Хуулийнхны толгой дээрх Багабандийн малгай солигдохгүй нь
зургаан жилийн хугацаатай томилдог. Эдүгээ дээрх албыг хашиж байгаа М.Алтанхуягийн бүрэн эрх энэ сарын 23-нд дуусчээ. Харин Ч.Ганбатынх ирэх есдүгээр сард дуусна. Тэдний өмнө Н.Ганбаяр, Д.Дэмбэрэлцэрэн нар уг албыг хашиж байв. Тухайн үед Н.Ганбаярын бүрэн эрхийг нь сунгах уу, чөлөөлөх үү гэдэг яриа сөхөгдөхөд П.Жасрай казиногийн асуудлыг сөхөхгүй байхыг ятгаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр сөхөхийг шаардсан юм гэдэг. Дээрх ятгалга, шаардлага хоёрыг ялгаж салгаж чадаагүй учир Н.Ганбаяр чөлөөлөгдөж, М.Алтанхуяг томилогдсон түүхтэй. Тэр үед М.Алтанхуяг хууль зүйн Цэц товчооны ажилтан, Ш.Отгонбилэгийн өмгөөлөгч байв.
Түүнийг Улсын ерөнхий прокуроор томилох болсон гол үзүүлэлт нь Ш.Отгонбилэгийн өмгөөлөгч байсан нь гэж олон нийт үздэг. Дээд шүүхийн дарга Д.Дэмбэрэлцэрэнгийн оронд УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж гишүүнээсээ чөлөөлөгдөн байж очихыг хүссэн ч тухайн үеийн УИХ түүнд тиим боломж олгоогүй. Тэр завсраар Ч.Ганбат од шүүрч томилогдсон гэлцдэг. Одоо тэдний бүрэн эрх дуусч байна. Тэгээд ч тэр үү, тэдний сууринд суух магадлалтай хүмүүсийн тухай яриа хэдийнэ энд тэнд дуулдах боллоо. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорт Говийн бүсийн хөгжлийн төлөө ТББ-ын тэргүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, ШШБЕГ-ын дарга Ж.Чойжанцан, Н.Ганбаяр (Улсын ерөнхий прокурор асан) нарын нэр явна. Тэднээс хамгийн хүчтэй яригдаж буй нь Н.Ганбаяр. Тэрбээр 1992 онд тухайн үед 4 хүчтэй дэгдэж байсан казиногийн хэргийн хүрээг хумьж чадаагүй ч тэлээгүй гавьяатай. Энэ нь түүнийг эргэж томилогдох болов уу гэсэн таамаглалыг нэмэгдүүлэх талтай. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч С.Батдэлгэр хамгийн магадлалтай нь. Өмнөх даргыг томилох үед ч түүний нэр бас дуулдаж байсан. Үүний зэрэгцээ М.Алтанхуяг, Ч.Ганбат нарын бүрэн эрхийг сунгах хувилбар давхар яригдаж байгаа аж. Мэдээжийн хэрэг тэдний бүрэн эрхийг зүв зүгээр сунгачихгүй. Ямар нэг болзол, нөхцөл тулгана. Тэр бол ойлгомжтой. Зах зухаасаа ийм сэжүүр цухалзах боллоо.
Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг Англи улсад явж байхад нь Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат түүнд хандан
-Хэрэв Худалдаа хөгжлийн банкны хувьчлал, казиногийн асуудал сөхөгдсөн тохиолдолд ямар ч өчиггүй нам дарж чадна гэдэг ам өгвөл албан тушаалд нь үлдээж бүрэн эрхийг нь сунгаж болох талаар ам нээсэн сурагтай. Харин Дээд шүүхийн дарга Д.Ганбатад одоо хүртэл ялалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа Зандаахүүгийн Энхболдыг заан тугалтал хүлээлгэж чадваас албан тушаалдаа үлдэж болох юм гэсэн мессеж хаясан бололтой. Энэ хүмүүс дээрх болзолуудыг хүлээн авч гурав дахь Ерөнхийлөгчид хоёргүй сэтгэлээсээ зүтгэн уг албан тушаалдаа үлдэх магадлал өндэр. Урьдах нь ул Удаах нь зул гэдгийн үлгэрээр хоёр дахь Ерөнхийлөгчийн томилсон Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нар гурав дахь Ерөнхийлөгчид үргэлжлүүлэн зүтгэхэд хүрэх нь. Ийм тохиолдолд хуулийнхны толгойд Н.Багабандийн өмсгөсөн малгай солигдохгүй нь гэж ойлгож болно оо. Гэхдээ Н.Энхбаярыг томилохгүй гэсэн хүнээ хошгоруулж нэрийг нь гаргаж гэрэл цохиулдаг. Харин яг тухайн албан тушаалд томилох хүнийхээ нэрийг гэнэт гаргаж ирдэг гэдэг. Иймд нэр дурдагдсан буюу уг албыг хашиж буй хүмүүс томилогдохгүй хийгээд үргэлжлүүлэн албаа хашихгүй байж болох.
Улсын ерөнхий прокурорт цагдаагаас хүн татаж томилох болов уу гэсэн өөр нэг хувилбар байна. Цагдаад түүний дотны нөхөд олон бий. Шанага Ганболд гээд л цаашаа явна.
Дээд шүүхийн хувьд Улсын прокурор дээр баримталж байгаа түүний байр суурь хадгалагдах болов уу
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-06-29 157)