С.Баярцогтоор хэн, яагаад оролдоод байна вэ
Сүүлийн үед хэвлэлээр экс эвслийн зарим гишүүн МАХН-д элсэх гэж байна. Тэднийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт манлайлж буй гэж шуугих болжээ. Мөн С.Баярцогтыг хуучин МАХН-ын гишүүн байсан. Одоо буцаад намдаа ирэх юм гэнэ гэсэн бор шувуу ч нисгэх болов. Энэ асуудлаар түүнээс болон зарим эх сурвалжаас тодруулахад цаанаас зориуд тарааж буй мессеж бололтой. Хэргийн гол эзэн С.Баярцогт хэн бэ гэдэг талаар мэдээлэл цуглууллаа. Тэрээр 1980-аад оны сүүлчээс эвлэл залуучуудын байгууллагад удирдах албан тушаал хашиж байжээ. Улсын нэгдсэн тусгай эмнэлгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1989-1990 онд ажиллаж байсан С.Баярцогт дараажил нь МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгчээр сонгогджээ. Тун удалгүй тэрбээр Ардын Их Хурлын депутат болж улмаар анхны байнгын парламент-Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон байна. Бага Хурлын гишүүнээр МАХН-ын авсан суудлаас сонгогдсон нь өдгөө тус намын гишүүн байсан гэх харын эхлэл тавигдсан аж. Тухайн үед МАХН Бага Хуралд авсан суудлаасаа хоёрыг нь залуучуудын байгууллага болох МХЗЭ-д өгчээ.
Эвлэлийнхээ итгэлийг өвөрлөсөн С.Баярцогт, Дарханы Балдан-Очир хоёр анхны Улсын Бага Хурлын гишүүн болсон аж. Үүнийг нь зарим хүн МАХН-аас сонгогдсон гишүүдтэй хольж сольдог бололтой юм. Бага Хурлын гишүүд дотор эвлэл, залуучуудын байгууллагын итгэлийг хүлээсэн залуус олон байж. Бага Хуралд Залуучууд ардчиллын төлөө нэртэй залуусын фракц байгуулагдсан бөгөөд 40 гишүүнтэй уг фракцийн тэргүүн нь С.Баярцогт байсан аж. Мөн 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Зарим нэг нь түүнийг МАХН-ын гишүүн байсан гэх харыг төрүүлсэн дараагийн шалтгаан нь 1996 оны УИХ-ын сонгуульд оролцсон үө нь гэдэг. Тэд уг сонгуульд Баярцогт МАХН-аас нэр дэвшиж чадаагүй болохоороо МСДН-д элсэж сонгуульд өрсөлдсөн гэж улайм цайм ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ С.Баярцогт энэ сонгуульд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн бөгөөд нам бус байсан аж. Харин МСДН-д сонгуулиас хойш буюу УИХ-ын гишүүн болсныхоо дараа наймдугаар сард элссэн байна. Сонгуулиас хойш бараг хоёр сарын дараа анх намын гишүүн болсон байхад түүнийг нам сольсон хэмээн ярих нь утгагүй. Ингэж ярих болсон нь ямар нэгэн байдлаар түүнийг буруутган улс төр хийх гэсэн үйлдэл байж таарна. Учир юу хэмээвээс С.Баярцогтоос хэзээ МАХН-ын гишүүн болохоор өргөдлөө гаргасан юм бэ гэж асуухад Би тойрогтоо ажиллаад өнөөдөр ирлээ. Найзаасаа намайг хоёр нөхрийн хамт МАХН-д элсэх гэж буй гэсэн мэдээлэл гарсныг дуулж сонинг нь харж сууна. Би хэзээ ч МАХН-ын гишүүн байгаагүй. Элсэх гэж бусдыг уриалж яваагүй. Яагаад намайг онцлоод байгааг ойлгохгүй байна. Ажлаа хийж яваа хүнийг ингэж хэлэх болсон шалтгаан нь хам-тарсан Засгийн газрыг огц-руулах гэсэн далд санаа байхыг үгүйсгэхгүй гэж байлаа.
