаа биз. Ийм учраас сургууль барьж өгөх хүсэлтийг гаргасан. Одоо ч бас гаргаж байгаа. Хэрэв би 10 сард орчихсон бол өнгөрсөн оны төсөл хэлэлцэх үеэр зүтгүүлж байгаад сургуулийн барилгыг шийдэж болох байсан л даа. Гэх мэтээр манай тойргийн эрх ашиг хохироод байгаа юм. Энхболд УИХ-ын гишүүн дарга болох гээд байгаадаа гол нь биш 35 мянган хүн амтай нэг тойрог төлөөлөлгүй бүтэн жил явчихлаа шүү дээ. Одоо дараа жилийн төсөв хэлэлцлээ. Гэтэл дараа жил орох эсэх нь тодорхойгүй байна.
-Сонгогчид бол таныг хүлээн зөвшөөрч байгаа юу? Таныг албан ёсоор УИХ-ын гишүүн болоогүй ч гэсэн тойрогтоо гишүүний дайтай их юм хийж байгаа гэж сонссон. Энэ хугацаанд юу амжуулав?
-Манай сонгогчид бид сонгодогоо сонгочихсон. УИХ-ынхаа танхимд орж суух эсэх нь сонин биш. Одоо амласан юм аа хий гэдэг шаардлага, хүсэлт гаргадаг. Түүнийг нь хүлээн авч, боломжтой бол ганц хоёрыг нь хийж байгаа л даа. Би чамд ирсэн бичиг, хариултаа харуулж болно. Надад улсын их хурлын гишүүн гэсэн планк байдаггүй.
/Тэрээр оюутан хүүхдийг сургалтын зээлд хамрагдахад тойргынхоо УИХ-ын гишүүнээс тодорхойлолт авчир гэдэг юм байна. Тэд над дээр хүсэлтээ бичээд ирдэг юм гэсээр нэлээн хэдэн хавтас бичиг баримтууд харуусан бөгөөд бланкгүй хоосон цаасан дээр 24-р тойрогт нэр дэвшигч З.Энхболд гэж бичсэн албан бичиг, хүсэлтүүд байх юм.
Манай тойргын малчны хүүхдэд төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгоно уу, шагналын асуудал, шүүхийн бичиг, тэр бүү хэл хажуу тойргынхон хүртэл тулгарч буй асуудалаар хандсан байх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Ус цаг уур орчны шинжилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах… бичиг баримтууд гээд дандаа албан бланкгүй бичгүүд харагдаж байлаа/
-Уянга сумынхан манай тойрог биш шүү дээ. Гэтэл Уянга сумынхан Мобикомтой болъё гэсэн хүсэлт ирүүлсэн. Би бас Мобикомд хүсэлт тавьчихаад байгаа. Уянга сумын нутагт ажиллаж байгаа 10 мянган нинжа байгаа. Тэдний 5 мянга нь манай тойргийнх.
Сая би сонгогчидтойгоо очиж уулзсан. Yүний дагуу аймгийн даргад бас хүсэлтийг нь уламжилж өгсөн. Гар аргаар ашигт малтмал гаргадаг нинжануудын хууль байхгүй. Yүнийг хуулийн төслөөс аваад хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлэгт 923 хүн хамрагдсан. Уянга сумын засаг дарга хэлэлцүүлэгийн явцад гарсан саналуудыг гаргаад бүлэглээд явуулсан байгаа. Тэгэхээр нь би С.Батболд сайдад танай дээр явж байгаа хуулийн төсөл одоо яг газар дээр нь байгаа хүмүүсийн амьдралыг шийдэх гэж байгаа хууль шүү дээ. Би энэ хүмүүсийг саналыг нь авч байгаа гэж хэлсэн. Манай УИХ-ын практикт ийм юм байхгүй. Жинхэнэ хууль хэрэгжих гэж байгаа обекть дээр нь очиж санал авдаггүй. Би ахиад саналыг нь аваад явуулчихсан.
-Гадуур ийм яриа байдаг. Маргаантай хоёр тойрог дээр хоёр хүчин тохиролцчихсон. 59-р тойрогоо Гүррагчаад өгчихсөн. Энэ тойрог нь Энхболдод өгөх нь дамжиггүй боллоо гэсэн яриа байдаг?
-Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Идэвхтэний яриа өнгөрсөн оны 8, 9 сарын сонингууд дээр байгаа л даа. Нэгийг нь манайх авчих нэгийг нь танайх авчих гээд. Тэрүүгээр явсан бол би одоо бараг болчихоор байгаа юм л даа. /инээгээд/ 24-р тойргийн хувьд үнэхээр болоош дээ гэдэг л болоод байгаа юм л даа. Бүтэн жил явлаа болоо ш дээ. Одоо дэндэнэ биз дээ.
-Монголын төрд бас их сонин юм бий болчихлоо. Тойрог төлөөлөлгүй байж болдог юм байна гэдэг жишээ бий болчихож байгаа юм биш үү. Тэгэхээр манай нийгэмд шударга төр, хараат бус шүүх гэж байна уу үгүй гэдэг дээр хүмүүс эргэлзэж эхлэж байна. Хамгийн бодитой жишээ энэ тойргийн асуудал боллоо?
-Би шүүхэд буруу өгөхөөсөө илүү улс төрийн хүчнүүдэд ялж чаддаг шигээ ялагдаж сураач ээ гэж уриалаад байгаа юм л даа. Хувьсгалт нам Ардчилсан намаас жишээ аваачээ. Тахимаа өгч сурах хэрэгтэй. Ялагдсан л бол ялагдсан байхгүй юу. Шүүхийн асуудал гэхээсээ илүү цэвэр улс төрийн асуудал юм.
-Та төрийн өмчийн хорооны ажлыг аваад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Төрийн өмчийн хорооны ажил хэр явагдаж байна.
-Хэвийн явагдаж байгаа. Явах ёстой замаараа л явж байна. Ажлаа хийж чадахгүй хүмүүс нь халагдаж солигдож байгаа. Чаддаггууд нь үргэлжлүүлээд ажиллаж байгаа.
-Та энэ ажилд томилогдсоноос хойш 10 гаруй компаний захирлуудыг солилоо. Тэрийг бас улс төржүүлээд, намын байр сууринаас хандаад байна гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Хөдөөнийхтэй нийлээд 26 хүн байгаа. Угаасаа захирлуудын томилгоо дөрвөн жилтэй байдаг юм. Хугацаа нь дуусч байгаа хүн бий, өөрөө өргөдлөө өгөөд гарсан ч хүн байна. Хугацаа нь дуусаад манай хорооны зүгээс дахиж томилогдсон хүн ч байна. Алдаа дутагдал гаргаад цагдаагаар шалгаж байгаа ч хүн байна. Янз бүрийн шалтгаантай л даа. Хэрэв 26 хүн халаад оронд нь АН-ын 26 хүн тавьчихсан бол тэгэж хэлж болно л доо. Гэтэл дийлэнх нь хувьсгалт намын гишүүд байгаа. Шинээр тавигдаж байгаа хүмүүсийн хувьд намын харъяалал гэхээсээ илүү ажил хийх чадварыг нь харж байгаа юм. Ярьж байгаа яриа болгон цаанаа нотлох баримттай байх ёстой. Бүгдийг нь өөрийнхөө намын хүнээр тавилаа л гэж байна. Яг үнэн хэрэгтээ тийм юм байхгүй.
-Саяхан таны Засгийн газарт хийсэн нууц гэсэн тодотголтой мэдээлэл гарсан. Түүнийг яагаад нууцаар хийх ёстой байсан юм бэ?
-Нууцлаад байх юм ч байгаагүй л дээ. Зөвшилцлийн засгийн газар байна сонин хэвлэл дээр гаргах хэрэг байна уу даа гэж яригдаж байсан. Би гаргаагүй. Тэр мэдээлэл бүх сайд нарын гар дээр хоёр долоо хоног болсон. Хэн нь ч гаргасан юм. Тэнд нуугаад байх ч юм байхгүй.
-Манай төрийн өмчит үйлдэрийн газрууд зах зээлийн нөхцөлд хэр нийцэж ажиллаж чадаж байна бэ?
