Хууль бусаар мод огтлогчид нойтон нарс олныг унагажээ

Төр, засгийн өндөрлөгөөсөө эхлээд гадныхан энгийн иргэдээсээ эхлээд соёл урлагийн одод хүртэл гээд нийгмийн бараг бүх давхаргынхан зохион байгуулалтайгаар хүрз гишгэн энэ ажилд оролцсон. Энэ хорвоод хүн болж төрснийх заавал үрээ үлдээх, мод тарих ёстой гэсэн нэг үг бий. Зөвхөн энэхүү утгаараа ч төдийгүй угаасаа мод тарих нь буян хураасан үйл гэгддэг учир Засгийн газар, Байгаль орчны яамны санал санаачилга олонд ихэд дэмжигдсэн. Гэвч нэг хэсэг нь ингэж тарьж ургуулах засвар нөгөө хэсэг нь нойтон модыг олноор огтолж, бизнес хийсээр л… Тэгэхдээ бүр нийслэлийн ногоон бүс гэгддэг газраас тэр шүү.

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нэгэн иргэнээс Зулзаган, нойтон модыг маш ихээр хядаж, машин машинаар нь зөөж байна гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу манай сонины сурвалжлах хэсэг өчигдөр тус дүүргийн Толгойтын зүүн салаанд очлоо.

Зүүн салааны шинэ эцсээс цааш зургаа орчим километр явбал уулын аманд дахь зусландаа бууцгаасан айлууд угтав.
Өдгөө хүссэн нэг нь дуртай газраа л зуслангийн байшингаа босгодог болчихсон үе. Тэр л жишгээр энд олон байшин баригдаж буй аж.

Зарим нь бүр 30-40 орчим улиангар ургасан бэсрэгхэн ойг өөрийн эзэмшил болгон тойруулаад хашаа барьж, хажууд нь байшингаа босгож байгаа харагдана. Хэнийх ч гэнэ үү, нэг сувилал бол түүнээс ч хамаагүй олон шилмүүст модыг тойруулан хашаагаа хаттан хувьдаа авчээ.
Үүнийг үл егүүлэн хүмүүсийн зааж, газарчилж өгсөний дагуу уулын ам руу өгссөн автомашины замаар давхивал өөрөө хөтлөөд ой
руу оруулчихлаа. Үнэхээр л уг аман дахь ойд дөнгөж хэл тавимагц мод гээчийг ёстой л хядах шиг болсон нь харагдав. Хууль бусаар мод огтлогчид автомашины дугуй эргэх газар хүртэл явж нойтон, залуу нарсыг олноор нь огтолжээ. Байгаль орчны сайд Нэг нойтон мод огтолбол нэг сая төгрөгөөр торгоно гэж хатуу мэдэгдсэн. Түүний хэлснээр эдгээр мод огтолсон этгээдүүдийг олж гэсгээж чаддаг бол энд лав нэлээд хэдэн сая төгрөгийн торгууль гарахаар болжээ.

Нойтон мод огтлогчид гэхдээ зөвхөн замын хоёр хажуу талын мөнх ногоон нарс моддыг огтолсон харагдана. Ойн гүн рүүгээ бол үгүй. Бодвол унагасан модоо ачих, зөөхөд нь бэрхшээлтэй байсан тул ойрхноос амарчлан огтолсон бололтой юм. Олон нарс унагаах үед хөлд нь хэлмэгдсэн бололтой хус, хар мод ч хөсөр хэвтэж харагдлаа.

Хожуулаас нь ажвал хууль бусаар мод огтлогчдийн огтолсон нарс нь дандаа 30-40 орчим насны залуухан тэгш модод байсан бололтой. Тэр олон жил ургасан, ойролцоогоор 20-30 метр өндөртэй модыг ингэж олноор нь огтолж байхад Ерөнхий сайдаасаа эхлээд л тарьж гүйгээд байгаа бидний хоёр жил ургасан нарсны тарьц гэхэд ердөө л төө хэртэй юм байдаг шүү дээ гэж бодохоор…

Тэнд зусч буй хүмүүсийн ярьснаар бол энд байсхийгээд ГАЗ- 53 маркийн нэгэн автомашин ирж хонож өнжин гиод унагааж ачаалаад явдаг гэнэ. Басхүү ЗИЛ-130 маркийн бусад автомашин ч гэсэн гэгээн цагаан өдрөөр цувдаг юм байх. Харин тэр хавийн амыг харж хамгаалах ёстой оин цагдаагиин алдар тэндхийн иргэд Юун харж хамгаалахдаа манатай хөөрхий. Авгай нь салаад Архангай явчихсан, өөрөө байнга уудаг гэх мэтчилэнгээр ярьж байлаа. Ер нь энэ мэтчилэнгээр тэр хавийн ойн модыг огтлох явдал их ажээ. Зусландаа буусан айлууд ч ийм номерын автомашинтай тиим хүмүүс гэж ч хэлж, нэрлэж чадах юм билээ. Уг газрыг зохих газрууд нь нэн даруй анхааралдаа авахгүй бол хууль бусаар мод огтлогчид 30-40 орчим насны нарсыг цаашид ч унагасаар байх болно. Чингэвэл нэг л мэдэхэд нийслэлийн ногоон бүс гэж ярих нь инээдтэй болж магадгүйд нь.

С.СОДБААТАР
(өдрийн сонин 2005-06-29 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button