С.Баярцогтыг онилж улс төр хийх нь хэнд ашигтай байх вэ? Мэдээж, түүний хэлсэнчлэн Засгийн газрыг огцруулахыг хүсэгчдэд. Яагаад хамтарсан Засгийн газраа огцруулахыг хүсэх болов. Үүний цаана цэвэр улс төр явж байгаа гэх. Уг нь хамтарсан Засгийн газраа тогтвортой ажиллуулахын тулд зөвшилцлийн нэг субъект болсон экс эвелийн зарим гишүүн МАХН-ын бүлэгт нэгдэн орсон. Хоёр том хүчин хамтарч төр, засгийн эрхийг барьж буй өнөө цагт өмнө нь шийдэж чадаагүй олон том асуудлыг цэгцэлж, нэг мөр болгосон. Олон жил дуншсан Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуулиа баталж, Сонгуулийн, татварын, 40 мянган айлын орон сууц хөтөлбөр гээд олон том асуудлыг шийдэхээр УИХ-д хуулийн төслүүдийг өргэн бариад байгаа. Аль нэг хүчин нь олонхи байхад ийм асуудлыг шийдэж чаддаггүй байсныг бид мэднэ. Өнөөдөр шийдвэрлэж чаддаггүй олон асуудал эв зүйгээ олсныг буруу гэх хүн гарахгүй болов уу.
Гэтэл хамтарсан Засгийн газар удахгүй огцорно гэх яриаг хэн түгээв? Ийм яриа түгээгчид УИХ-д илүү суудал бүхий МАХН-ынхан хамтарсан Засгийн газрыг удахгүй огцруулна. Бүр хэзээ мөдгүй УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн өмнө үү, дараа юу гэдгээ л тогтоогүй байгаа гэж цуурна. Ажлаа аятай таатай явуулж байсан хамтарсан Засгийн газар сүүлийн үед зарим нэг жижиг сажиг асуудлаар үг хэлээ ололцохоо больсон. Дамын үг дамшигтай гэдэг. Өмнөговь аймгийн Засаг даргыг сольсон асуудал ердөө л нэг намын хоёр хүний байрыг сэлгэсэн явдал байдаг. Өөрөөр хэлбэл, МАХН-ын С.Цэрэнбаяр гэгчийг ажилдаа хариуцлагагүй хандсан, авилга хээл хахуульд холбогдсон үндэслэлээр Засаг даргын ажлаас чөлөөлж МАХН-ын С.Сумъяаг Өмнөговийн Засаг даргаар томилсон юм. Үүнд МАХН-ынхан яагаад эмзэглэх болов гэдэг нь сонин. Уг нь чөлөөлөгдсөн, томилогдсон хоёул тус намын хүн байдаг. Хэрвээ МАХН-ын Засаг даргыг чөлөөлөөд өөрийн намын хүний тавьсан бол өөр хэрэг. Гэтэл энэ асуудалд ингэж эмзэглэж байгаа нь юутай холбоотой юм бол. Хариулт нь МАХН-ынхан хамтарсан Засгийн газраа унагаж, дахин шинэ Засгийн газрыг бусад хүчний аль нэгтэй хамтарч байгуулах сонирхол явж байгаатай холбон тайлбарлах мэргэн буучид ч байна. Нөгөөтэйгүүр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр саяхан Засгийн газар, зөвшилцлийн талаар АН-ын удирдлагатай нухацтай ярилцах цаг болсон гэсэн нь үүнийг нь батлах мэт. МАХН-ынхан өнөөдөр УИХ-д 36 суудалтай. Тэд нөхөн сонгуульд ялалт байгуулж, Өвөрхангайн 24 дүгээр тойргийг яаж ийгээд авахаар хүч тавьж байна. 24 дугээр тойргийн хувьд эцсийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн бүгд хурлаас гаргах учиртай. Гэхдээ бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ч.Ганбат өөрийн албан тушаалдаа үлдэхийн тулд Н.Энхбаяртай буюу МАХН-ынхантай гэрээ байгуулсан сураг дуулдана. Уг гэрээ нь маргаантай 24 дүгээр тойргийн асуудлыг МАХН-д ашигтайгаар шийдвэрлэж, хариуд нь УДШ-ийн ерөнхий шүүгчийн албан тушаалдаа үлдэх гэсэн тохироотой байж болзошгүй гэнэ. УИХ дахь суудлын тоогоо 38 хүргэж чадвал МАХН-ынхан Эх орон болон ИЗ-БНН-ын аль нэгтэй нь тохирч Засгийн эрхийг барих далд санаа агуулснаа С.Баярцогтоор оролдож өөрийн мэдлийн зарим хэвлэлээр хамтарсан Засгийн газар удахгүй огцорно гэсэн бор шувуу нисгэх байдлаар илчилж байгаа юм биш биз!?
М.БААТАР
(өдрийн сонин 2005-06-29 157)