-Ямар салбарт ажиллаж байгаа ямар компани вэ? Тэр компани өөрөө зах зээл дээр ямар эзлэх байр суурьтай байсан юм бэ? Дэлхийн зах зээлийн хандлага ямар байна гээд олон олон юмнаас хамаарч байгаа л даа. Тухайлбал ноос ноолуурын чиглэл дээр өнгөрсөн дөрвөн жил Говь их муу ажилласан.
-Монголросцветмент, Монгол шуудан компаний захиралын асуудал юу болсон бол?
-Монголросцветментын захиралын асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа. Монгол шуудангийн хувьд алдаа дутагдал гарсан учир бид арга хэмжээ авсан.
-ТӨХ одоо үүсээд байгаа төрийн өмчийн болон хувьчлалтай холбогдсон санхүүгийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, дүн шинжилгээ хийж шүүмжлэлтэй хандсанд хүмүүс нэлээд талархалтай байгаа л даа?
-Би түүнийг сурталчилж яваад байгаа юм байхгүй. Болж өгвөл энэ засгийн газрын онцлог юм даа. Алдаа дутагдалаа засаад яваад байх.
-Манай удирлагуудын хувьд нэг алдаатай зүйл байдаг. Улсийн өмч, хувийн өмч хоёроо ялгахаа байчихдаг юм шиг?
-Хүн 10 жилээс дээш болоод ирэхээр халаасаа ялгахаа больж байгаа юм гэдэг чинь энэ. Энэ миний халаас уу, улсын халаас уу гээд өмчөө ялгахаа байчихаж байгаа юм. Энэ миний компани уу улсын компани уу гэдгээ ялгаж харах чадваргүй болж байгаа. Ийм учраас энэ хэдэн компанын захиралууддаа хэлээд байгаа юм. Удахгүй шүү хурдан ажлаа хийгээд, үр дүнг нь харуулаад явна шүү. Тэгэхгүй 10 жилээр нь нэг местэн дээр байхаар улсын бизнес үү, хувийн бизнес үү гэдгээ ялгахаа болиод, мартамхай болчихоод байна.
-Компаний захирлууд нь нам эвсэл хүчний нөлөөнд хэт автаастай. Ард нь ямар нэг хүчин татаастай. Хэн нэгэний эвээл дор маягтай болчихсон байгааг та юу гэж үздэг вэ?
-Тийм юм өнгөрсөн дөрвөн жил явагдсан байна билээ. Нэг нам байсан учраас төрийн өмчийн хороо хуульд заасны дагуу эрхээ эдэлж, тэр хүмүүст шаардлага тавьж чадаагүй тохиолдол хэд хэд гарсан байна билээ. Яагаад гэвэл дээрээ татаастай, хаацаалж хамгаалдаг хүмүүстэй болчихсон. Гэхдээ би нэг зүйл хэлсэн. Та нар хуульд заагдсаны дагуу хариуцсан компаниа ашигтай ажиллуулж чадаж байна уу үгүй юу гэдэг нэг л шалгууртай. Түүнээс чи ямар даргын хамаатан, ямар даргын нам, ямар бүлэглэлд хамаардаг надад ёстой сонин биш. Хэний хүүхэд байх нь ч сонин биш. Ганцхан шалгуураар хэмжинэ. Тэр нь төрийн өмчийн хороотой байгуулсан 5, 6 хуудастай гэрээ. Түүнд дотор бүх зүйл байж байгаа. Жилийн өмнө тохирч байгаа юм. Чи энэ компанийг ийм ийм үр дүнд хүргэнэ. Чадаагүй бол ажлаа өг. Чадсан бол шагналаа ав гэдэг.
-Манайхан болохоор хэт хувийн эрх ашиг сонирхолд баригдаж, улсын өмчөөс нэг обекть ч юм уу хэдэн төгрөг салгачих санаатай байгааг нуух аргагүй?
Төрийн өмчийн хороо байгууллагдсанаасаа хойш энэ байдлыг өөрчилсөн. Бид хуультай. Хуультай агентлаг бас тийм ч олон биш л дээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 1996 оноос өмнө ямар хөгийн юм байсан гэж бодож байна.
-Тэгэхээр төрийн өмчийн хорооны үүрэг юу юм бэ?
-Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх эрх бүхий засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага гэж хуулиндаа тодорхой заасан байгаа. Төрийн өмчийн хороо байгуулагдахаас өмнө үнэхээр замбараагүй байсан. Яам болгон өөрийн гэсэн компанитай тэр компанид нэгдсэн удирдлага гэж байдаггүй. Нэгдсэн стандарт байдаггүй. Хаана ямар өмч байгаа нь мэдэгддэггүй. Хариуцлага тооцож чаддаггүй. 1996 оны 8-р сарын 01 нд байгуулагдаад бүх зүйлийг хуулийн дагуу явуулдаг болсон. Энд хуулиудаас гадна манай хороотой холбоотой журмууд байгаа. Бид гаргасан бүх тогтоол шийдвэрээ жил бүр хэвлэж байгаа. Ийм олон асуудлаа хуультай журамтай болгосон агентлаг байхгүй. Яагаад гэвэл төрийн өмчийг ингэж авч явахгүй бол болохгүй. Манай энд суудаг мэргэжилтэн бүр дур зөргөөрөө шийдээд байвал, хохирох хохирол нь маш их аюултай учир нэг талаар бид хүмүүсээ хэрэгт орж шоронд суухаас хамгаалж байгаа юм. Бүх юм нь ил тод байх ёстой. Төрийн өмчийн хорооны ажил бол аквариурмд байгаа загас шиг байх ёстой гэж би хэлж байгаа юм. Тэгэж байж та нар хүний хардлага сэрдлэгэнд өртөхгүй. Хэрэгт орохгүй. Дураараа юм шийдэж болохгүй. Бүгдийг нь номын дагуу шийдэж, зөвхөн хууль, журмандаа захирагдаж байгаа. Тэгж байж өнөөдрийг хүртэл нэр хүндтэй гайгүй яваа болов уу.
-Төрийн өмчийн үйлдвэрийн газарт гарч байгаа дутагдал юу байна гэ та хэлэх вэ?
-Төрийн компанийн ажил нураад байдаг. Хувийн компанийн ажил нь их сайн яваад байдаг. Ийм л нийтлэг юм байгаа. Болж өгвөл бүгдийг нь тендер зарлаад хувьчилчихмаар байгаа юм. Төрийн гүйцэтгэх үүрэгийн талаар хувьд янз янзийн үзэл бодол байдаг л байх л даа. Гэхдээ төр бизнес хийгээд мөнгөө алдаад байж болохгүй л байгаа. Төрийн үүрэг бол бизнес хийх биш. Цэрэг цагдаа, гадаад харилцаа, нийгмийн хамгааллынхаа тодорхой хэсгийн төр үүрч, бие даан амьдарч чадахгүй хүүхэд хөгшид, тахир дутуу хүмүүсээ л тусалж дэмжих ёстой. Бусад ажил хийж чадах хүмүүс нь бие дааж амьдрах хэрэгтэй. Түүнээс төр өөрөө бизнес хийгээд ноолуур худалдаж аваад, цамц үйлдвэрлээд байх нь зохимжгүй юм л даа. Ноолуураараа цамц хийгээд гадаад зах зээл дээр борлуулах боломжийг төр олгож өгнө үү гэхээс өөрөө хутгалдах нь туйлын буруу. Түүнээс хүлээх алдагдлыг дотоодын татвар төлөгчдын мөнгөөр харж байгаа. Тэр нь зарчимын хувьд буруу. Төр бизнес хийгээд алдана. Ер нь алддаггүй бизнесмен гэж байхгүй. Азтай цөөн хэд нь алдахгүй явж байгаа байх. Ийм эрсдэлтэй бизнес рүү давхиж орж болохгүй л юм байгаа. Тэр ч утгаараа хувьчлал гэдэг юмыг хийгээд байдаг юм. Төрд 10000 төгрөг өгөх зорилго л байгаа болохоос биш, ноолууран цамц хийгээд түүнийгээ зарагдах нь уу үгүй гэж дэлхийн зах зээл дээр гаргаж байх зорилго байхгүй. Хамгийн тодорхой юм энэ. Бадамсүрэнг хар л даа. Авгайгийнх нь компани өөрийнх нь газар дээр байшин бариад цэцэглээд байдаг. Гэтэл нь жонш нь өөрийнхөө өртөгөөс доогуур зарагдаад байдаг. Доогуур худалдаж авсан Автрийн нэг компани авгайд нь зээл өгөөд хандив өгөөд байшин бариулаад байдаг. Ийм л юмтай тэмцээд байгаа шүү дээ. Түүнээс зөв зүгээр ажлаа хийж байсан сайн хүнийг цагдаа аваачаад шалгахгүй шүү дээ. Гэх мэт. Барилга Угсралтын Компаныг та нар өчнөөн сонссон байх. Нэг тэр бум гаруй төгрөгийг зүгээр л бэлэглэчихсэн. Түүнээс цааш яриад байвал зөндөө юм байгаа.
-Улс төр лүү эргээд ороход зөвшилцөлийг та юу гэж үзэж байна. УИХ дах нэг талын субекть нь үндсэндээ байхгүй болчихлоо шүү дээ. Нэг намын бүлэглэл давамгайлах боллоо. Yүнийг та юу гэж үзэж байгаа вэ?
-Зөвшилцөлийг сайндаа бид сонгосон юм биш. УИХ дахь суудлын харилцаа нь аль нэг нам нь дангаараа эвсэлгүйгээр засгийн газрыг байгуулах бололцоогүй сонголт хийсэнд оршиж байгаа шүү дээ. 3636 гээд сонгоод, гурван бие даагч дахиад нэг намтай. Ийм учраас улс төрийн хүчнүүд хэл амаа ололцож энэ улс төрийг удирдахгүй бол болохоо байчихсан. Яахав зөвшилцөлийн субекть нь эвсэл байсан. Эвсэл алга болчихсон учраас болохгүй гэж ярьдаг. Тэр өнгөн утгаар нь харах юм бол үнэн юм шиг байгаа юм. Эвслээ татан буулгаад хаячихсан. Гэтэл УИХ-д суудалтай улс төрийн намууд нь хэвээрээ байгаа. Хэлбэрийн төдий юмнаасаа илүү эвсэж ажиллах зорилго нь илүү чухал. Намуудыг хоорондоо хэрүүл хийгээд суугаад бай гэсэн биш улс орноо хөгжүүлж ядуурлыг бууруулж, ажил төрөлтөй болгож өг гэж сонгосон. Бүх намын зорилгууд нэг л байгаа шүү дээ. Тийм учраас хамтарч ажиллаад явахаас өөр арга байхгүй.
-Та их хуралд орлоо гэхэд аль талд нь хамтран ажиллах вэ? 62-ын бүлэглэлд нь орох уу?
-Их хуралд орох болох юм бол сонгогчдоосоо л очиж асууна даа. Би эрийн сайндаа гишүүн болчихоод байгаа юм биш. Тэр хүмүүсийн итгэл байгаа учраас би орох гээд байгаа юм. Тэр хүмүүс ямар чиглэл өгнө тэрийг л дагна даа.
-Ардчилалынхан бүлэг байгуулна гээд байгаа ер нь таныхаар энэ нэг бүлэглэлээр үйл ажиллагаагаа үргэлжилүүлсэн нь дээр үү, бүлэглэл байгуулсан нь дээр үү?
-Улс төрийн цаашдийн үйл явдал харуулна даа. Одоо 65 –р тойргийн нөхөн сонгууль гэх мэтийн олон олон асуудал хүлээгдэж байна.
-Та УИХ-ын гишүүн болчихвол ажлаа хүлээлгэж өгөх байх? Таны залгамжлагч хэн байх бол?
-Тэгнэ. Энэ бол хавсарч болдоггүй ажил. Түүнийг тухайн үед нь шийдэх байх даа. Би тийм хүн болгоё гэж хэлж чадахгүй.
-Төрийн өмчийн хорооны дарга гэхээр нэг их улсын хөрөнгөн дээр суудаг эрх мэдэлтэй хүн гэж ойлгодог. Ер нь тэгээд тэр их хөрөнгөн дээр суучихаад УИХ-ын гишүүн болох гэж юундаа зүтгэдэг юм бэ. Энэ алба нь илүү өгөөжтэй биш үү?
-Буруу ойлгож байна даа. Төрийн өмчийн хорооны ажилууд ихэнхдээ өрсөлдөөнт зарчимаар явагдаж байгаа. Өмч хувьчлалыг би дур мэдээд хүнд өгөх ямар ч бололцоогүй. Дуудлагийн худалдаа тендер гэх мэт хэлбэрээр явагддаг учир энд нэг дарга ганцаараа мэдээд шийдэх асуудал бага байдаг. Дээр нь манайх орон тооны бус найман гишүүнтэй. Би зөвхөн хурал даргалагч. Долоо хоногтоо нэг цугларч хурал хийдэг. Тэгэхээр энэ хүмүүсийн яриа буруу ойлголтонд тулгуурлаж байгаа юм. 1996 оноос өмнө хууль байгаагүй учраас тийм байсан. Жишээ нь би найздаа дуудлагын худалдаагүйгээр өмч хуваарилаад юм уу зээлээр өгсөн байхад хэн ч юу ч хэлж чадахааргүй. Ийм эрх зүйн орчинтой байсан. 1996 оноос хойш бүгдийг нь цэгцлээд хаясан. Одоо зөвхөн энд бичигдсэн хуурь журмынхаа дагуу явахгүй бол болохгүй. Ийм нөхцөл байдал үүсгэсэн. Ийм байж байж, хүн үзэмжээрээ юм шийддэггүй. Журам стандарттай ажиллаж байж улс хөгжиж байна. бидэнд нууж хаагаад байх зүйлгүй. Бүх юм ил тод байхгүй юу. Тиймээс надад төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн байх ямар ч ялгаа байхгүй. Ялгаагүй л төрийн ажил хийж байна.
-За таньд цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг таньд нээлттэй үлдээвэл…?
-Энхболд гэдэг хүн дарга болох гээд гүйгээд байгаадаа гол нь биш. Би яаж ийгээд амьдраад явчихна. Заавал төрийн ажил хийгээд амьдрах ч шаардлага байхгүй. Сурсан мэдсэн танил талын хүрээгээрээ болоод л байна. Манай тойргийн 35 мянган иргэний асуудал улсын анхаарлын гадна хаягдчихаад байгаад л гол учир нь байгаа юм. Би гишүүн болох ч байж болно. Болохгүй ч байж болно. Энд байж болно, хаана ч байж болно. Миний хувийн асуудал тэр 35 мянган хүмүүсийн хохирч байгаа асуудалтай харьцуулах юм бол дэндүү жоохон юм л даа. Тийм учраас манай сонгогчид хотод ирж үйл ажиллаагаа явуулж байна. Хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Их Хурлын дэд дарга Лүндээжанцан гишүүнд шаардагуудаа өгж байна. 2700 хүний гарын үсэгтэй зузаан цаас цуглуулчихсан явна лээ. Энэ хүмүүс эрх ашигийнхаа төлөө тэмцэж байна. Би 6-р сарын 27-ныг сонгогчидын эрх ашгийг хамгаалах өдөр болгох хууль санаачлах бодолтой байгаа. Хэрэглэгчидын эрх ашгийг хамгаалах өдөр байдаг мөртлөө сонгогдын эрх ашгийг хамгаалах өдөр гэж байхгүй. Иймд энэ өдрийг жил бүр тэмдэглэж байя. Дахиад энэ 76 гишүүний хэн нэг нь бүтэн жил шүүхээр явахгүйн төлөө энэ өдөрт хүмүүсийн анхаарлыг хандуулж байх нь зүгээр юм шиг надад санагдаад байгаа юм. Yүнийг дэмжих УИХ-ын гишүүд олдох байх. Ямар амралтын өдөр болгъё гэж байгаа биш. Санаж байгаа нь аль нэг нам нь шүүхээр явахгүй байх баталгаа л юм даа. Аль нэг гэдэг нь цаашид сайн мэдэхгүй байна. Гэхдээ АН бол новширдоггүй, ялагдсан бол тахимаа өгөөд явдаг тийм улс төрийн соёлтой хүмүүс байдаг. МАХН нэг талаар сурах юм байгаа байхгүй юу.
-Баярлалаа
Ж.Алтантуяа
/Оллоо.МН/